• Д.Совд:”Өөрөө идэхгүй, өрөөлд өгөхгүй хэний мөнгийг хэнээс харамлаад байгаа юм”гэж заамдуулж явсан үе ч бий

    2020-05-05

    Иргэн Д.Совдтой ярилцлаа.

    -УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ хийж, АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан. Энэ асуудал юу болж байна вэ?

    -АТГ-т очиж байгаа өргөдөл гомдлын 70 гаруй хувь төрийн албаны ажилтантай холбоотой байна. Тэр дундаа төрийн албаны удирдах албан тушаалтантай холбоотой өргөдөл гомдол ихэнх хувийг эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд би УИХ-ын гишүүд болон яам, агентлагийн газар хэлтсийн  дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ хийсэн. АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүрийн  хоёрдугаар сарын 15-нд авдаг. Нийтдээ  40 гаруй мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг юм билээ. Энэ тоо жилд 1000 гаруйгаар өсдөг.

    Уг нь бид бодохдоо АТГ-ыг албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг аваад түүндээ хяналт шалгалт хийдэг гэж ойлгодог. Гэтэл тийм биш.

    Оны өмнө аравнхоёрдугаар сарын 9-нд буюу Олон улсын авилгын эсрэг өдрөөр АТГ-аас хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт би санал тавьж оролцож, судалгаан дээрээ тулгуурлан илтгэл тавьсан.

    Ингээд УИХ-ын гишүүдийн 2017,2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ, дүгнэлт хийсэн. АТГ-ын цахим сайт нь учир дутагдалтай юм билээ. Иргэд олон нийтэд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэл нээлттэй. Гэхдээ нэг хүнийг зоож харахаас биш салбараар нь ч юм уу байгууллагаар нь  өргөн хүрээнд ангилж харах боломжгүй юм билээ.

    Өөрөөр хэлбэл, 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй хэчнээн төрийн албан хаагч байдаг юм бэ гээд нийт дүнгээр нь харах боломжгүй.

    УИХ-ын 76 гишүүний орон сууц, хадгаламж, газар, тээвэр мал аж ахуй, үнэт зүйл гэх мэт үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн нийлбэрийг гаргасан. Сүүлийн жилүүдэд  УИХ-ын гишүүд концесс, тендер, ЖДҮ гэх мэт маш олон асуудалд нэр холбогдсон.

    Өөрсдийнх нь өгсөн байгаа мэдээлэл дээр би анализ  хийсэн учраас баримттай зүйл ярьж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

    УИХ-ын 76 гишүүний нийт хөрөнгийн нийлбэр 203.2 тэрбум төгрөг байна. Орон сууц, барилга байгууламж нь 100-аад тэрбум төгрөг.  Хадгаламж 60 тэрбум төгрөг байх жишээний.

    Тухайлбал, 76 гишүүний 49 нь нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй.
    • Нэг тэрбум төгрөг хүртэлх хөрөнгөтэй 29 гишүүн,
    • 1-2 тэрбум төгрөгний хөрөнгөтэй 26 гишүүн,
    • 2-5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 13 гишүүн
    • 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 5 гишүүн,
    • 10 тэрбум төгрөгөөс дээш 5 гишүүн байдаг юм байна.
    10.9 тэрбум төгрөгийн 222.4 мянган га газрыг УИХ-ын гишүүд эзэмшиж байна. Гэтэл иргэн та 0,07 га газраа эзэмшиж чадсан уу.

    Хөрөнгүүдийг нь ангилж үзвэл

    • 38 гишүүн нэг тэрбум төгрөөс дээш орон сууцтай,
    • 16 гишүүн хоёр тэрбум төгрөөс дээш үл хөдлөхтэй,
    • 5 гишүүн таван тэрбум төгрөөс дээш үл хөдлөх хөрөнгөтэй байна.

    2018 ны мэдээллээр 100 саяас дээш төгрөгний хадгаламжтай 37 гишүүн, 500 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай 16 гишүүн байна.

    Харин  нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтэй 98 гишүүн,  таван тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай таван гишүүн байна.

    Нэг жилийн дотор өөрийн орлого нь 560 дахин буюу 12,8 тэрбум төгрөгөөр өссөн нэг гишүүн байгаа нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан байна.

    Өөрийн орлого нь 22 сая төгрөгөөс 12 тэрбум төгрөг болтлоо 2016 оноос хойш өссөн  байна.

    Мөн УИХ-ын гишүүн М.Билэгт 4.2 тэрбум төгрөгийн газартай, хувьдаа бизнестэй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хөрөнгө 2016 оноос 4.7 тэрбум төгрөгөөр өссөн байх жишээний. Хамгийн өндөр хадгаламжтай буюу 22,9 тэрбум төгрөгийн хадгаламжтай гишүүнээр тодорсон.

    Харин Дэлгэрсайхан гишүүний орлого 2,69 тэрбум төгрөгөөр өссөн. Тэр дундаа үл хөдлөх хөрөнгө нь 1.9 тэрбум, хадгаламж нь 982 сая төгрөгөөр   өссөн гэх мэт баримт байна.

    Ямар эх үүсвэрээр яаж өссөн бэ гэдэг нь тодорхойгүй. АТГ ч үүнийг шалгах эрхгүй, УИХ-ын Ёс зүйн хороо шалгах чиг үүрэгтэй юм билээ.

    Иргэн хүнийхээ хувьд би хардах эрхтэй. Энэ дагуу эрхээ эдэлж баримт нотолгоон дээр үндэслэн хөрөнгө орлого нь огцом өссөн гишүүдийг шалгуулах хүсэлт гаргасан.

    2019 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд  авилгын улмаас 12,1 их наяд төгрөгийн хохирол учирсан гэх хэрэг шалгагдаж байгаа юм билээ.

    -УИХ-ын Ёс зүйн хороо үнэн зөвөөр шалгана гэдэгт та итгэж байна уу?

    -Би шударгаар шалгана гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд 3,4 гишүүний асуудлыг тавьсан ч хамгаалаад аваад үлдсэн. Ойлгомжтой ш дээ. УИХ-ын гишүүд өөр өөрсдийгөө шалгахаар хараат бус байж чадахгүй. Ёс зүйн хороонд байгаа гишүүд өөрсдөө тэрбумаас дээш хөрөнгөтэй гишүүд. Өөрсдийгөө шалгуулах асуудлыг өөрсдөө аваад хуулиараа хамгаалуулчихсан байдаг юм байна . УИХ-ын гишүүний халдашгүй байдал  гэж бий. Үүн дээрээ АТГ-т шалгуулахгүй байх эрхээ хуульдаа шигтгээд өгчихсөн  байна.

    -Таны тэмцэл багагүй хугацаанд үргэлжилж байна….

    Дүүгийнхээ амь нас эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээхийг шаардаж өнгөрсөн хугацаанд “ХҮННҮ ЭЙР” компанитай хийсэн тэмцэл маань өнөөдрийн энэ бүх тэмцлийн эхлэл болсон.

    Нэг компанийн хариуцлагагүй үйлдлийг ил гаргатал салбарын хэмжээний асуудал болж хувирсан.  Цааш ухтал нийт төрийн албаны асуудал боллоо.

    Ингээд  хариуцлагагүй байдлыг бий болгосон  эзэн холбогдогчийг нь хайтал УИХ-ын гишүүдийн ах дүү, амраг садан аалзны тор шиг төрийн албыг  хэрсэн байдаг юм байна.

    УИХ-ын 3,4-хөн гишүүний асуудлыг ил гаргаж тавьтал нийт 76 гишүүний асуудал болж хувирсан. Ерөнхийдөө өнгөрсөн зургаан сарын турш эрх мэдэл, өнгө мөнгөтэй хүмүүсийн эсрэг тэмцэл өрнүүлж байна. Төрийн албаны хүнд суртал, хариуцлагагүй, шударга бус байдал,өвчин, хагацал гээд бүх л  зовлонгийн ард эрх мэдэл өнгө мөнгөтэй хүмүүс байдаг юм байна.   “ХҮННҮ ЭЙР”  компани олон улсын дүрэм журмаа зөрчиж үйл ажиллагаа явуулснаас болж миний дүү эрүүл мэндээрээ хохирсон.

    Энэ тухай энд дарж уншина уу.https://gereg.mn/news/34639

    Энэ компани өнөөг хүртэл ажлын байранд дээр гарсан үйлдвэрлэлийн ослоо хүлээн зөвшөөрөөгүй. Монгол Улсын иргэн хүний амь нас эрүүл мэндээс илүү эрх мэдэл, албан тушаалаа хамгаалдаг явдал маш ноцтой байдалд хүрсэн байна. Энэ хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, миний дүүгийн буруу гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ тэмцэл хийсний үр дүнд одоо “ХҮННҮ ЭЙР” компанид ажиллаж байгаа залуучуудыг хөдөлмөр аюулгүй байдлаа хангах багаж хэрэгсэлтэй болгож чадсан. Зам тээврийн яамнаас 2020 оныг Хөдөлмөр аюулгүй байдлын  жил болгон зарласан. Энэ миний тэмцлийн үр дүн гэж бодож байна.

    Би ганцхан дүүгийнхээ төлөө дуугараагүй юм. Хохирч үлдсэн маш олон хүмүүсийн төлөө дуу хоолой нь болж байна.

    Энэ хугацаанд надад 300 гаруй хүнээс  өргөдөл гомдол ирсэн. Үйлдвэрлэлийн осолд ороод хөдөлгөөнгүй болсон гурав, нас барсан 10 хүний ар гэрийнхэн гэх мэт хүмүүс хандсан. Тэд энэ тэмцлээ битгий зогсоогооч, бидний өмнөөс яваад өгөөч  ээ гэж ганц л зүйлийг хүссэн.

    -Тэмцэл хийж явсан нь та боловч, тэмцэл хийж ганц үг дугарч чадалгүй хохирч үлдсэн хүмүүс олон бий?

    -Тэгэлгүй яахав. Иргэн хуулийн дагуу гомдол, саналаа гаргана. Гаргасан гомдлын хариуг 30 хоногт шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Төрийн байгууллагууд хэргийг тийш шилжүүллээ, хэрэгсэхгүй болголоо, тогтоогдохгүй гэдэг хариуг өгөхийн тулд хуулийн хугацааг нь дуусгаж  байж өгдөг юм байна. Яагаад иргэн гомдол гаргасан бол маргааш нь эсвэл долоо хоногийн дотор шийдэж болдоггүй юм. Яагаад заавал тэр 30 хоногийн хугацааг дуустал цаасыг нь дарах ёстой юм. Би тэмцэл хийж явах хугацаандаа татаагүй төрийн байгууллагын хаалга гэж байхгүй. Аав, ээж нь хотод байхад хөдөө гэрийн хаягаар нь хариугаа  шуудангаар явуулна. Тэр нь 10-аад хоногийн дараа очно. Бид авах гэсээр байтал хэд хоног болно. Ингэсээр байтал дахин гомдол гаргах хугацаа нь дуусна.

    Бодит байдал ийм л байна.

    Хөдөлмөрийн яамны өнгөрсөн 16 жилийн статистик мэдээллээс харахад 6330 үйлдвэрлэлийн осол гарсан байна.

    Энэ зөвхөн бүртгэгдсэн осол нь шүү. Цаана нь хэдийг нууж, хаасныг хэлж мэдэхгүй. Үүнээс 1150 нь амь насаа алдсан байна.

    Сүүлийн дөрвөн жилийн мэдээллээс харахад 1277 үйлдвэрлэлийн осол гарч 330 амь насаа алдсан байна. Үйлдвэрлэлийн осолд өртсөн таван хүн тутмын нэг нь өнгөрч байна гэсэн үг.

    2018 онд үйлдвэрлэлийн ослоор 30 хүн нас барсан. Өнгөрсөн онд 59 хүн мөн үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан байна. Нийтдээ сүүлийн 3,4 жил 130,140 хүн амь насаа алджээ. Салбараар нь аваад үзвэл уул уурхай, барилга, зам, тээвэр байна. Харамсалтай их тоо.

    ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСНААС ИЛҮҮ АЛБАН ТУШААЛ , НЭР ХҮНД БАЙХ ЁСГҮЙ ГЭЖ ҮЗСЭН УЧРААС АЖЛАА ӨГСӨН

    -Таныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Ямар хэргээр вэ? 

    -Би  36 настай, аль нэг намд элсээгүй.  Энгийн нэг төрийн албан хаагч  байсан. Байсан  гэдэг нь оны өмнө би ажлаа өгсөн.  Эрх ашиг нь зөрчигдөөд байгаа зарим албан тушаалтан болон ЗГХЭГ-аас чи төрийн байгууллагад ажилладаг байж төрийн байгууллагынхаа эсрэг явлаа гэж дайрч, нэг бол ажлаа өг, үгүй бол тэмцэл гээд байгаа энэ юм аа хий гэсэн.

    Би шударга үнэний төлөө явж байгаа тиймдээ ч хүний амь нас, эрүүл мэндээс илүү албан тушаал, нэр төр байх ёсгүй гэж үзсэн учраас ажлаа өгсөн. Тэд миний ажлыг авсан, одоо миний амь насыг авна гэж дарамталж, сүрдүүлж байгаа.

    Сүрдүүлэгт өртсөн хүн нь биш ална, тална гэж сүрдүүлсэн хүн нь цагдаад гомдол гаргасан. Өнөөдрийн төрийн  байгууллага, төрд ажиллаж байгаа албан тушаалтнуудын бодит үнэн энэ л байна.

    Зарим хэсэг нь шударга бус, хууль бус үйлдлийг байх л ёстой энгийн зүйл мэтээр ойлгож, хүлээн авч эвлэрсэн. Нөгөө хэсэг нь харж, сонсож мэдсээр байж утасны цаанаас шүүмжилж байна.

    Тэгвэл бид үүнийг тэвчих ёсгүй,эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө буруутан болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэх ёсгүй. Ямар нэг бодитой үйлдэл хийж тэмцэл хийх болсон. Яг одоо л биш бол хэзээ ч биш.

    -Төрийн албаны шударга бус байдал идээ бээр шиг бугласан асуудал. Та төрийн албанд ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх үүргийн хэмжээнд энэ бүхэнтэй  яаж тэмцэж байсан юм бэ. Дотор нь ажиллаж байсан хүн одоо гэнэт шударга ёс яриад байхаар хүмүүст сонин санагдах болов уу?

    2016-2018 онд ХХААЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд маш олон дотоод хяналт, аудитын шалгалт хийсэн.

    Олны хэл ам болоод байгаа ЖДҮДС-ийн асуудлыг 2016 оноос эхлээд  манай дотоод хяналт шалгалтынхан шалгасан. АТГ-аас өмнө анх манай яамны шалгалтын хэсэг илрүүлсэн асуудал.

    Өөрөөр хэлбэл, дотоод хяналтын  бидэнд мэдэгдэлгүйгээр журмаа зөрчөөд зээл олгосон байсныг бид нөхөж шалгасан.  Ингээд бид тайлангаа долдугаар  сард АТГ-т өгсөн. Энэ дагуу АТГ-ын холбогдох шалгалт явсан. Бид зөвхөн Засгийн газраас баталсан тогтоол, журмийн дагуу зээл  олгогдсон эсэхэд шалгалт хйисэн. Үүний цаана улс төрчдийн оролцоо байна уу үгүй юу гэдгийг  бид тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага нь гаргаж ирж тогтоосон.

    Та бүхэн мэдэж байгаа байх. 16 тэрбум төгрөгөөр 36 мянган тоннын багтаамжтай элеваторыг ХХААЯ-нд “Дархан гурил тэжээл” компани шахсан асуудал сөхөгдсөн.

    Одоо энэ асуудлыг  хууль хяналтын байгууллага  шалгаж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Товчоор хэлэхэд, актлагданд гарсан зүйлийг  3,4 дахин өндөр үнээр шахсан. 16 тэрбум төгрөгийн найман тэрбум нь Хөгжлийн банкнаас гарсан. Найман тэрбум нь улсын төсвөөс гарсан. Худалдан авах ажиллагааны хуулиас авахуулаад бүх журам зөрчсөн.

    2016 оны долдугаар сарын 28-нд Засгийн газар солигдохын өмнө нэг шөнийн дотор тухайн үед сайдаар ажиллаж байсан хүн журмаа зөрчиж Халх голд 328 га газрыг 24 ААН-д хууль бусаар өгсөн асуудал гарсан. Үүнийг бас шалгаж хүчингүй болгуулсан. Шүүх дээр асуудал нь яригдаж байгаа.

    Мал эмнэлгийн сорилт баталгаажуулалтын улсын төв лаборатори гэж бий.  Энэ нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа болон  гаднаас орж ирж байгаа вакцинуудыг шинжилж чанарыг нь шалгадаг лаборатори. 2015-2017 онд ямар ч итгэмжлэх байхгүйгээр  явж ирсэн байсан.

    Өөрөөр хэлбэл, жолооч хүн эрхээ хасуулсан мөртлөө жолоо барьсантай адил.  Гэтэл энэ хугацаанд ямар ч итгэмжлэлгүйгээр вакцинуудад итгэмжлэх олгоод түүнийг нь малчид талдаа тарьсан байдаг.  Энэ асуудлыг гаргаж ирээд холбогдох захиралд нь хариуцлага тооцоод хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

    Гэх мэтчилэн төрийн байгууллагад ажиллаж байхдаа ажил үүргийнхээ чиг үүргийн хүрээнд хууль зөрчсөн асуудлуудыг гаргаж ирэн хууль хяналтын  байгууллагад  шалгуулахаар тайлан дүгнэлтээ өгдөг байсан. Эргээд би адлагддаг байсан л даа. Шударгаар ажлаа хийдэг цаг үе өнгөрсөн байна.

    УИХ-ын ГИШҮҮДИЙН АХ ДҮҮ, БАРУУН, ЗҮҮН ГАРЫНХ НЬ ГЭГДДЭГ ХҮМҮҮСТЭЙ Ч ХАМТ АЖИЛЛАЖ ЗАНАЛХИЙЛЭЛД НЬ ӨРТӨЖ ЯВЛАА

    УИХ-ын гишүүдийн ах дүү, хамаатан садан, баруун зүүн гарынх нь гэгддэг хүмүүстэй ч хамт ажиллаж, заналхийлэлд нь өртөж явсан. Тухайлбал, ИНЕГ-т ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Л.Энхболдын төрсөн ахын заналхийлэлд өртөж байлаа. Намайг өөрөө идэхгүй, өрөөлд өгөхгүй хэний мөнгийг хэнээс харамлаад байгаа юм бэ гэж заамдаж авч байсан үе ч  бий.

    Дараа нь АН-ын гишүүн Н.Батбаярын хүргэнтэй  нь хамт ажиллаж байсан. Манай захирал байсан. Захирлаар ирэнгүүтээ надтай ажиллахгүйгээр миний доор мэргэжилтэн ажилд авсан. Захиралдаа ажлаа танилцуулмаар байдаг хүлээж авахгүй мэргэжилтэнд ажлаа танилцуул гэдэг байсан.

    Төрийн албаны ажил хэн нэгэн даргын, эрх мэдэлтний өнгө үзэмжээр явах ёсгүй. Тийм ч ураас ажлаа өгсөн. Энэ мэт яриад байвал олон асуудал байна.

    Би амнаасаа унагасан үг бүртээ хариуцлага хүлээнэ. Миний ярьсан бүхэн баримттай.

    Төрийн албанд шударга, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа олон мянган залуус бий.

    Хэдхэн улс төрчдийн халаасны хүнээр харлуулах нь утгагүй ч тэд өнөөдөр нийт төрийн алба, алба хаагчдыг харлуулж чадаж байгаад нь эмзэглэж байна.

    Үүнийг тэвчмээргүй байна.  Шударгаар ажилласан нэгнийг хавчиж, гадуурхаж, дарамталж, заналхийлдэг нийгэм болжээ. Албан тушаалыг нь  авахын тулд амь насыг нь ч хохироосон явдал ч гарсныг ард түмэн мэдэж байгаа.  Монголын төр шударга   алба хаагчиддаа ингэж л хандаж байна. Гэхдээ би сайхан цаг, сайхан нийгэм  ирнэ гэдэгт итгэдэг.

    Тэр нийгэмд миний, та, бидний үр хүүхэд амьдарна. Тийм ч ураас би өнөөдөр заналхийлэлд өртөн байж бузар, бульхай бүхнийг сөрж  байна.

    Жишээ татаад ярья л даа, ЧХОУНБ-ын захирал Мөнхбаатар л гэхэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр, Наранхүү гишүүний хүргэх ах нь. ИНЕГ-ын Цагдаагийн хурандаа Ганбаатар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн төрсөн дүү гээд  төрийн байгууллагын удирдлагын албан тушаалд  УИХ-ын гишүүдийн ах дүү, найз нөхөд аалзны тор шиг хэрсэн байна.  Ажлаа мэдэхгүй хүмүүс томилогдсон учраас төр чадамжгүй, эргээд  хариуцлага тооцох чадваргүй болсон.

    -Яамд, агентлагийн дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ хийсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

    -Төрийн албаны хуулиар найман жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа хүмүүс байгаа. Би өөрсдийнх нь мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр үндэслэж энэ анализаа хийсэн гэдгийг дахин хэлье.  Ямар эх үүсвэрээр яаж олсон мөнгө вэ гэдгийг хууль хяналтын байгууллага нь шалгана. Төрийн албаны дарга нараас 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 100 гаруй төрийн байгууллагын дарга байна.

    Нэг тэрбум төгрөгөөс дээш орон сууц, барилга байгууламжтай 40 төрийн байгууллагын дарга, захирал байна. Зөвхан яамд, агентлагийн газар хэлтсийн дарга нар ийм хөрөнгөтэй байхад  үүн дээр төрийн өмчит компаниудын удирдлагуудыг нэмбэл маш том тоо гарна.

    Өөрөөр хэлбэл, нэг тэрбум төгрөгөөс дээш үл хөрөнгөтэй 50 УИХ гишүүн, төрийн албанд 40 дарга байна.

    Миний хувьд найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй. Төрийн албан хаагч байхдаа хамрагдаж  байсан. Бизнес эрхлэгчид хэдэн хувийн хүүтэй зээл авч яаж  хүүнд дарлуулж байгааг бид мэднэ.  Олон улсад зээлийн хүү 1-2 хувь байна. Жишээ нь Норвегит 1,4 хувь, Францад 2 хувь гэх мэт. Манай улстай хөгжлөөрөө адил төвшний эсвэл бүр доогуур улсад зээлийн хүү жилийн 10.9 хувьтай байна. Гэтэл манайд жилийн 19-31 хувийн хүүтэй. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Ундармаа, Ж.Энхбаяр гээд хэд хэдэн гишүүн хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай.

    Ийм хүмүүс төрийн бодлого тодорхойлохоор ашиг сонирхлын зөрчил үүсдэггүй юм уу.

    Нэг гараараа төрийн мөнгөний авдар барьж, нөгөө гараа хувийн бизнесээ цэцэглүүлж байна шүү дээ.

    Төрийн байгууллагууд яагаад элдэв хоч зүүгээд нийтээрээ харлуулаад суугаад байгааг ойлгохгүй байна. Асуудлыг ярьж шүүмжилдэг хэрнээ нэг ч үйлдэл хийхгүй байна. Мэргэжлийн хяналтынхан оймсонд хавчуулагддаг гэсэн нэр зүүгээд явах ёстой юм уу. Гаалийнхан мөнгө халаасалдаг гэдэг. Өөрсдийн нэр хүнд, шударга байдлын төлөө тэмцэж дуугараач ээ.

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ingej barimttai uguulj zorigtoi temtsej baigaa tand amjilt husie tsaashid tanii temtsliig demjihed yuu heregtei b.n olon tumen ene bugdiig oilgoj demjeesei tur zasagt ajillaj b.gaa zuv handlagtai humuus todorhoi demjleg arga hemjee avaasai odoo boloh songuuliin songoltiig tumen olon mini zuv hiigeesei tand dahin amjilt husie

    • Ардчиллыг анархизм,бүр цаашлаад феодализм болгон хувиргаж байгаа шуналын тулам,амиа бодогсдын бүтээсэн энэхүү заваан нийгмийг үр үндсээр нь таслах цаг болсон бус уу. Миний үр хойчис  эд нарын гарт ирээдүйгээ атгуулахыг би л лав хүсэхгүй байна. Энэ зөв үйлсийг сэдэж тэмцэж байгаа залууг 100 хувь дэмжиж байна. Амжилт………

    • Шудрага ёсны төлөө тэмцэж байгаад талархнам. Энэ төрд үүрлэсэн ханаж цадахаа мэдэхгүй, мөнгө албан тушаал 2-т амиа өгөхөөс ч буцахгүй болсон луйварчин хулгайчуудад хариуцлага тооцох сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэж байна. Ард түмэн өөртөө итгэлтэй, зоригтой, зорилготой залуусыг ямарч үед дэмжих болно. Амжилт

    • Шударга ёсны төлөө дуугарч бгаа чинь сайн боловч чиний мэддэг дуугарах ёстой хууль бус үйлдлүүд энд яригдахгүй бна. Биокомбинатын захиралын томилгоог яаж хууль зөрчин томилсон, томилсон Түмэндэмбэрэл нь энэ албан тушаалд яаж очсон, хуулийн дагуу байж чадсан уу гээд мэдэх зүйл их бий. Биокомбинатын захирал гэх Цолмонгийн мэдлэг чадвар, ажиллах үедээ гаргаж байсан алдаа дутагдал, тэр албан тушаалд нийцэх эсэх, очоод ажиллах хугацаандаа гаргасан хууль бус үйлдлийг хэнээс ч илүү мэдэж байгаа. Ярих гэж бга бол, шударга ёс нэхэж бга бол их бага гэлтгүй дуугарах ёстой биздээ. 

    • Шударга ёсны төлөө үг хэлж үнэнчээр хөдөлмөрлөж байгаа энгийн ардын хүүхдийг энэ бузар луйварчид  ажилгүй болгож амь насанд нь занлхийлж  байна төрд гарах гэж үхэн хатан зүтгэж гардагийн нууц албан тушаалаа ашиглаж төрийн мөнгийг идэж хувалз болох гэсэн увайгүй шуналтангуудын арчаагүй байдал ард түмнийг элгээр нь мөлхүүлж байна тиймээс  монголчууд үр хүүхэд ирээдүй хойч үёийнхээ төлөө нэгдэж дуу хоолойгоо нэгтгэж луйварчдын хөрөнгийг хурааж ялыг нь эдлүүлэх цаг нь болсон бна

    • Шударга ёсны төлөө дуугарснаараа, ах дүүсийн гинжин хэлхээ газар авсны нотолгоог ил тод гаргаснаараа, тэмцсэнээрээ олон хүний “дургүйг” хүргэж байгаа залуус өнөөдөр хавчигдсаар… дарамтлуулсаар… заналхийлэлд өртсөөр…  Үнэхээр харамсалтай. Бид нэгдэх цаг аль хэдийн болсон, бүр оройтоод бна. Хэдий болтол “эргүү” юм шиг явах юм бэ?

    Холбоотой мэдээ