• Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцээн боловсруулах, уялдааг хангуулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу гүйцээн боловсруулсан 4, төслийн зүйл, хэсэг, заалтын уялдааг хангахтай холбоотой 4 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсан болно. Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсэгт хандан бичгээр санал ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авлаа. Хууль тогтоох, хянан шалгах,   төсөв батлах, ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх парламентат ёсыг боловсронгуй болгох зохицуулалтыг хийсэн болохыг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх механизмийг сайжруулах, чангатгах чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг тусгасан талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Ингээд зармын зөрүүтэй 10 саналын томёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-т заасны дагуу гүйцээн боловсруулсан  дараах 4 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэснийг “Монгол Улсын Их Хурал нь тамга, тэмдэг, бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал батална.” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийн “Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно.” гэснийг “Улсын Их Хурлын бэлгэ тэмдэг, оноосон нэртэй адил утга, агуулгатай бэлгэ тэмдэг, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.” гэж өөрчлөхийг гишүүдийн 74 хувь нь дэмжсэн. Төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ.” гэснийг “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ.” гэж, мөн зүйлийн 5.6 дахь хэсгийн ““Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг” гэснийг “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн зүйлийн 5.5 дахь хэсгийн “мэдээлэхдээ” гэсний дараа “Улсын Их Хурлын цахим хуудсанд болон” гэж нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 нь дэмжлээ. Төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “Хүн ам зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн” гэснийг “Нийгмийн бодлогын” гэж тус тус өөрчлөхийг гишүүд 74 хувийн саналаар дэмжсэн. Дараа нь найруулгын саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

    Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 буюу 74 хувийн саналаар дэмжсэн. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолуудыг гишүүдийн олонх дэмжин баталлаа.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

    Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 33, дэмжээгүй 2 зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон найруулгын 5 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг “13.1.2.гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах;” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг “Гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ.” хэмээн өөрчлөхийг, төслийн 13 дугаар зүйлд “13.5.Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, тухайн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй.” гэсэн агуулгатай хэсэг нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхийг дэмжсэн юм. Төслийн 13 дугаар зүйлийн 13.18 дахь хэсэг, төслийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг хасах, төслийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсгийг тус тус хасахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 100 дугаар зүйлд “100.7.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг баталсантай холбогдуулан шаардлагатай бол уг тогтоолд нийцүүлэн зохих хууль, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг мөн дэмжсэн юм.

    Ийнхүү үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ