Т.Бадралыг БНХАУ-д, Н.Эрдэнтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

2020-05-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж  байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж Элчин сайдаар ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Бадралыг, БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна.

Гишүүд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохтой холбоотой асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Элчин сайд нарыг томилохыг дэмжиж байна. Т.Бадрал генералыг БНХАУ-д Элчин сайдаар томилох нь Монгол төрийн хийж буй зөв зүйтэй шийдвэр болно. БНСУ-д томилохоор дэмжигдээд буй Н.Эрдэнэтуяа бол чадварлаг мэргэжилтэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бидний нэг алдаа, дутагдал байна. Намар, хаврын чуулган дуусах үед л баахан томилгоо оруулж ирэх юм. Гишүүд дуртай ч гэж жигтэйхэн. Хэдэн албан тушаалтныг чуулган завсарлахаас өмнө оруулж ирдэг. Гарцаагүй чухал хууль хэлэлцэх ёстой байтал баахан томилгоо яриад дуусдаг. Албан тушаалтан томилох болохоор бүгд шавчихдаг. Хужирсан мал шиг.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн Элчин сайд нарыг томилох асуудлын тухайд олон улсын нөхцөл байдал шинэ коронавирусын халдвартай холбоотой амаргүй байна. Б.Ганхуягийг БНСУ-д суух Элчин сайдаас эгүүлэн татаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдлаас хамаараад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяг томилох нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр нэр яригдаж буй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчид. Ямар нэг улс төрийн санал санаачилгаар ороогүй гэдгийг дахин хэлье.

Элчин сайдад нэр дэвшигчдийн танилцуулга.

Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй.

Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Харин  Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.

1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Ингээд Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 47 гишүүний 46 нь дэмжиж, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг чуулганы хуралдаанд оролцож буй 47 гишүүний 46 нь дэмжлээ.

Саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтов. Чуулганаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ