УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цөлжилтийн асуудлыг хөндөв

2020-05-08

“Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичгийг олон эрдэмтэн судлаач, тодорхой цаг хүч зарцуулан, оюун ухаанаа уралдуулж боловсруулсан. Энэхүү баримт бичигт манай улсын хөгжлийн урт хугацааны зорилтуудыг бүрэн дүүрэн тусгаж чаджээ. Баримт бичгийн зургадугаар зүйл буюу ногоон хөгжил гэсэн бүлэгт хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх, эвдрэлд орсон, бохирдсон газрыг нөхөн сэргээж аж ахуйн эргэлтэд оруулах талаар тусгасан байна. Энэ чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээг ч мөн тусгажээ.

Тухайлбал, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлэх юм байна. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд 10, “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлээд 15 жил болж байгаа. Энэ хугацаанд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. БОАЖЯ-ны мэдээллээс харахад 2010 онд газрын доройтол, цөлжилт 77.8 хувь байсан бол 2015 онд 76.8 хувь болж нэгхэн хувиар буурсан байна.  2019 оны Үндсэн чиглэлд цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар тусгасан ч огт хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ байдлаараа 2050 он гэхэд цөлжилт, газрын доройтол буурахгүй, үр дүнд хүрэхгүй юм биш биз дээ. Хамгийн гол нь эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой механизмыг хэрэглэж, үр дүнд хүргэх шаардлагатай байна. Иймд “Алсын хараа-2050” хөтөлбөрт тусгасан эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар механизмыг тусгасан, хэрхэн үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн асуултад БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган дараахь хариултыг өгөв.

Цөлжилтийн үнэлгээг улсын хэмжээнд таван жил тутам хийдэг. Хамгийн сүүлд 2015 онд үнэлгээ хийхэд нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн бол үүний 22.9 хувь нь нэн хүчтэй доройтож, цөлжсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Газрын доройтлын 49 хувь нь хүний үйл ажиллагаа, 51 хувь нь байгалийн хүчин зүйлээс хамааралтай байна. Хүний хүчин зүйлээс хамааралтайгаар цөлжиж буйн гол шалтгаан нь уул уурхайн үйл ажиллагаа, бэлчээр ашиглалт, даац хэтрэлт, хот орчмын газрын хөрсний элэгдэл гэсэн үйл явц юм. Иймд доройтож, цөлжсөн газруудаа шат дараатай нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх зорилгыг бодлогын томоохон баримт бичгүүдэд тодорхой тусгаж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг багасгах, сэргийлэх зорилгоор улсын төсөвт 1.3 тэрбум төгрөгт суулгасан. Энэ хүрээнд элсний нүүдлийг механик аргаар хаах, нөхөн сэргээлт хийх, ойн зурвас байгуулах, Баянбүрдүүдийг сэргээж, дэмжих зэрэг тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Үүнийг цаашид үргэлжлүүлж, илүү олон нийт, орон нутгийн оролцоотой хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ