Д.Чинзориг:Байгаль эх бидэнгүй амьдарч чадна,харин бид байгаль эхгүй амьдарч чадахгүй

2020-05-08

“Хобби” буландаа “Зайсан Мото” клубын үүсгэн байгуулагч Д.Чинзоригийг урилаа.


Байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд манлайлан оролцдог залуусын нэг, “Зайсан Мото” клубын үүсгэн байгуулагч Д.Чинзоригтой ярилцлаа. Тэдний хувьд хамгийн сүүлд Богд уулын Арцатын аманд гарсан гал түймрийг унтраахад өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсоны дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Туул голын орчмыг хогноос нь салгажээ. Тэд тав дахь жилдээ Туул гол орчмын хог хаягдлыг  цэвэрлэж байна.

-Таны хувьд мото клуб бол хобби гэж ойлгож байна. Ямар мэргэжилтэй,анх яагаад мото спортыг сонирхож эхэлсэн, клубээ үүсгэн байгуулах санаа хэзээ төрсөн  зэргээсээ хуваалцаач?

-Намайг Дэлгэрсуурь овогтой Чинзориг гэдэг. Ер нь хүүхэд байхаасаа л скит,роллик,дугуй,мопед,мотоциклтой зууралдаж ирсэн. Уг нь бол их эмч,эм зүйч мэргэжилтэй. Улмаар 2016 онд сонирхол нэгт нөхдийн хамт “Зайсан Мото” клубыг үүсгэн байгуулж,клубынхээ залуучуудтай хамт уралдаан тэмцээн, аялалуудыг зохион байгуулж байна.

Бидний хувьд зөвхөн уралдаан тэмцээн гэхээсээ илүү  бартаа саад туулах чадвар бүхий унаагаа ашиглан байгаль эхээ хайрлах хамгаалах иргэний үүргээ биелүүлэхийг хичээдэг.

-Хүмүүс мото клубууд яг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар тэр болгон мэддэггүй. Танай клубын хувьд хэдэн гишүүнтэй вэ,үүсгэн байгуулагдсанаасаа хойш голдуу ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Мото клуб, авто клубууд бүгд л өөр өөрийн гэсэн зорилго, төрөл, үйл ажиллагаатай байдаг. Манай клуб тодорхой хэмжээний шалгуур хангасан цөөхөн гишүүдтэй бөгөөд Baja150, Baja250, ATV UTV Championship, Gobi Rally, ATV UTV Forum, Zerleg 4×4 тэмцээнүүдэд амжилттай оролцож, ОХУ, Беларус, Украйны бүхий л том хотуудаар дайран мото аялал хийсэн. Мөн Москва, Екатеринбург, Иркутск хотуудын мото наадмуудад амжилттай оролцсон.

Манай клубын хувьд ихэвчлэн байгаль орчин,нийгэм,цаашлаад гадаадад эх орноо сурталчлах талыг гол чиглэлээ болгон ажилладаг гэж хэлж болно.

Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Дархан цаазат газрууд, Онцгой Байдлийн Ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн алба, “Өнөр Бүл” асрамжийн төв гэх мэт олон газруудтай хамтран ажиллаж хэд хэдэн нийгэм рүү чиглэсэн аяныг амжилттай өрнүүлсэн.Тээврийн Цагдаагийн албатай гэхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр,харин Дархан цаазат газруудтай хамтран нэн ховордож буй амьтдаа хамгаалах, ой хээрийн түймэртэй тэмцэх, голын сав газар болон байгаль дах хогийг цэвэрлэх ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн “Өнөр Бүл” асрамжийн төвтэй хамтран амьдралын боломж доогуур хүүхэд хөгшиддөө сэтгэлийн гараа сунгасан. Гаднаас ирж буй сонирхол нэгт мотоциклтой аялагчдад болон гадны улс орнуудад эх орноо сурталчлан таниулах тал дээр түлхүү анхааран ажилладаг байгаа.

-Таны мото клубын хувьд хоёр дугуйт мотоциклоос илүүтэйгээр дөрвөн дугуйтаар уралдаж,аялдаг юм шиг харагдсан.

-Манай клубын хувьд голдуу дөрвөн дугуйт мото байдаг боловч гурван дугуйт, хоёр дугуйт гээд бүгд л байдаг. Ямар нэг ангилал төрөл заагаагүй хүссэнээ л авах санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гишүүд байдаг тул өөрийн амьдралаас гадна боломж тааруу иргэдээ болон байгаль эхдээ аль болох өөрсдийн чадахаар тус дэмээ хүргэхийг хичээдэг.

-Туул голын эрэг орчмыг цэвэрлэх ажлыг тав дахь жилдээ зохион байгуулж байна гэсэн. Анх энэ санаачлагыг яагаад эхлүүлэх болсон бэ?

-Анх 2013 онд Дөрвөн дугуйт мотон дээр мордон голын эргээр аялаж явахдаа хаа саагүй хог байхыг олж хараад түүж эхэлсэн. Тэрнээс хойш клубын нөхөдтэйгээ хамт тавдах жилдээ цэвэрлэж байна. Хэн нэгнээр хэлүүлэлгүй хийх бидний үүрэг гэж ойлгодог. Click To Tweet

-Мөн Арцатын аманд гарсан гал түймрийг унтраахад өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байсан. Түймэр гарсныг хэзээ мэдсэн бэ?

– Биднээс гадна Mongolian ATV, Mongolian Choppers, Chinggis MC, One-Life Auto Moto Club, Pajero Mongolia, Land Cruiser, Jeep Mongolia зэрэг олон авто мото клубын залуус маань байгаль эхийхээ төлөө түймэртэй идэвхитэй тэмцдэг. Цонхоор хартал ууланд гал гарч байгааг хараад л гэрээсээ шууд гарсан. Авто мото клубын залуус маань ихэнхи нь хоорондоо фэйсбүүкээр найзууд тул нэгнийхээ лайв постыг хараад нэгддэг. Авто клуб,төрийн байгууллагууд,мөн сайн дурын иргэд гээд хамтын хүчээр бид гал түймрийг унтрааж чадсан.

-Сайн дурын үйл ажиллагаа,тэр дундаа байгаль орчныг хамгаалах үйлд идэвхитэй оролцогчийн хувьд залуучууддаа юу гэж уриалах вэ?

-Байгаль эх бидэнгүй амьдарч чадна. Бид байгаль эхгүй амьдарч чадахгүй шүү л гэж анхааруулж хэлмээр байна даа.

-Танай клубт элсэхэд ямар нэгэн болзол шалгуур бий юу?

-Манай клубд орох хүсэлтэй 400 гаран хүсэлт ирсэн байгаа. Бид багахан хэмжээний шалгуурын дараа элсүүлэн авдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ