Эрүүл мэндийн салбар,төрийн тусгай албан хаагчдад түрээслээд,өмчлөх нөхцөлтэй ипотекийн зээлийн багц гаргах саналыг дэмжив

2020-04-29

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:Эрүүл мэндийн салбар, төрийн тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн багцыг гаргая гэсэн саналыг тусгасан.   Энэ хууль батлагдсанаар хүндээ наалдаж байгаа бодит дэмжлэг болох хамгийн чухал заалт гэж үзэж байна. Ажлын хэсэгт Барилга хот байгуулалтын сайдын гаргасан санал юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:Эрүүл мэндээ эрсдэлд оруулаад ажиллаж байгаа албан хаагчдаа Монголын төр дэмжих хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэж үзсэн.

65 мянган иргэн ипотекийн зээлтэй байгаа. Зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах гэсэн цар тахлын голомтод ажиллаж буй албан хаагчид болон ард иргэдийнхээ амьдралд дэмжлэг үзүүлэх үндсэн хоёр заалт байгаа юм. Улаанбаатар хотод ипотекийн зээлийн эрэлт улам ихсэж байна.

Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ хууль бол цар тахалтай, тэмцэх сэргийлэх тухай хуулийн төсөл. Тиймээс  цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээг тусад нь УИХ-ын тогтоолоор шийдэх ёстой. Тиймээс гишүүд энэ саналыг дэмжихгүй байхыг хүсье гэв.

УИХ-ын гишүүн, Барилга хот, байгуулалтын сайд Х.Бадельхан:Эрүүл мэнд болон онцгой байдлын ажилтнуудад зориулсан орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргах заалтыг Монголбанктай хэлэлцэн тохирч байгаад гаргасан тул хэрэгжих бүрэн боломжтой гэв.

Энэ заалтыг анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн санал өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ