• О.Амартүвшин:Монголын хоёр хүн тутмын нэг нь ядуу болоход ойрхон байна

    2020-05-01

    Өнөөдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг интернэт орчинд болон “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

    Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа LIVE-аар мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа уриалга, уриа лоозон барьсан зургаа нийтлэх гэх мэтээр ямар ч хэлбэрээр нэгдэх боломжтой.

    Мөн  өдөр 8:30-17:00 хооронд Сүхбаатарын талбайд болох “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүд тавигдаж,  COVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулах юм.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Цаашид эдийн засгийг дэмжих арга хэмжээ авахгүй бол ажилгүйдэл 20 хувьд хүрч,240 мянга гаруй иргэд ажилгүй болно.

    Үүний цаана байгаа өрхийн гишүүдийг тооцвол ядуурлын төвшин 28 хувь байгаагаас 50 хувь руу орно.

    Ядуурлын төвшин 50 хувьд хүрнэ гэдэг улс үндэстний хэмжээнд маш том гамшиг болно. Вирусын хор хөнөөлөөс илүү ядуурлын хор хөнөөл илүү шүү гэдгийг санаж бусдын улс орны жишээнээс суралцаж,вирустэй тэмцэх,эдийн засгаа дэмжих аль алиныг нь уялдуулах хэрэгтэй.

    Өнөөдрийг хүртэл хувийн хэвшлүүд 100 хоног өөрсдийнхөө нөөцөөр тэслээ. Дэлхийд хувийн хэвшил 28 хоногийн санхүүгийн нөөцтэй байдаг.

    Иргэдийн 94 хувь нь нэг сар хүртэл санхүүгийн нөөцтэй байна. Ядуурлаас сэргийлэхийн тулд эдийн засгаа,хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Тэгэхээр хувийн хэвшилтэйгээ хамтдаа төр нь хүчтэй эдийн засгийн хүндрэлээ хамтдаа туулах эв санааны нэгдэлд уриалж байна” хэмээн ярилаа.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ