Японд байнгын оршин суугч Монгол иргэдэд 100 мянган иений тусламж үзүүлнэ

2020-05-01

Японы Хууль зүйн яамнаас 4 дүгээр сарын 20-ны өдөр Япон Улсын иргэд төдийгүй тус улсад байнгын оршин суугч ангилалаар сурч, ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд Япон Улсын Засгийн газраас хүн бүрт 100 мянган иенийн нэг удаагийн тусламж үзүүлэхээ мэдэгдэн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус улсын Засгийн газраас коронавирусын эсрэг авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээнд зориулсан 25.7 их наяд иений төсвийн тодотголыг санал нэгтэйгээр батлав.

Тодорхой хэлбэл, Япон Улсын байнгын оршин суугчийн карт /在留カード Зайрюү карт/-тай, оршин суугаа хаягийн тодорхойлолт /住民票 Жюүминхёо/ авсан гадаадын иргэд дээрх нэг удаагийн санхүүгийн тусламжид хамрагдах боломжтой.

Хэрхэн бүртгүүлэх вэ?
– Хот, дүүргийн захиргаанаас тухайн шалгуур хангасан гадаадын иргэдийн гэрийн хаягаар бүртгэлийн хуудас ирнэ

– Бүртгэлийн хуудас дээр өөрийн овог нэр, банкны дансны мэдээллийг өөрийн Япон Улсын байнгын оршин суугчийн карт /在留カード Зайрюү карт/ болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /住民票Ж юүминхёо/-гийн хуулбарын хамт хавсарган харьяа хот, дүүргийн захиргаа руу шуудангаар илгээнэ

– Гэр бүлээрээ оршин суудаг бол гэрийн аль нэг гишүүн төлөөлөн бүртгэлийг бөглөх бөгөөд гэр бүлийн бүх гишүүдэд олгогдох санхүүгийн тусламж тухайн өрхийн дансанд цугтаа шилжин орно

– Хэрэв Та Япон Улсын “My Number” карттай бол заавал бүртгэлийн хуудсыг шуудангаар ирэхийг хүлээлгүй цахимаар бүртгүүлэх боломжтой

– Хэрэв Та дээрх санхүүгийн нэг удаагийн тусламжийг авах сонирхолгүй бол бүртгэлийн хуудсыг бөглөж явуулах шаардлагагүй болно

Дээрх бүртгэл хэзээнээс эхлэхийг тухайн оршин суугаа газрын хот, дүүргийн захиргаанаас шийдэх бөгөөд бүртгэл дуусах хугацаа нь бүртгэл эхэлсэн өдрөөс хойш 3 сарын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ