• Сонгогчдын олонхийн саналаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болно

    УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.

    Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын долоон гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийлээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулан дэгийн дагуу УИХ-ын гишүүд үг хэлж, төсөл санаачлагчид зарим тодруулга өгч байна.

    Хуулийн төслийн ахлагч Д.Лүндээжанцан “Гишүүдээс гаргасан болон иргэд сонгогчдоос ирүүлсэн олон саналыг нэгтгэж, хориглох зүйлсийг хийсэн. АН-ын зүгээс санал болгоод, УИХ-ын гишүүдийн дархлааг сулруулсан заалт оруулсан гэж ярьсан. Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн хориглох үйл ажиллагааны талаарх зарим зүйлийг хассан.

    УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр УИХ-ын гишүүд гадаадад зорчихыг хориглоно, хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх гэдэг хэвээр байгаа. Гишүүний бүрэн эрхэд үл хамаарах байдлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг доромжлох, гүтгэх, дайрах, далайлган сүрдүүлэхийг хориглоно гэдгийг хийж өгсөн байгаа. Бид гарцаагүй зүйлүүдээ авч үзээд явна” гэлээ.

    УИХ-ын гишүүнийг сонгогчид нь эргүүлэн татах тухай зарчмын зөрүүтэй саналыг Д.Эрдэнэбат гишүүн гаргажээ. Тэрбээр энэ талаар “Зарим гишүүд мушгисан тайлбар хийгээд байна. Миний санал бол сонгогдсон тойргийн нийт сонгогчдын олонхи нь эргүүлэн татахыг дэмжсэн бол тухайн гишүүнийг эргэн татъя гэсэн санал. Хариуцлага ёс зүй, хяналтын хувьд тухайн тойргийн хараа, үнэлэмж, итгэлцэл дор гишүүд байх ёстой. Тийм учраас энэ саналыг босгоод өгөөч ээ. Энэ нь үнэхээр гишүүн хариуцлагатай, ёс зүйтэй байхад чухал нөлөөтэй” гэсэн юм.

    Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй энэ саналыг чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд дэмжлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ