• М.Энхсайханы “Хорлон сүйтгэх” хэргийг тусгаарлаж, бусад хэрэгт гэм буруутай гэж үзлээ

    Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал гуравдахь өдрөө үргэлжилж шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүлээ.

    Ингээд М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 22.2 болгон нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

    Мөн Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 14809900 төгрөгийн зардал гарсаныг М.Энхсайханаас гаргуулах шийдвэр гаргалаа. М.Энхсайханы өмгөөлөгч нар энэ гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж шүүхэд ханджээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн байна.

    Эрүүгийн хуулийн 22.2-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

    Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тусгаарлан прокурорт буцаажээ. Тодруулбал хорлон сүйтгэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодруулах шаардлагатай, Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ хэрэгт яаж дэмжлэг үзүүлсэн, Н.Энхсайхан гэдэг хүн яаж гүйцэтгэсэн, оролцсон талаар нарийн шалгах шаардлагатай гэж үзэж тусгаарлаад, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байна. Өөрөөр хэлбэл нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийж ирүүлээгүй байна гэж үзлээ.

    Одоо Эрүүгийн хариуцлагатай холбоотой шүүх хуралдаан үргэлжилнэ. Үүнээс өмнө хохирол төлбөртэй холбоотой асуудлаар шүүгдэгч М.Энхсайхан өмгөөлөгчидтэйгээ зөвлөлдөж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ