• Залуучууд бүгдээрээ намдаа мөнгө төлж нэр дэвших үү?

    2020-05-06

    “Намын санхүүжилт ба нэр дэвшигчдийн босго” сэдвийн хүрээнд  зарим улс төрийн намаас болон бие даан нэр дэвшигчид хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр залуучуудын илэрхийлсэн байр суурийг хүргэе.

    МАН-ын гишүүн Б.Энхбаяр:Мөнгийг бүх зүйл гэж харвал аль ч нам явахгүй

    • Нэр дэвших эсэхээ би мэдэхгүй. Гэхдээ надад  хүсэл эрмэлзэл бий. Намын даргын байр суурийг харахад, хандив авахгүй. Мэдлэг, ёс зүй, туршлагыг харна гэж үзэж байна. Тэр шалгуурт  өөрийгөө нийцнэж гэж  өөрийгөө үзэж байгаа.
    • Би МАН-ын Бага хурлын гишүүн. Бага хурлын гишүүд улиралд 300, сард 100 мянган төгрөгийн хураамж төлдөг. Жишээлбэл,  миний бие 2019 онд  нэг сая 200 мянган төгрөгийн хураамж төлсөн. Энэ мөнгийг намын аппаратын урсгал зардал болон Бага хурлын гишүүдийн төлөөлж буй тойргийн үйл ажиллагаанд зарцууллдаг. Үүнийгээ эргээд бидэнд нарийн тайлагнадаг.
    • Мөнгийг бүх зүйл гэж харвал аль  ч нам явахгүй. Олон зуун мянган гишүүн байна. Гишүүдийн дэмжлэггүй бол мянга сэтэр зүүгээд хэн ч биш болно. Гэтэл  АН-ын дарга буруу жишиг,хаалт тогтоож байна. Тэд ялсан ч цааш явахгүй.
    • АН нэр дэвшигчдээсээ 100 саяыг хурааж байгаа нь хууль зөрчсөн эсэх тухайд  маргаангүй, хуулийн  зөрчил.  Улстөрийн намуудын тухай  хуулиар жилдээ иргэн нэг сая, хуулийн этгээд  таван сая төгрөгийн татвар авна гэж заасан байдаг. Харин Сонгуулийн тухай хуульд   сонгуулийн үеэр нэр дэвшихдээ иргэнэээс таван сая, хуулийн этгээдээс 20 сая төгрөгийг нэг удаа авч болно гэж заасан. Иймээс АН-ын дэнчин нь Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуулийг  зөрчиж байгаа.  Ингэх хуулиар хэмжээ  зааж байгаа нь энэ хугацаанаас өмнө хандив авч болохгүй гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.
    • Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахыг завдсан намыг татан буулгана гэж  Улс төрийн намын тухай хуульд заасан байдаг.
    • 1996 онд МАН- элсэж байсан. Нэр дэвшиж байгаагүй учир хэдэн төгрөг төлж, дэвшдэгийг мэдэхгүй. Гэхдээ  манай нам тэдийг төл гэдэг журам  гаргаагүй. 60 тэрбумын асуудлыг мэдэхгүй. Сонгуулийн үеэр ярианы эвлүүлгийн бичлэг үзсэн. Тэр схемийг хэрэгжсэн гэж боддоггүй.  Учир нь тэр бичлэгт  дэд сайд болох хүн 500 саяыг өгнө гэж байдаг. Гэтэл би үүнийг төлөөгүй. Харин манай намаас нууц санал хураалтаар оруулах боломж олгосон. Санал хураалтад ялагдвал хоёр жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж болзол тавьсан.
    • Би хоёр жилийн өмнө ТББ-ын тухай хуулийн төсөл боловсруулахдаа нэг санал оруулж байсан. Тэр нь намуудын дэргэдэх ТББ-уудыг татан буулгая гэсэн. Намууд ТББ-аар дамжуулан хандив аваад байна. Үүнийг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй.
    • Надад бэлэн шийдэл байна. Олон хуулийг шинэчлэх тухай би яриагүй. Эдийн засгийг, бизнесийг дэмжсэн иж бүрэн шинэчлэл хэрэгтэй байна. Эрүү, төрийн захиргааны хуультай зууралдсаар  бизнестэй холбоотой хууль, эрх зүйн орчныг  бид хаясан байна.

    АН-ын гишүүн С.Эрдэнэболд:83 хүнтэй уулзаж 100 саяын  хөрөнгө оруулалтаа босгосон

    • Би сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн. АН дүрмийнхээ дагуу, ҮБХ-гоор  гурван үе шаттайгаар нэр дэвшигчээ тодруулна.
    • 2016 оны сонгуулийн дүн АН-ыг шинэчлэгдэх шаардлагатайг харуулсан. Санхүүжилт бол намын шинэчлэлийн нэг хэсэг. Хөшигний ард байгаа зүйлийг ил гаргах хэрэгтэй.
    • Сүхбаатар дүүрэг гэхэд 98 мянган сонгогчтой. Нэг дэвшигч 700 шадар туслах, удирдагчийг ажиллуулна гээд заачихсан.  Үүнд, тодорхой хэмжээний зардал гарна. Тэр зардлаа яаж гаргах вэ гэдэг нь чухал. Иймээс дэнчингийн мөнгө авч, үүнийгээ 40,30,30 саяар нь гурав хувааж өгч байна.
    • Сонгуулийн тухай хуульд   улс төрийн намууд өөрсдийнхөө дотоод татварыг тогтоож болно гэж заасан байдаг. Энэ бол зөвхөн даргадаа мөнгө өгч байгаа асуудал биш.
    • Би бүх зүйлээ ил тод байдлаар тайлагнаж, дэнчингийн 100 сая төгрөгөө цуглуулсан. Жишээ нь, би 83 хүнтэй уулзаж хөрөнгө оруулалтаа босгосон.
    • Германд ч  бас ийм жишиг бий. Жишээлбэл, Христийн ардчилсан нам сонгуульд орох гэж байгаа нам 95 мянган еврогоос дээш зарцуулалт хийж болохгүй гэх мэтээр нарийн зохицуулалт хийсэн байдаг.
    • Манай намын залуучуудын холбоонд ийм дүрэм бий. Нийт дарга нарын 50 хувь нь эрэгтэй. 50 хувь нь эмэгтэй. Жилийн нэг сая 500 мянган төгрөгийн татвартай. 75 хувийг нь мөнгөн бус хэлбэрээр буюу оролцоогоороо нөхөж болно гэсэн. Зүүдэлж босч ирээд сонгуульд нэр дэвшихгүй. Сонгуулийн мөнгөө эртнээс бэлтгэдэг гэсэн үг.
    • Монгол Улс хоёр том улсын дунд байна. Хөршүүд маань биднийг түүхий эдийн бааз гэж харж байна. Экспортоосоо хамааралтай байна.  Хэрэв сонгогдвол өөр модедлиор технологи инноваци хөгжүүлэх тал дээр анхаарна. Одоо ч ийм төсөл дээр ажиллаад явж байна.

    ХҮН-ын  гишүүн Б.Мөнхсоёл:Улстөрийн буруу механизмд залуус ороогдоод байна

    • Хөдөлмөрийн үндэсний нам хуульд заасны дагуу нэр дэвшигчдээ тодруулж байгаа. Өр зээлгүй, ял шийтгэлгүй байх ёстой гэх мэт. Мөн дотоод шалгуурын дагуу нэр дэвшигчдээ тодруулна.
    • АН, МАН өдийг хүртэл алдаа хийж ирлээ. ЖДҮ, 60 тэрбум гэх зэргээр хэтэрхий их мөнгөний тогтолцоо үүсгэчихлээ. “Транпаренси интернэшнл” байгууллага Монголыг багагүй хэмжээний авлигад өртсөн орон гэж дүгнэсэн. Үүнд энэ хоёр нам хүчтэй нөлөөлсөн. Эх орон нэг, улс орны эрх ашгаа бүхнээс илүү гэж үзэж байгаа бол энэ тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.
    • ХҮН нүсэр бүтэцтэй байх нь буруу гэж үздэг. Том намуудын алдаанаас сургамж авсан. Манай нам гишүүн тус бүрээс сард 12 мянган төгрөг авдаг. Удирдах зөвлөлийн гишүүд үйл ажиллагаа эрчимжүүлэх үүднээс  сардаа нэг сая төгрөг гэх мэтээр албан тушаалын түвшин, үйл ажиллагааны зардлаас хамаарч энэ мөнгөө харилцан адилгүй байдлаар төлдөг.
    • Аудитын газраас тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээ бол зүгээр л тааз. Хэдийг зарцуулах нь нэр дэвшигчийн өөрийн сонголт. Иргэд “Энэ үнэхээр мэдлэг туршлагынхаа хувьд төрд зүтгэх ёстой хүн гэж үзэж байгаа бол сайн дураар дэмжих хэрэгтэй. Түүнээс биш бидэнд тараах дэл сул мөнгө алга.
    • Барууны улстөрийн соёлыг нэвтрүүлмээр байна. Зардал өндөр байх тусам иргэн бүр сонгох, сонгогдох ёстой гэдэг эрх зөрчигдөөд байна. Мөнгөтэй найзгүй бол нэр дэвшиж чадахгүйд хүрч байна.
    • Улстөрийн буруу механизмд залуус ороогдоод байна. Иргэд та бүхэн өөрсдөө сонголтоо бодож  хийгээч. Улстөрчдийн ярьсан нь хэрэгжсэн үү гэж иргэд сайн харж, шалгаж үзмээр байна.
    • Ардчилсан засаглалаа хамгаалах тэргүүн шаардлага тулгараад байна. Ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаарна гэж гадаад руу  явж сурч ирсэн хүмүүс өнөөдөр эрх мэдлийн төлөө яваад бодит амьдрал дээр гүйцэтгэлтэй баймаар байна.
    • Би төсөв санхүүгийн анализыг олон жил хийсэн. УИХ гишүүд төсөв баталдаг. Тэд хязгааргүй эрх мэдэлтэй. Үүнээс болж, төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжихгүй байна. Хэрвээ сонгогдвол гишүүдийн хязгааргүй эрх мэдлийг хумихад анхаарч ажиллана.

    Бие даан нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ:Дарангуйлагч С.Эрдэнийг шинэчилж чадаагүй АН-ын залуучууд Монголыг шинэчилж чадахгүй

    • Монгол улс ардчилсан сонгуулийг  долоон удаа явуулчихаад байна. Гэтэл сонгууль болгоноор мөнгөний асуудал яригддаг. Мөнгөтэй л бол амьдрал сайжирчих юм шиг  олигархиудыг сонгож ирлээ. Тэд дандаа намын халхавчин доор сонгогдож ирсэн. АН-ын нэг кэйс ярихад, АН-ын дарга С.Эрдэнэ ойр  дотнын хүмүүсээ нам руу, улстөрд оруулж ирсэн, замаа алдсан. Ард түмэн ийм зүйлээс залхаж байна.
    • Үнэндээ АН шинэчлэгдэж чадаагүй. Намаа шинэчилж чадаагүй байж улсаа яаж шинэчлэх юм бэ. Шинэчлэл хийхийн тулд санхүүжилт шилэн, ил тод байх ёстой. Олиграхиудаас мөнгө авахгүй гэчихээд яаж санхүүгээ босгох гээд байгаа юм. С.Эрдэнэболд бид хоёр 100 сая төгрөгөө тушаасан. Гэхдээ би саяхан намаасаа гарсан.
    • Би хадгаламжнаасаа 100 сая төгрөгөө гараад өгчихсөн. Намайг дэмждэг 30,40 уяач байна. Нэг хурдан адуу 3, 4 сая төгрөгийн ханштай болчихсон шүү дээ. Уг нь надад тэр хэмжээний мөнгө байна л даа.
    • Би хууль зөрчиж 100 сая төгрөг төлөөгүй. Харин татвараа урьдчилж төлж байгаа хэрэг. Манай нам барууны үзэл баримттай, ил тод нам. Гэтэл дарга нь коммунист дарангуйлагч.  Гэр бүлийнхээ гишүүдийг нам руу “чихчихсэн”.
    • Татварт бүртгэгдсэн мөнгөнөөсөө сонгуулийн мөнгөө босгох ёстой. Би 1000 найзаасаа 1000 төгрөг гуйхаас ичиж байна. 100 найзаасаа  нэг сая төгрөг гуйхаас ичиж байна.  Хэнд ч өргүйгээр би үзэл бодлоо илэрхийлж дэвшинэ. Би АН-аас гараагүй. С.Эрдэнээс татгалзаж байгаа юм. Гэхдээ их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь хар дагуулж байна. Би 100 сая төгрөгөө буцааж авна.
    • Сонгуулийн аудитаар баталсан дүн бол тааз. Тэр таазанд заавал хүрэх гээд байх шаардлагагүй. Горилогчдоосоо иргэд илүү  хэрсүү болчихсон. Ухуулга сурталчилгаа, тараах материал өгөх шаардлагагүй болж байна.
    • Намууд албан тушаал амалж сонгуульд оруулдаг. Тэр тендерийг өг гэх мэтээр ажилладаг. Дарга нар далд эдийн засагт тугуурладаг. Тендер өг гэх мэтээр. Ердөө нэг сая төгрөгийн цалинтай баян гишүүд байна.
    • Уран гоё үгтэй лекторууд 30 жил Монголыг удирдлаа. Мөнгө удирдлаа. Би гэрээ зассан, биеэ зассан. Хулгай хийх шаардлага, улстөрчийн дүрд тоглох шаардлага надад байхгүй. Иргэдээ, үр хүүхдээ зөв амьдруулмаар байна. Сэтгэлтэй хүмүүсийг улстөрд гарч ирж, санхүүгийн схем нь  “шилэн” хэрэгждэг байгаасай гэж хүсч байна.
    • Монголын хууль зүйн салбар хэдэн улстөрчийн халаасанд орлоо. АН дээд шүүхэд бүртгэлтэй дүрмээ зөрччихсөн. Мөнгө авчихсан.
    • Манай намд олон сайхан залуу байна. Энэ Эрдэнэболд, Магнай гээд. Энэ хэд маань шударга сайхан зүйл ярьдаг. Гэхдээ АН-ын шинэчилж чадаагүй, дарангуйлагч Эрдэнийг шинэчилж чадаагүй байж Монгол улсыг шинэчилнэ гэдэг худлаа.

    М.Өлзий

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ