• Төрийн аудитын байгууллагын чиг үүрэгт  улс төрийн намын санхүүжилтийг хянах заалтыг хэвээр үлдээхийг шаардлаа

    2020-04-29

    Сонгуулийн санхүүжилтийг хянах төрийн аудитын байгууллагын чиг үүргийг алдагдуулж буйг эсэргүүцэн УИХ-ын дарга З.Занданшатарт шаардлага хүргүүлж байгаагаа “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийг үүсгэн байгуулагчдын төлөөлөл “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийг санаачлагч С.Сосормаа, Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн  Л.Төр-Од,  МУБИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од нар мэдэгдлээ.

    УИХ-аар Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Уг төслийн үзэл баримтлалд Сонгуулийн тухай хуулиудад заасан “УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардал болон Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх эдийн засгийн тооцоог хянаж дүгнэлт гаргах” гэсэн бүлэг зохицуулалтыг төрийн аудитын байгууллагын чиг үүргээс хасах саналыг оруулж иржээ.

    Дээрх чиг үүргийг хассанаар аливаа сонгуулиар мөнгө тараах, бохир мөнгө угаах зэргээр авлигыг нэмэгдүүлэх нөхцөл бүрддэг тул дэлхийн 28 улс орон сонгуулийн санхүүжилтийг төрийн аудитын байгууллагаар хянуулдаг байна. Тиймээс олон улсын энэхүү жишгийг харгалзахын сацуу өмнө нь бий болгосон ололт амжилтдаа тулгуурлан сонгуулийн санхүүжилтийг хянах үүргийг Үндэсний аудитын чиг үүрэгт хэвээр хадгалахыг шаардаж буйгаа “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийг санаачлагч С.Сосормаа хэллээ.

    Тэрбээр “Тус байгууллагын хараат бус байдал хангагдахгүй байна.  Тодруулбал, өмнөх хуульд заасан “УИХ-ын дарга ерөнхий аудиторын нэрийг дэвшүүлж, УИХ-аар батлуулна” гэсэн заалтыг энэ удаагийн хуулийн төсөлд хэвээр нь оруулсан. Ингэснээр төрийн хяналтаас хараат бус байх байгууллагын даргын  нэрийг хэн нэгэн албан тушаалтан оруулах нь томилгооны хараат бус байдлыг алдагдуулж буй учраас энэхүү заалтыг өөрчлөх хэрэгтэй.

    Ингэхдээ УИХ болон Төсвийн байнгын хороо олон нийтийн дунд сонгон шалгаруулалт явуулж, томилгооны хяналтын сонсгол зохион байгуулан иргэдээс олон санал авсан нэрсийн дундаас холбогдох эрх бүхий субеькт нь санал болгох журмаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй” гэв. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын дарга Үндэсний аудитын газарт үүрэг чиглэл өгөх, хяналт тавих хуулийн зохицуулалтыг мөн өөрчлөх ёстой гэж үзэж буйгаа хэллээ.

    Үндэсний аудитын газар 2007 онд түүхэндээ анх удаа улс төрийн намуудад аудит хийж, тайлан гаргасан ч тухайн тайланд тусгасан шаардлагуудыг улс төрийн намууд өнөөг хүртэл биелүүлээгүйг МУБИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од хэллээ.

    Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд санхүүгийнхээ үйл ажиллагаанд аудит хийж, олон нийтэд ил тод зарлах ёстой ч энэ үүргийг огт биелүүлэхгүй байна. Бодит байдалд хамгийн хариуцлагагүй, хууль хэрэгжүүлдэггүй цорын ганц институц бол улс төрийн нам.

    Монголд өнөөдрийн байдлаар 36 улс төрийн нам байгаагаас 27 нь сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргасан. Одоо мөрдөж буй Аудитын хуулиар улс төрийн намууд өнгөрсөн жилийн санхүүгийнхээ тайлан болон хандивыг аудитын байгууллагад хүргүүлчихсэн. Гэтэл энэ мэдээлэл өнөөдрийг хүртэл яагаад ил тод болохгүй байна вэ.

    Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой маргаан нэлээд өрнөж байна. Хүчин төгөлдөр мөрдөж буй Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам хандив, намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөр санхүүжилтээ бүрдүүлнэ. Тиймээс намын өөрийн хөрөнгө гэж юу юм бэ гэдгийг аудитын байгууллага илэрүүлж, олон нийтэд ил тод болгох ёстой. Нэр дэвшигчийн хөрөнгө гэдгийг хуулиар тодорхойлсон нэг ч заалт байхгүй” хэмээн ярилаа.

    Дэлхийн улс орнуудын авлигын түвшний индексийг Транспэрэнси Интернэшнл байгууллага жил бүр гаргадаг бөгөөд Монгол Улсын индексийн түвшин 2015 оноос эхлэн буурчээ.

    Үүний нэг шалтгаан нь улсын төсөв, төрийн санхүүгийн ил тод биш, зарцуулалт нь тодорхой бус байдал гэдгийг тус байгууллагын тэргүүн  Л.Төр-Од хэллээ. Тэрбээр “Иргэдийн дунд хийсэн судалгаагаар авлигал тархсан байгууллагын хоёрдугаарт улс төрийн намууд жагссан хэвээрээ байгаа. Эрх зүйн орчны хувьд УИХ-ын тогтоолоор 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрийн бодлогын хэмжээнд Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт улс төрийн санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, намын санхүүжилтад тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар тусгасан.

    Ялангуяа намын санхүүжилтад тавих хяналтыг сайжруулахын тулд институц эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэгтэй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, эрх зүйн болон институцын орчныг бүрдүүлэх чиг үүрэг хариуцлагыг УИХ хүлээж байгаа. Харин Засгийн газар төсөв санхүүжилтийг нь батлах, эргээд хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг хүлээсэн. Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэхүү чиг үүргийг хасч байгаа нь өмнө нь хүлээсэн үүрэг хариуцлагаасаа буцаж байгаа үйлдэл” хэмээв.

    Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    -Дэлхийн улс орнуудаас суралцах ямар сайн туршлага байна вэ?

    МУБИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од:2012 оноос Гүрж улс сонгуулийн хуульдаа шинэчлэлт хийж, аудитын байгууллагынхаа үүрэг оролцоог өргөжүүлж, өнөөдрийг хүртэл сонгууль болон улс төрийн намтай холбоотой бүх аудитыг хийж байна. Хамгийн сонирхолтой нь улс төрийн намуудад хэн хэдэн төгрөгийн хандив өгсөн тухай мэдээлэл нь гүрж хэл дээрээ ил тод байх жишээтэй. Гэтэл манай улсад ийм мэдээлэл байдаггүй. Тиймээс бид үүнийг бусад улс орон шиг илүү нээлттэй болгох хэрэгтэй.

    -АН нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ дэнчин гэж эхний ээлжид 100 сая төгрөг хурааж, улмаар нэмэгдүүлсэн. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

    Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн  Л.Төр-Од:Дэлхийн зарим улс төрийн намууд өөрсдийнхөө гишүүд дэмжигчид, итгэл хүлээлгэж санал өгсөн иргэдийн өмнө илүү ил тод, нээлттэй, хариуцлагатай байх үүднээс дэнчин авахаас татгалзаж байгаа.

    Ялангуяа Еропын холбооны улс орнуудад санхүүжилтийг нь төрөөс тодорхой хэмжээнд шийдэж өгдөг.

    Манай улсын зарим намууд хэт өндөр дэнчин авч байгаа нь тухайн нэр дэвшигчдийг авлигалын эрсдэлд шууд өртүүлж байна гэж хэлж болно. Учир нь, ямар аж ахуйн нэгж, байгууллагаас санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж буй нь тодорхой бус байна. Энэ нь эргээд оффшор данс болон мөнгө угаасан бохир эх үүсвэрээс бүрдсэн байх магадлал өндөр байдаг.

    Тиймээс их, бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар дэнчин авахыг хуулиар хориглох нь зүйтэй гэж үздэг.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ