• Ж.Ганхуяг:Хүүхдүүдийнхээ зургийг дарсаар гэрэл зурагт хоббитой болсон

    2020-04-30

    “Хобби” буландаа гэрэл зураг сонирхогч Ж.Ганхуягийг урилаа.


    Хүүхдүүдийнхээ бага насыг дурсамж болгон үлдээх зорилгоор анх гэрэл зураг сонирхож эхэлсэн  хоёр хүүхдийн аав Ж.Ганхуягтай ярилцлаа. Тэрээр дулааны инженер мэргэжилтэй. Гэрэл зураг сонирхож, гурван жилийн өмнө адил хоббитой найзуудтайгаа нийлжГэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп-ийг үүсгэн байгуулж,өдгөө 53 мянгуулаа болжээ.

    -Өөрийгөө гэрэл зурагчин биш гэрэл зураг сонирхогч гэж тодотгосон байна.Өөрийгөө  манай уншигчдад танилцуулаач?

    -Миний хувьд дулааны инженер мэргэжилтэй. Одоо MCS International компанид ажиллаж байна. Өмнөговь аймгийн Цогцсэций суман дахь цахилгаан станцад диспетчер инженерээр ажилладаг. Ам бүл дөрвүүлээ, хүүхдүүдийнхээ зургийг авах дуртай аав байна.

    -Яагаад гэрэл зургийг хоббигоо болгох болсон бэ?

    -Анх 2017 оны зургадугаар сараас эхлэн гэрэл зураг сонирхож эхлэлсэн. Камертай болохоосоо өмнө хүүхдүүдийнхээ зургийг гар утсаараа их дардаг байлаа.

    Хүүхдүүдээ дөнгөж төрөхөөс нь авахуулаад худалч хүнд бараг долоо долоо хоногийн зайтай зургуудыг нь дардаг байсан.

    Гэрэл зураг бол нэгдүгээрт хүүхдүүдийн маань хувьд үнэтэй дурсамж болон үлдэх, нөгөөтэйгүүр өөрөө ч их зүйл сурах юм байна гэж бодоод мэргэжлийн камераар дарж эхэлсэн  дээ.

    Анх камертай болох үедээ надтай адилхан хоббитой долоон найзуудтайгаа нийлээд Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп-ийг үүсгэн байгуулж,хөгжүүлж ирсэн. Одоо групп маань 53 мянга гаруй гишүүдтэй болсон байна. Тэрнээс гадна гэрэл зураг сонирхогч мянга гаруй залуучуудад шинийг сурахад нь бага боловч дөхөм болгох зорилгоор нийт 10 удаагийн эвент  зохион байгуулсан байна.

    -Орчин үед хүүхдүүдийнхээ зургийг ажил болгон авдаг тань шиг хүмүүс цөөхөн болов уу?

    -Миний хувьд зургийн цомгоо үзье гэхээр миний багийн зураг бараг байдаггүй. Ганц, хоёр ширхэг л байдаг.

    Тийм болохоор ч юм уу одоо техник,технологи хөгжсөн үед хүүхдүүдийнхээ бага насны дурсамжийг хадгалж үлдээе гэсэн зорилгоор хүүхдүүдийнхээ дургийг их дардаг.

    14 хоног ажилласныхаа дараа гэртээ ирсэн үедээ гэр бүлээрээ агаарт гарахыг хичээдэг. Тэгэхдээ камераа аваад л хүүхдүүдийнхээ тоголж байгаа зургийг дарах дуртай.

    -Мэргэжлийн зурагчдын хувьд байгалийн,спортын гэрэл зургаар дагнасан гэж ярьцгаадаг. Тэгвэл Таны хувьд хүүхдүүдийнхэ зургаар дагнасан гэж болох уу? 

    -Ер нь тэгж хэлж болно шүү.

    Сүүлийн үед хүүхдүүд маань том болоод зурганд орохдоо их дурамжхан,дургүй талдаа болоод байгаа.

    “Миний хүү тэнд очоод зогсоотох” гэхээр ялангуяа манай том их дурамжхан байгаа. Бага нь хоёр ой гарантай болохоор сайн ойлгохгүй,тэнд очоод зогсчих гэхээр ер нь зогсож өгнө шүү. Сүүлийн үед жижгийгээ л их дарж байна даа. Хүүхдүүдийнхээ зургийг дарж явж байгаад,сүүл рүүгээ гудамжны,байгалийн гэрэл зураг авч эхэлсэн.

    -Ер нь гэрэл зураг сонирхож эхэлж байгаа хүмүүс юун дээр алддаг вэ?

    -Бүгд л адилхан шугамнаас эхэлж байгаа учраас алдаа гэж байхгүй. Хүмүүсийн дарсан зурагнуудтай өөрийнхөө зургуудыг харьцуулаад явахад алдаагаа хардаг. Эхэндээ объектоо хамаагүй дардаг байсан бол бага зэрэг туршлагажаад ирэхээр хаанаас нь дарвал гоё харагдах уу,хүмүүсийн ярьдгаар өнцөг,гэрэл сүүдэр гээд ажигладаг,боддог болчихдог. Миний хувьд ч гэсэн хамаагүй л баахан дардаг байсан/инээв/. Миний анзаарснаар гэрэл зураг авахад мэдрэмж хамгийн чухал. Манай группийн жишээнээс харахад дараад л байгаа хэрнээ хөгждөггүй хүмүүс байдаг. Энэ хүмүүс нь талаараа бага хүчин чармайлт гаргадаг, нөгөөтэйгүүр чармайгаад байгаа боловч мэдрэмжгүй хүмүүс байх тохиолдол ч бий.

    -Гэрэл зураг дарахдаа ямар камерыг түлхүү ашигладаг вэ?

    -Анх Nikon D7200 гэсэн камертай байхдаа хүмүүстэй зурганд гарахаар камер маань яалт ч үгүй гологдоод байсан. Тэрний дараа Nikon D810 гээд мэргэжлийн камер аваад дарж үзсэн. Гэхдээ миний хувьд гэрэл зургийг яг мөнгө олох хэрэгсэл биш кайф авах хобби учраас хэдэн саяын үнэтэй камер,дуран шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгж бодоод үнэтэй камер, дурангаа бүгдийг нь зараад алтан дундаж хэрнээ бас мэргэжлийн ангилалдаа орчихдог гэх үүднээс Nikon D750 гэсэн камер авсан. Яахав нарийн яривал мэдээж ялгаатай боловч,ерөнхийдээ бүх камер бүгд адилхан.

    Харин тэрийг бариад товчлуур дарж байгаа хүнээс нь бүх зүйл шалтгаална.

    -Сүүлийн үед юуны зураг түлхүү авч байна вэ? 

    -Хотын шөнийн,эсвэл хотоос гараад байгалийн зурганд их гарч байна. Дуранд харагдаж байгаагаар нь авах биш нэмэлт хэрэгсэл ашиглаж,зургандаа илүү өнгө,чимэг нэмэхийг зорьдог болсон. Хамгийн сүүлд гэхэд Steel wool гээд шатдаг материалыг шатааж байгаад эргүүлж зургандаа ашигласан.

    Ингэж эргүүлж байхад наанаас нь зургийг нь авахаар цацарсан маш өвөрмөц эффект ордог. Мөн LED маскуудыг их ашиглаж байна. Зургийг их гоё чимж өгдөг.

    -Зөвхөн зураг авахаас гадна авсныхаа дараа засч янзлах нь зургийг амь оруулах чухал зэвсэг болов уу?

    -Гэрэл зургийг авна гэдэг нь хоол хийхтэй адил,харин edit хийх буюу засч янзлах нь хоолны нэмэлт амтлагч буюу давс,сонгинотой адилтган зүйрлэдэг.

    Зургаа авсныхаа дараа засч янзлах нь тухайн хүнээс маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг. Өнгийг нь янзлах, илүү элементүүдийг нь арилгах,дутууг нь гүйцээснээр зургийг илүү амьтай буюу бодитой болгож өгдөг. Миний хувьд сонирхогч учраас Photoshop дээр тэр болгон ажилладаггүй учраас Youtube-аас эффект яаж оруулах,жижиг элементийг яаж засах гээд бичлэг их үздэг. Энэ зурагны хувьд засахад цаг гаруй хугацаа орсон. Эхний зурган дээр өмд нь жижиг уранхайтай байсан бол сүүлийн хувилбар дээр тэр цоорхойг нь нөхсөн байх жишээний.

    Lightroom програмын хувьд өнгө тавих,дата файлуудыг цэгцлэх талдаа хөгжсөн програм.

    Photoshop-ын хувьд өнгөө тавьчихсан гоё зурагныхаа жижиг нарийн элементүүдийг тодруулж,засахад ашигладаг гэж хэлж болно. Энэ зурган дээр гэхэд нүдийг нь шинээр хийсэн,чихийг нь томруулсан гэх мэт. Ер нь энэ хоёр програмаар л гэрэл зургаа ихэвчлэн янзалдаг.

    -Зөвхөн найзуудтайгаа үүсгэн байгуулсан Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп гэхэд 53 мянган гишүүдтэй гэж байна. Ер нь гэрэл зургийг хоббигоо болгосон хүмүүс хоббигоороо мөнгө олох боломж Монголын хувьд хэр байна вэ?

    -Авсан зургууд нь бодит,хүмүүст хүрч байвал хоббигоо мөнгө болгох боломж бий. Надад ихэвчлэн хувцас,бүтээгдэхүүний зураг авахуулах  санал их ирдэг. Гэхдээ би өөрөө амьгүй биет ихэвчлэн дардаг болохоор хүний зургийг дарахаас аль болох татгалздаг боловч нэг удаа U-one хувцасны брэндтэй хамтраад жүжигчин А.Туяаг моделио болгоод зургийг нь дарж,өөрийгөө сорьж үзсэн.Тухайн үедээ гэрэл сүүдэр нь таарсан гоё харагдаж байсан боловч одоо харахаар тийм ч сэтгэлд хүрэхгүй л байна. Хүний зураг авахад гэрэл сүүдрээс авахуулаад зургаа дарсныхаа дараа хүний нүүрийг засна гэдэг нь нилээн ур чадвар шаарддаг.

    -Залуучууд гэрэл зургийг хоббигоо болгосоор ямар давуу талтай вэ?

    -Цагаа зөв боловсон өнгөрөөхөөс гадна зөвхөн зураг дарах биш компьютерийн програмуудыг сурах гээд давуу тал ихтэй.Нэг зураг авахдаа хэдэн километр алхаж байж авдаг учраас нэг талаараа эрүүл мэндэд ч тустай. Гэрэл зурагт ороорой,хоббигоо болгоорой гэж залуустаа уриалмаар байна. Манай группын хувьд нэг зураг оруулаад авахдаа биш гол нь хамтдаа суралцаад,бие биетэйгээ мэддэгээ хуваалцахыг чухалчилдаг. Гэрэл зураг сонирхогч хэн бүхэнд манай групп нээлттэй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ