• УБТЗ-ын Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэр арматур төмрийн нөөцгүй болжээ

    2020-05-07

    Байгал орчныг хамгаалах, мод бэлтгэлийг багасгах үүднээс төмөр замын модон дэрийг бетон дэрээр солих зорилгоор УБТЗ-ын Хөтөлийн бетон дэрний үйлдвэрийг 1997 онд ашиглалтад оруулсан байдаг.

    Энэ жил тус үйлдвэр 154 мянга гаруй бетон дэр үйлдвэрлэхээр төлөвлөсөн ч арматурын нөөц байхгүйгээс зарим үйлдвэрлэх бүтээгдэхүүний төлөвлөгөө тасархад хүрээд байгаа аж.

    Тухайлбал, гүүр хоолойн хийцийн арматурын захиалгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өгсөн ч өнөөг хүртэл нийлүүлээгүй байгаа юм байна.

    УБТЗ-ын Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх 1114 км гол төмөр замыг нийтээр нь бетон дэртэй болгосноор төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, дэрний ашиглалтын хугацаа нь уртассанаар УБТЗ төдийгүй улс орны эдийн засагт асар их үр нөлөө үзүүлэх юм.

    Мөн тус үйлдвэр нь бетон дэрнээс гадна төмөр замын хажуугийн тор татдаг бетонон шон, үер усны бетонон гүүр хоолой, явган замын хавтан, авто замын хашлага гэхт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

    Өнгөрсөн сарын 24-ний байдлаар 35160 бетон дэр үйлдвэрлэж, Салхитын үе угсрах бааз болон Тавантолгой-Зүүнбаянгийн шинэ төмөр замын бүтээн байгуулалт руу АРС бэхэлгээтэй 27776 бетон дэр ачуулжээ. Мөн CZ бэхэлгээтэй 13168 бетон дэрийг үйлдвэрлэн өмнөх оны үлдэгдэлтэй хамт 14851 дэрийг Замын ангиудын урсгал засварт нийлүүлсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ