• Худал мэдээлэл түгээсэн  иргэнийг 500 нэгж, аж ахуйн нэгжийг 5000 нэгжээр торгох заалтыг “COVID-19”-ын хуулиас хаслаа

    2020-04-30

    Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр  хийж, баталлаа.

    Хуулийн төслийг санаагчлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шинэ коронавирусийн халдварын үйл явц, дэлхийн улсуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг судалж, одоогийн нөхцөл байдалд тулгуурлан хуулийн төслийг боловсруулсан. Бид түрүүлж хөдөлснөөр тахлын тархалтыг дотооддоо барьж чадсан. Энэ амжилтаа хадгалах үүднээс гамшгаас хамгаалах байгууллагуудын уялдааг хангах шаардлагатай байна. Үндэсний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад зайлшгүй тулгарах ирж буй томоохон сорилтыг даван туулахад монголын төр болон тусгай чиг үүргийн байгууллагуудын бэлэн байдал бүрэн хангагдана гэж үзэж байгаа гэсэн” юм.

    Хуулийн төсөлд бэлэн байдлын зэрэг, хорио цээр, хөдөлгөөн хязгаарлалт зэрэг тодорхойлолтуудыг шинэчилсэн төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлууд, УОК-ын бүрэн эрхэд хамаарах болон төрийн захиргаа, хуулийн этгээд албан тушаалтнуудын эрх, үүргийг тодорхой болгож өгчээ.

    Ажлын хэсгийн ахлагч, АБГББХ-ны дарга Т.Аюурсайхан “Эцсийн хэлэлцүүлгийн үед Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болох Цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн хэсэгт хүүхэд гэдэг бүлэг үлдээд байгаа юм. Хэрэв УИХ-ын дарга чиглэл өгвөл ердийн олонхоор хэлэлцээд шийдвэрлэх боломжтой гэв.

    Ийнхүү байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, цар тахлын голомтод эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад гэснийг эрсдэлт нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч гэж тус тус өөрчлөх гэсэн саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

    Хуулийн төсөлд Онцгой эрсдэлтэй үед хорио цээрийн дэглэмийг санаатайгаар саад учруулсан, олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээсэн бол иргэнийг 500 нэгж, аж ахуйн нэгжийг 5000 нэгжээр торгоно гэж тусгасныг ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хасах санал гаргасан. Тэрбээр энэ тухай “Хэвлэлийн эрх чөлөөг боох, иргэдийн үгээ хэлэх эрхийг нь хаасан зүйл заалтыг зөвшөөрөхгүй зарчмыг баримталж ажилласан. Тиймээс хуулийн төслийн 9.10, 9.15 дахь хэвлэлийн эрх чөлөө иргэдийн үг хэлэх заалтыг хассан. Аливаа хуульд хариуцлагын заалт байх нь зүйн хэрэг. Гэхдээ хэм хэмжээ гэж байх ёстой. Худал мэдээлэл хэлсэн хувь хүнийг 5 сая төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох ийм саналыг оруулж ирснийг бид дэмжиж болохгүй. Энэ заалтыг дэмжихгүй санал өгч, төслөөс хасах саналтай байна” гэв.Ингээд уг заалтыг хуулиас хаслаа.

    Б.Саруул

     

     

     

     

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ