
Ипотекийн зээлийн хугацааг зургаан сараар сунгах хүсэлтийг хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Өнөөдөр Монголбанкнаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин дараахь мэдээллийг өглөө.
“Төлбөр хойшлуулахтай холбоотой ажил хэвийн үргэлжилж байна. Монголын Ипотекийн корпорациас арилжааны банкуудад шийдвэрийг хүргүүлсний дагуу банкууд зээлдэгч нарт аль болох хүндрэл багатай,банкин дээр ирэхгүйгээр зээлээ хойшлуулах хүсэлтүүдийг цахимаар авч байгаа. Өнөөдөр хүсэлт авах сүүлийн хугацаа. Өнөөдөртөө багтаад цахимаар хүсэлтээ илгээсэн бол зургадугаар сарын 1-нээс өмнө банкин дээрээ очиж хүсэлтээ баталгаажуулах шаардлагатай.
Өчигдөр батлагдсан тогтоол дээр тавдугаар сарын 1-нээс өмнө хүсэлтээ гаргаагүй зээлдэгч нарын хувьд 8 хувийн хүүний хоёр нэгж хувьтай тэнцэх хүүгийн эргэн төлөлтийн төлбөрийг нь улсаас татаас хэлбэрээр эргэн олгох арга хэмжээ багтсан.
Үүнийг хэрэгжүүлэхэд Сангийн яамтай хэлэлцэх зайлшгүй шаардлагатай.
Хөтөлбөрийн зээлтэй нийт 72 мянган зээлдэгч байгаагаас хэд нь төлбөрөө хойшлуулах хүсэлт ирүүлснээс шалтгаалаад хэдэн зээлдэгчийн хоёр хувийн хүүний татаасыг олгох вэ гэдгийг шийднэ.
Нэгэнт зээлдэгч нарын мэдээлэл нь тухайн банкин дээр байгаа учраас үүнийг богино хугацаанд багтаан зохион байгуулах боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй