• ГЭРЭЛ ТҮГЭЭГЧИД БА НЭРГҮЙ БААТАР

    2020-04-30

    Монголын нийгэм цоо шинэ бүхэнтэй нүүр тулгарч басхүү сониучирхан байсан тэртээх 1995 онд “Ротари”  гэх олон улсын клубын салбар байгууллагыг Монголд анх нээсэн түүхтэй. Энэ бол клубын гишүүд болоод монголчуудын хувьд шинэ туршлага, түүхийн хуудас нээсэн он жилүүд байлаа.

    Монгол Улсад Улаанбаатар Ротари клуб 1995 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 16 Ротари клуб, 18-30 насны гишүүдтэй 15 Ротаракт, 12-18 хүртэлх насны гишүүдтэй 4 интеракт клуб  үйл ажиллагаа явуулж 250 гаруй хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлээд байна.

    Одоогоос 25 жилийн өмнө итгэл, сэтгэлээрээ жигүүрлэсэн эгэл жирийн иргэдийн нэгдэл өнөөдөр салаа мөчир бүрээсээ нийгэмдээ үр жимсээ өгсөн хүчирхэг клуб болж хөгжжээ.

    Монголын Ротари клуб өнөөдрийг хүртэл үндсэн 6 чиглэлийнхээ хүрээнд 10.8 сая долларын төсөл хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлээд байна.  Энэ төсөл бүрийн цаана клубын гишүүдийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүтгэл хамт оршиж байгаа юм.

    Тэдний зүтгэл болгоны ард монголын эгэл жирийн хүүхдүүдийн зүрх цохилж, амьдрал бэлэглэж,  байгаль орчин, боловсролын салбарт гэгээ татаж  байгааг бодох төдий ямар их утга учиртай ажил хийж байгааг бэлхнээ ойлгож болох мэт санагдана.

       Ротаричууд гэж  хэн бэ?

    Ротари клуб үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүс. Тэдний ард хэн нэгэн улстөрч, бизнесмэн, санхүүжүүлэгч байдаггүй. Амьдарч буй нийгэмдээ эерэгээр нөлөөлж, үүрэг оролцоотой байх, бусдыг сайн сайханд уриалан дуудах хүсэлтэй хүн бүрийн өмнө энэ клубын үүд хаалга үргэлж нээлттэй байдаг билээ.

    Энэ клубын үүсгэн байгуулагч, анхны гишүүд өөрсдийн дурсамжаа 20 жилийн ойд зориулсан баримтат киноны үеэр хуваалцжээ. Ротари клубын анхны үүсгэн байгуулагчдын нэг 1996-1997 оны Улаанбаатар Ротари клубын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Америкт 1990 оны эхэн үед оюутан байхдаа ийм клуб байдгийг мэджээ.

    Монголын тухай илтгэл тавих хүсэлтийн дагуу 200-300 хүнтэй танхимд хүрэлцэн ирж, улмаар хүмүүс бие биедээ хариу нэхэхгүй тусалж дэмждэг Ротари клубтай анх танилцсан гэдэг.

    Тухайн үед хүмүүнлэгийн байгууллага гэдэг манайд цоо шинэ ойлголт байсан, анхандаа яаж, хэрхэн ажилладаг вэ гэдгийг нь сонирхох хүмүүс бишгүй их байсныг Д.Жаргалсайхан ярьсан юм. Юм бүхэн шинэхэн, содон байсан тэр цагт Улаанбаатар Ротари ууган клубын үйл ажиллагаа жигдэрч эхэлснээр өнөөдрийн амжилтын шанг татан улам бүр бүл нэмсээр байна.

    Эрх мэдэлтэй эсвэл мөнгөтэй хүний гарт биш эгэл жирийн олон мянган хүмүүс эвлэн нэгдэж чадвал их хүч оршдог гэдгийг бодит илрэл билээ.

    Клубын гишүүд хамтдаа цагийн менежмент, төлөвлөлт, зохион байгуулалт гэх мэтчилэн олон ур чадварт нэг нэгнээсээ суралцаж, үргэлж хөгжсөөр байдаг онцлогтой.

    2010-2011 оны бүсийн захирагчаар ажиллаж байсан Л.Баярсайхан эмч энэ клубт ёс зүй бөгөөд үүрэг хариуцлагаа өндөр түвшинд ухамсарладаг хүмүүсийн нэгдэл хэмээн тодотгосон. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд өөрсдийн итгэл үнэмшлээр ийм олонд тусламжийн гараа сунгасан ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тэд бол Ротаригаар овоглосон баатрууд  юм.

     Тэд эх орондоо юу хийж бүтээсэн бэ?

    Монголын Ротаричууд суурь боловсролыг дэмжих, Эх хүүхдийн эрүүл мэнд, цэвэр усны хангамж, бүс нутгийн эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, залуучуудын хөгжлийн чиглэлд нийтдээ 10.8 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Клуб болгоны төсөл, хөтөлбөрийг энд нэрлээд явбал урт жагсаалт гарах нь дамжиггүй. Тиймээс эгэл жирийн мянга, мянган хүний амьдрал нөлөөлсөн онцлох төслүүдээс онцолж байна.

    Хүрээ ротари клубээс санаачилж, зохион байгуулсан “Амьдралын төлөөх аян” хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр 10 жилийн хугацаанд хэрэгжиж, 21 аймагт ажиллаж, 30 мянга гаруй эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг амжилттай зохион байгуулжээ.

    Өнөөдөр Монгол Улсад элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл түгээмэл тохиолдож байна.

    Эмэгтэйчүүдийн чимээгүй дайсан болох умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээнд эмэгтэйчүүд идэвхтэй хамрагдаж, олон хүнийг эрт үед нь өвчлөлийг илрүүлж, аюулт өвчнөөс сэргийлж чадсан юм.

    Аяны хүрээнд үзлэгт хамрагдаж, эмчилгээ аваад үр хүүхдээ төрүүлээд аз жаргалтай амьдарч явна даа хэмээн чин сэтгэлийн үгээ төслийн багийнханд илгээсэн хүн ч бий. Энэ төсөл нь олон улсын хэмжээнд үнэлэгдэж, шилдэг төслөөр шалгарч байсан юм.  Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр  “Keep Mongolia Green” төслийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

    2007-2008 оны бүсийн захирагч Ч.Энхтуяа ярихдаа “Эх орноо цөлжилтөөс хамгаалах зорилгоор энэ төслийг эхлүүлсэн. Шар шорооны нүүдэл ганцхан Монголынх биш олон улсын хэмжээний асуудал болсон. Цөлжилтөөс хамгаалахын тулд Хархорин, Чойр, Дархан, Эрдэнэсант, Төв аймагт төслөө хэрэгжүүлсэн. Зундаа аагим халуун, өвөлдөө хүйтэн говьд мод ургах уу гэдэг асуултыг олон хүн тавьж байсан ч бид чадсан.

    Төсөл хэрэгжих хугацаанд Солонгосын мэргэжилтнүүдээс бид их зүйл суралцсан. Ажлын байр бий болгосон гээд эерэг үр нөлөө олон бий” гэсэн юм. Туул ротари клубынхан “Хүүхдийн зүрх” төслийг 15 жил амжилттай хэрэгжүүлж байна. Энэ тухай 2014-2015 оны Туул Ротари клубын Ерөнхийлөгч Т.Мягмарсүрэн “Зүрхний төрөлхийн гажигтай 400 гаруй хүүхдүүдэд гадаадад мэс засалд хамруулан амьдрал бэлэглэсэн. Тэдний инээмсэглэлийг харах бүрт төслийн утга учрыг мэдэрдэг” хэмээсэн юм. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор бүтээсэн “Шувуу” апп, орон нутгийн хүүхдийн бие засах газрыг сайжруулах төсөл, Эрүүл мэндийн яам болоод дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлах зэрэг Монголын нийгэмд хэрэгтэй, олон хүний амьдралд итгэл найдвар төрүүлсэн олон төслүүд ар араасаа цуварч байна.

    Гэрэл түгээгчид

    Ротари хэмээх нэгэн дээвэр дор дэлхийн өнцөг булан бүрээс 1.2 сая хүн нэгдсэн. Энэ том айлын эд эс болсон Монголын Ротари клубууд нэр төрөө өндөрт өргөж, үүрэг, хариуцлагаа ухамсарлан хамтдаа өдрөөс өдөрт суралцан хөгжсөөр байна.

    Эх дэлхийгээ, амьдарч байгаа нийгмээ сайн сайхан болгохын төлөө бодит асуудлыг барьж авч, шийдвэрлэдэг нь энэ клубын онцлог.

    Өнөөдөр таны, миний, бидний амьдралд тулгамдаж буй шийдэл хүлээж байгаа асуудлыг хэн нэгэн албан тушаалтан, улстөрч, дарга нарыг л шийдэх ёстой гэж хүлээн гараа хумхиж шалтаг тоочиж суухгүйгээр нийтээрээ хөдөлж чаддаг нь тэдний давуу тал билээ.

    Эгэл жирийн мянга мянган хүний гарт жинхэнэ эрх мэдэл, хүч чадал байдгийг үгээр биш үйлдлээрээ ойлгуулдаг нь Ротаричууд. Тэд бол гэрэл түгээгчид басхүү нэргүй баатрууд билээ.

                                   Ц.Оюунтунгалаг             

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ