• У.Хүрэлсүх:Сэтгүүлчид маань “Би сэтгүүлч” гээд бүх юм руу дайраад байж болохгүй

    2020-05-06

    Засгийн газраас гаргасан ирэх зургаан сарын турш 0-18 насны хүүхэд бүрт сард 100 мянган төгрөг олгохоор болсон талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн.

    Шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

    -ТЕГ-ын даргын хүүгийн уул уурхайн компани ой модыг ихээр сүйтгэсэн талаар сэтгүүлчид мэдээлж,танд энэ талаар албан шаардлагыг хүргүүлсэн. Энэ ямар шатандаа явж байгаа вэ? Мөн Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед цагдаагийн хурандаа халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас халдаагүй гэж дүгнэсэн. Хэвлэлийн эрх чөлөөнд ингэж халдаж байгаад та ямар байр суурьтай байна вэ?

    -Мэдээж хууль бус үйл ажиллагаа явуулсан бол хариуцлагаа хүлээх ёстой. Та бүхний тавьсан шаардлагын дагуу холбогдох байгууллагууд шалгаж,дүгнэлтээ гаргасан. Хэвлэл,мэдээллийн хэрэгслийн ажилчид,сэтгүүлчидтэй харьцах асуудал дээр хууль хүчний байгууллагынханд анхааруулж хэлж байгаа. Сэтгүүлчдийн эрхийг зөрчиж болохгүй. Нөгөө талаар сэтгүүлч хүн хариуцлагатай байх ёстой. Би сэтгүүлч гэсэн нэрийн дор,бусад руу дайрч, хэл амаар доромжилж болохгүй. Одоо бол бидэнд нэг чухал зүйл хэрэгтэй байна.

    Сэтгүүлч хүний ёс зүй гэдэг зүйл. Сэтгүүлчид маань өөрсдөө ёс зүйтэй байгаарай. Би сэтгүүлч гээд бүх юм руу дайраад,хууль тогтоомжийг зөрчиж болохгүй. Ийм сэтгүүлч цөөхөн байдаг юм шиг байгаа юм. Тийм учраас төрийн хууль дүрэм зөрчсөн,төрийн алба хаагчийг янз бүрээр дайрсан доромжилсон хэн ч бай,сэтгүүлч ч гэсэн байсан хариуцлага хүлээх хэрэгтэй.

    Энэтэй адил хуулийн байгууллагынхан сэтгүүлчийг доромжилсон,биед нь халдсан бол тэр нөхдүүдтэй адилхан хариуцлага тооцно.

    Хаа хаанаа хариуцлагатай,сахилга баттай байцгаая.

    -Хуульчид Засгийн газар чадамжгүй болно гэж байна. Энэ тал дээр албан ёсны тайлбар өгнө үү?

    -Сонгууль дөхчихсөн учраас зарим хүмүүс улстөржүүлээд байна. Засгийн газрын тухай хууль өргөн баригдчихсан явж байгаа. Сонгууль болохын өмнө Засгийн газраа солиод ч яах юм билээ. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг Засгийн газар дагах ёстой гэж үзэж байна.

    -Өргөн хэрэглээний барааны үнэ буурах боломж байгаа юу,тэр талаар судалгаа хийгдсэн үү,энэ талаар төрөөс зохицуулалт хийх боломж бий юу?

    -Засгийн газраас бүх юмны үнийг хатуу барьж чадахгүй. Эрэлт,хэрэгцээгээрээ эл нийлүүлэгдэнэ.Цагийн байдлаас шалтгаалж янз янзын шийдвэр гаргаж байгаа. Засгийн газраас гаргаж байгаа,хотоос гаргаж байгаа,УОК-оос гаргаж байгаа шийдвэр хүн болгонд таалагдахгүй байж магадгүй.

    Хүн болгонд таалагдах гэж шийдвэр гаргахгүй. Нийтийн эрх ашгийн төлөө л шийдвэр гаргана.

    Тиймээс бүх шатны албан тушаалтнуудад шийдвэрээ гаргахаасаа өмнө сайн бод,нэг гаргасан бол тэрийгээ хэрэгжүүлж гэсэн нэг л зүйл хэлж байгаа. Диско,бааруудыг нээсэн шийдвэр буруу байсан учраас тэрийгээ цуцласан байна. Гэхдээ дахин дахин ийм алдаа гаргаж болохгүй. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж үг бий. Нэгдүгээрт,хүмүүсийн эрүүл мэнд,хоёрдугаарт,эдийн засгаа бодож байна. Өнөөдрийн асуудал бол эдийн засагтай холбоотой асуудлуудыг танилцууллаа.

    -Нэгэнт зогсчихсон бизнесүүд найм,есдүгээр сард улам хүндрэх эдийн засгийн тооцооллууд гарч байна. Бизнесүүдийг цаашид яаж сэргээх вэ?

    -Бизнес ганцхан Монголд биш дэлхий нийтээрээ хүндэрч байна. Хөрөнгөтэй,чадалтай улсууд бол янз бүрийн мөнгө гаргаад амьдралаа зохицуулаад явж байна. Бидний байгаа боломж маань энэ байгаа.

    Засагт байгаа бүх боломжийнхоо хэрээр иргэдийнхээ ахуй амьдралд тусалж байгаа маань энэ.

    Дараа,дараагийн арга хэмжээг,төлөвлөж,судалж байна. Тэрнээс биш бүх бизнесүүдийг Засгийн газар өөд нь татаад,бүх хүмүүст мөнгө өгөөд,бүх ААН-үүдийг тордоод явж чадахгүй. Дэлхийн хэмжээнд материаллаг баялаг үйлдвэрлэж байгаа ажилчдын 81 хувь нь хөл хорионд орсон байна. Үүнээс болоод бизнес зогсож байна. Ноолуурын хувьд ч Франц,Итали,Испани,Хятад улсуудад үйлдвэрүүд зогссон учраас дэлхийн зах зээл дээр үнэ нь буурч байна. Дэлхий нийтээрээ хүмүүс юм худалдаж авахгүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ