• Бүх сурагчийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах саналыг “Алсын хараа-2050”-д оруулахыг  дэмжлээ

    2020-05-05

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зарчмын зөрүүтэй саналын томьёолол ирүүлж, саналаа тайлбарласан юм.

     Тэрээр,  УИХ 2019 оны дөрөвдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Хууль 2020 оны есдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр болно. Иймд ээлж дараалалтайгаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хот хөдөөгүй, найман зуу гаруй хувийн болон төрийн өмчит сургууль өөрийн гэсэн гал зуухтай болж, одоогийн байдлаар зөвхөн I-V ангийн хүүхдүүдэд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол үүнийг өдрийн хоол болгож хэрэгжүүлэх ёстой байгаа юм. Энэ нь зүгээр нэг хоол хийгээд хүүхдүүдэд өгөх тухай асуудал биш.

    УИХ энэ хуулийг батлахдаа нийтийн эрүүл мэндийг хангах халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хойч ирээдүй маань зөв хооллодог байхаар хэрэгжүүлэх юм. Тодруулбал, 5-10 жилийн дотор Монгол Улсын хөрөнгө мөнгөний ихээхэн хэсгийг авч зарцуулдаг эрүүл мэндийн салбарын ачааллыг эрс бууруулсан чухал хууль болж хэрэгжих юм. Тиймээс  Монгол Улсын хөгжлийг дараагийн гучин жилд тодорхойлох 2050 хөтөлбөрт энэ заалтыг тусгайлан суулгаж, оруулах саналтай байна.

    Өнөөдөр дэлхийн 160 гаруй оронд эцэг эхээс нь бага хэмжээний төлбөр авч, зарим улс нь төсвөөсөө зуун хувь хариуцаж 10 жилийн хүүхдүүдээ хооллож байна. Энэ бодлого нь сурагч хичээл таслахгүй байх, эрдэм ном сурахад нь тус дэм болохоос гадна өрхийн эдийн засагт ихээхэн тус дэм болдог халамж юм.

    Хууль батлагдсан ёсоороо бол үндэсний дотоодын хүнсний бүтээгдэхүүнийг тэр дундаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг тусламжтайгаар энэ хуулийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тиймээс гишүүдийг энэ заалтыг дэмжиж өгөхийг хүсэж байна гэв.

    Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын “Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлнэ. Бүх сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж хүний нөөцтэй байна” гэж нэмэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж 70 хувийн саналаар энэ санал дэмжигдлээ.

    БСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:  

    Одоо “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа арван жилийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд яг шаардлага хангасан гал тогоо байхгүй байна. Тиймээс бид  тодорхой зорилт тавьж хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ер нь бол манай байнгын хороо энэ “Алсын хараа 2050” хөтөлбөрийн ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэгт саналаа ерөнхийд нь томьёолоод өгсөн. Бидний өгсөн саналыг нэг бүрчлэн үзээд авсан байгаа. Иймд“Алсын хараа 2050”-ыг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ дарга, ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Мал сүргийн тоо .аялалаар ирэх хүний тоо дэгс юм шиг санагдав .1940 онд МАХНын 10р их хурлаар 200 саяд хүргэн гэж ЧОЙБАЛСАН ам алдаад биелээгүй зорилт юмсан 

    • Төрийн сургуулийн болон төрийн нуруун дээр ачаалал нэмж байна. Гадаад орнууд хооллодог гээд байх юм ,тэд чинь бүтэн өдөржин сургууль дээр байдаг 1 ээлжтэй сургуулиуд. Үдийн хоол өгөхөд лав 30 минут зарна. 7 цагтай үед яаж зохицуулах вэ 

    Холбоотой мэдээ