УИХ: У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Засгийн газрын тухай хуульд нийтдээ 69 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан аж.  Хэлэлцэж буй төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Засгийн газрын тухай хууль хэр зэрэг алдаагаа засч, судалгаанд үндэслэсэн өөрчлөлт вэ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тухай хууль батлагдаад 27 жил болж байгаа, 69 удаа өөрчлөлт оруулж байжээ. Бодит судалгаанаас харахад бидний хөгжил хол хоцорсон байна. Ер нь цаашид бид Засгийн газрын тухай хуулийг судалж, нягталж хийх байсан болов уу”.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндсэн хуулийг өөрчлөх нэг шалтгаан гүйцэтгэх засаглалыг сайжруулж,  эрх мэдлийг нь нэмэгдүүлэх агуулгаар баталсан. Сүүлийн 28 жилийн хугацаанд хоёр л Засгийн газар бүрэн ажиллаж бусад нь огцорсон нь төрийн тогтворгүй байдал руу явуулсан. УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарласан, төсөв санхүүд дураараа оролцохыг багасгасан зэрэг өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ мэт Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг бодолцож, Засгийн газар хуулиа боловсруулж оруулж ирсэн”.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах хугацаа нь өөрөө хуулийн зөрчил болно. Үндсэн хуулийн байгууламж, найман зүйлээр үйл ажиллагааг нь тодорхой заачихсан байгууллага. Энэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу мөрдөх эрхтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журам нь Үндсэн хуулийн хэмжээний үндсэн бичиг баримт биш. Хуулийн маргаан үүснэ гэдгийг удаа дараа хэлж байна. Сонгууль дөхлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцор гээгүй, хуулийн маргаан үүснэ гэж сөрөг хүчин сануулж байгаа юм. Би хуулийн үйлчлэлийг тавдугаар сарын 25-ны өдөр зарчмын санал тусгуулахад он сарын  нь аваад хаячихсан байна. Тиймээс У.Хүрэлсүх сайд тавдугаар сарын 25-ны өдөр бүтцээ өөрчлөх захирамж гаргах Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй хүн шүү гэдгийг хэлмээр байна”.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журамд шинэ хууль баталсан цагаас эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн үйлчлэлийг шинэ УИХ бүрдсэний дараа, шинэ Засгийн газар бүрдэх үеэс хэрэгжиж эхэлнэ. Хууль зөрчсөн зүйл байхгүй”.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хуулийн төслийн 21 дүгээр зүйл дээр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг зохицуулсан байгаа. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорно гэсэн заалт бий. Тэгвэл Ерөнхий сайд чөлөөлөгдвөл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр чөлөөлөгдөх үү. Бүрэлдэхүүн нь хэвээр үлдэж, бүрэн эрхээ дуусгавар болгох уу. Мөн Ерөнхий сайд тодорхой үндэслэлүүдээр чөлөөлөгдсөн, бүрэн эрх нь дуусгавар болсон үед шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Шадар сайд түр үүргийг орлоно гэж заасан. Тэгэхээр огцорвол хэн хариуцах вэ, чөлөөлөгдвөл хэн байх вэ гэдгийг нь тодорхой болгож, нэмэх нь зөв болов уу”.

Ажлын хэсэг “Засгийн газраас өргөн барьсан тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, дуусгавар болно гэж байгаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрын гишүүн нь дахин томилогдох зохицуулалтыг нэмж, дэмжигдсэн байгаа” гэлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ