• Сонгууль-2020:Говь-Алтайд МАН-аас Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар нэр дэвшинэ

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Говь-Алтай аймаг өмнөх сонгуулиар ганц мандаттай байсан бол энэ удаа дахин хоёр мандаттай болоод байгаа. Өмнөх долоон удаагийн сонгуулиар Говь-Алтайд МАН ялж ирсэн түүхтэй. Харин энэ 2020 оны сонгуулиар МАН-ынхан дахин сонгогдох эсэх нь эргэлзээтэй болоод байгаа.

    Эрх баригч намын хувьд МАН энэ удаа тойрог, мандатыг зурахдаа нийслэлээс 4 мандат хасч нэг мандат  4 аймагт нэмсэний нэг нь Говь-Алтай аймаг. Энэхүү нэг мандат нэмсэн нь МАН-ын генсек Д.Амарбаясгаланд зориулсан хэмээн сөрдөг бүх хүчнийхэн ярьж байсан ч тэр нь худлаа болсон. Тэрбээр намынхаа сонгуулийн удирдаж ажиллахаар болжээ.

    Алтайнхан энэ хугацаанд П.Жасрай агсаныг хоёр удаа УИХ-д илгээж улмаар тэрбээр Ерөнхий сайдын алба хашиж байсан түүх бий. Мөн А.Базархүү, Ц.Дашдорж агсанууд, Т.Очирхүү, Ж.Энхбаяр гээд сайдын алба хашиж явсан хүмүүсийг ч сонгож ирсэн.

    Энэ удаагийн сонгуульд ч МАН дахин ялах магадлал саяхныг хүртэл тун өндөр байсан. Гэвч Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнд өргөн зугаалга болж архи ууснаас тус аймгийн нэгэн газрын дарга бүсгүй нас барсан хэрэг гарсан нь байдлыг хэцүүдүүлсэн.

    Ингэснээр МАН-ын нэр хүнд тус аймагт өмнө нь байгаагүйгээр унасан.  Гэхдээ ямар ч байсан МАН-аас сайн, муугаар танигдсан улстөрчид нь явна. УИХ-ын сонгуулийн хоёр мандатад  энэ удаа Ш.Раднаасэд, УИХ, ЗГ-ын гишүүн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар нэр дэвшихээр болоод байгаа аж.

    УИХ-д Говь-Алтай аймгийг төлөөлж суугаа Ш.Раднаасэдийн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад гар хүрсэн гэж шүүмжлэл хүлээж байлаа. Мөн Мэргэжлийн хяналтын “оймсддог” нөхрийн ард байдаг гэгдэх болсон.

    Харин Б.Энх-Амгалангийн тухайд Говь-Алтайд Байдрагийн гүүрийг тавиулсан зэрэг хийсэн ажилтай очно. Түүнийг Дарханы замын асуудлаар нэлээд ороох байх. Ер нь ч нэр хүнд нь Дарханы замын тоосон дунд замхарч байгаа тул хэл амнаас холдож, Говь-Алтайг бараадаж байгаа.

    Харин АН-аас аймгийн  Засаг дарга асан О.Амгаланбаатар,  Ц.Оюундарь, Л.Болормаа нарын нэр яригдаж байгаа.

    АН-ын генсек асан Ц.Оюундарийн тухайд төрсөн нутагтаа нэр дэвших хүсэлтэй ч өмнөх сонгуульд нэр дэвшээгүй. Энэ удаа хэрхэх нь сонирхолтой.

    О.Амгаланбаатарын тухайд өмнөх сонгуульд нэр дэвшээд ялагдсан учир энэ удаа хариугаа авна гэж буй. Л.Болормаа нь ҮБХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн аж.

    МАХН-аас А.Бүргэдаа нар дахин нэр дэвших болов уу гэлцэнэ.

    Говь -Алтай аймагт өөр хэн нэр дэвшиж болох вэ? Бүр байчихаад Бѳхийн Холбооны тэргүүн асан Р.Нямдорж, Гачуурт компанийн үүсгэн байгуулагч Л.Чинбат нарын нэр ч дээгүүр яригдаж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ