Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг томилохыг дэмжлээ

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг оронд нь томилсон. Түүнээс хойш нэг дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан.

Энэ удаа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг томилохоор боллоо. Г.Дөлгөөн нь Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын хүү юм. Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар түүнийг томилуулах саналаа Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оруулж ирлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Чухал албан тушаал. Г.Дөлгөөнийг зөв боловсон хүчин гэж харж байна. Энэ салбарт олон жил ажиллаж байна. Төрийн болон Хөгжлийн банкинд ажиллаж өсч байгаагаа харуулж байгаа боловсон хүчин. Амаргүй үед энэ албан тушаал дээр очиж байна. Банкны шинэчлэл хийх тал дээр уриалж, манлайлж оролцохыг уриалж байна. Ул төрөөс хараат бус ажиллах зайлшгүй шаардлагатай салбар. Тиймээс Г.Дөлгөөнийг дэмжинэ. Амжилт хүсье” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Банк гэдэг бол хамгийн чухал обьект. Мэргэжлийн мэргэшсэн хүн очиж байгаад талархаж дэмжиж байгаагаа илэрхийлье. Ажилд нь амжилт хүсье” гэв.

УИХ-ын гишүүн Б. Баттөмөр “Залуу хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Энэ албан тушаалд ажиллах хугацаандаа дадлага туршлага олж авах байх аа. Банкны системд сайн ажиллаж байгаа. Маш их ажил байгаа шүү” гэлээ.

Монгол Банкны ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн  72,7 хувийн саналаар дэмжигдлээ.

Г.Дөлгөөний хувьд Төрийн банкны гүйцэтгэх захирлаар 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр томилогдсон.  Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан нэгэн.

Мөн  Дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилохыг Эдийн засгийн байнгын хороогоор дэмжлээ. Тэрбээр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ