• У.Хүрэлсүх:Шийдвэрийг хүн болгонд таалагдах гэж биш зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө гаргана

    2020-05-07

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ”-ний  дадлага сургуулилтын явцтай өөрийн биеэр танилцаж,нийт алба хаагчиддаа талархал илэрхийлэн,нийт ард иргэддээ мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж,зөвлөгөөг даган,эх орноо халдвараас сэргийлэхэд хувь нэмрээ оруулах Ерөнхий сайдын хувиар уриаллаа.

    У.Хүрэлсүх,

    Коронавирусын эсрэг вакцин гарах хүртэл бэлэн байдлаа хангаж,урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч,улсынхаа хэмжээнд онцгой дэглэмийг сахиулахаас өөр аргагүй.

    Улсын онцгой комисс,Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр хүн болгонд таалагдахгүй гэдгийг мэдэж байгаа.

    Шийдвэрийг хүн болгонд таалагдах гэж биш нийтийн эрх ашгийн төлөө гаргаж,хэрэгжүүлэхийн төлөө алба хаагчид шаардлага тавин ажиллах ёстой.

    Шаардлагатай гэвэл өөрийн эрхийн хүрээнд хуулийн хариуцлагыг авахаас өөр аргагүй. Өнөөдөр өвчлөл улс орон дотроос маань илрээгүй байна. Гэхдээ гаднаас авч ирсэн иргэд дотроос маань 41 тохиолдол гарсан. Та бүхний хичээл зүтгэлээр бид тэдгээр тохиолдлыг нийгэмд алдчихаагүй,хянаж чадаж байна. Гэхдээ өвчин хэзээ ч тархах боломжтой аюул,заналд амьдарч байгаа гэдгээ мартаж болохгүй. Тийм учраас бидний хариуцлага өндөр байх ёстой. Эрсдэл үүсэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах,ямар арга барил тактик сонгох,цагийн байдлыг зөв тооцоолж арга хэмжээ авахад энэ дадлага сургуулилт чиглэгдэж байгаа.

    Засгийн газар ард иргэдийн амжиргааг дэмжих,эдийн засгаа сэргээх чиглэлээр нэг,хоёрдугаар шатны багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

    Коронавирусын цар тахлаас үүдэж буй эдийн засаг,нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж,иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхийн төлөө цаашид ч гэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

    Иргэд бүр хувийн ариун цэврийн сайтар сахиж,амны хаалтаа тогтмол зүүж,мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг даган мөрдөж,эх орноо аюулт халдвараас хамгаалах үйлсэд хүн бүр хүчин чармайлт гаргахыг улсын Ерөнхий сайдын хувьд уриалж байна.

    Эх орноо коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй бүх төрийн албан хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэе. Онцгой байдал,мэргэжлийн хяналт,цагдаа,хилийн цэрэг,энэ ажлыг удирдан зохион байгуулахад оролцож бүх шатны төрийн алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлэе. Та бүхний баатарлаг үйлсэд Монголын ард түмэн гүнээ хүндэтгэж,талархан дэмжиж байгааг дамжуулан хэлье.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ