• Ч.Улаан:УИХ-ын ахмад гишүүд бол төрийн үнэтэй капитал  

    2020-05-05

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан  өнөөдрийн “Өдрийн сонин”-д цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Түүний өөрийнх нь тухай ярьсан хэсгээс “ЭНЭ ХЭН БЭ” буландаа онцолж байна.

    -Таныг оролцуулаад улс төр дэх ахмад таван гишүүнийг сольё, залуу цусаар сэлбэе гэдэг зүйл яригддаг. Та хэдийн улс төрд байх шалтгаан юу вэ?

    -Манай ахмад гишүүд төрийн бодлого үйл ажиллагааны ой санамжийг тээж яваа үнэт капитал гэж бодож, хүндэтгэж ханддаг. Бусад улс орнуудад ч ийм байгаа. Айл өрхөд ч ийм байдаг.

    Өвөөгөө нас өндөр боллоо гээд ад үзээд байдаггүй биз дээ.

    Манай ахмад гишүүд төрийн ой санамжийг агуулж өнөөдрийг хүртэл цаг үетэйгээ мөр зэрэгцээд явж байна. Тиймээс ингэж хандах нь учир дутагдалтай. Урт хугацаанд үйл явцыг ажиглаж, туулж ирсэн туршлага дээрээ суурилаад дүгнэлт хийхэд асуудалд арай өөр хандана.

    Яагаад гэвэл зах зээлийн эдийн засаг эхэлснээс хойш төр засагт зүтгэсэн хүмүүс шүү дээ. Өмнө нь ямар байсан, юу нь болохгүй байсныг мэднэ.

    Өнөөдөр ямар байгаа , юу нь онож, юу нь онохгүй байгааг мөн мэдэж байна. Цаашдаа яах вэ гэдгийг төсөөлнө. Тийм учраас төрийн үнэтэй капитал.

    -Монгол Улс ардчиллын 30 жилийн түүхэндээ эдийн засаг ингэж царцсан хүнд сорилттой тулж байв уу. Та нийгэмд солигдсон үе буюу 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан учраас асууж байгаа юм аа?

    -Хүндрэл байсан. Ялангуяа, социалист эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн хоёр жилийн хугацаанд эдийн засаг маш хүнд байдалд орсон шүү дээ. Ер нь хөгжлийн түвшингээсээ арван жилээр ухарсан. Улс орны аюулгүйн болоод валютын нөөц хомстоод байхгүй болсон юм.

    Хүнсний хомстолд орсон. Тэгээд байгаа жаахан бараагаа картаар хувааж байлаа. Сард нэг өрхөд хоёр шил архи, тал цай гэдэг ч юм уу. Ингэж давж байсан юм. Өнөөдөр ийм нөхцөл байхгүй байна. Ийм байдал руу хэрхэн оруулахгүй байх вэ гэдэг байна.

    Тэр үед үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Нэг жилийн дотор картын системийг хална гэдэг бодлогыг Засгийн газар Их хуралд оруулж байхад олон хүн эргэлзэж байсан.  Яг нэг жилийн дараа 1993 оны наймдугаар сарын 1-нээс картын системийг халж  байлаа.

    Тэр үед гар бариад үзчихсэн учраас одоогийн эдийн засгийн асуудлыг шийдэх боломжтой бөгөөд арга зам нь ямар байх вэ гэдгийг эрж хайх боломжтой гэж үзэж байгаа юм.

    Ер нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш би эдийн засгийн төв байгууллагад ажилласан. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг судалж, эрдмийн ажил хийлээ.

    Тиймээс сүүлийн 50 жилийн эдийн хөгжлийн үйл явцын нэг бүрчлэн судалж, дүгнэлт хийсэн.

    Ийм л хүн. Би 1976 онд төрд ажиллаж эхэлсэн. Тэр үед эдийн засаг төлөвлөлт, урамшууллын системтэй байсан. Дараа нь шинэ аж ахуй механизмын систем рүү шилжсэн. Дараа нь төрийн сангийн нэгдсэн тогтолцоо руу шилжиж байлаа. Энэ шилжилтийг 200-2002 онд гардаж хийсэн. Тийм учраас сүүлийн 40 жилийн үйл явцын гэрч, 50 жилийн үйл явцын судалгааг хийсэн ийм мэдээлэл надад байгаа юм.

    gereg.mn

    Холбоотой мэдээ