• Л.Элдэв-Очир: Ноолуурыг 100 мянгаар авах боломжгүйг Ч.Улаан сайд ойрын үед залруулах байх

    УИХ дахь МАН-ын гишүүд ноолуурын асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир  “УИХ-ын даргын 73-р тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг ноолуурын зах зээл дээр тулгамдаж байгаа асуудлуудаар санал дүгнэлт гаргаж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боловсруулаад байна. Ажлын хэсгийн гишүүд төдийгүй УИХ-ын гишүүд, ялангуяа хөдөөнөөс сонгогдсон гишүүд, холбогдох байнгын хороодын дарга нар, сайд нарыг өргөтгөсөн байдлаар ажлын хэсэгт татан оролцуулж энэ шийдлийг гаргасныг дурдах нь зүйтэй. Дөрвөн зүйл заалттай тогтоолын төслийг уншиж танилцуулъя.

    Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь:

    Дэлхийн дахинд коронавирусийн цар тахал гарч эдийн засагт үүсч буй эрсдлийг бууруулах зорилгоор малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авахыг Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгасугай.

    • Ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах
    • Ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтуудаар саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудыг тэглэх асуудлыг шийдвэрлэх
    • Малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох
    • Ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах

    Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолын төсөл хүргүүлж байна. Ажлын хэсэг үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Засгийн газраас ялангуяа ХХАХҮЯ-наас ноолуурын үнийг бүс болгоноор тогтоож, зүүн аймгуудаас эхэлж 100 мянган төгрөгөөс буулгахгүй авна гэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэ бодлого үйл ажиллагаа нь ялангуяа энэ хурдацтай өөрчлөгдөж байгаа эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд таарахгүй нь ойлгомжтой болсон.

    Тийм учраас нийгэмд зөв эерэг мессеж хүргүүлснээр малчид ноолуураа борлуулах, худалдан авагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын худалдан авагчид ноолуур бэлтгэх боломжийг бий болгох, зах зээлд бодит ноолуурын үнэ тогтоох боломжтой тогтоолын төсөл болж байгаа. ХХААХҮЯ-наас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүн муутай байгаа. Тиймээс Ч.Улаан сайд тодорхой хэмжээний залруулга ойрын үед хийх байх” гэлээ.

    Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УИХ-ын чуулганы хуралдаанд Архангай аймагт бэлтгэгдсэн ноолуур хэзээ ч 100 мянган төгрөгт хүрч байгаагүй гэдэг асуудал ярьсан. Тус яамны газрын дарга н.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн захирал Баатар нарын өнгөрсөн гурван жилийн хугацаанд ноолуурын дундаж үнэ ямар байсныг харуулсан судалгаа гаргаж өгсөн. Энэ судалгаагаар 2018 онд Архангай аймагт ноолуур 102 мянга, 2019 онд 120 мянган төгрөгийн үнэтэй байжээ”.

    УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “ХХААХҮ-ийн яам ноолуурын үнийг 100 мянга гэж зарласан. Гэтэл бодит байдал дээр ноолуурын үнэ 100 мянгад хүрэхгүй, малчид хүлээлтийн байдалд орчихсон байна. 300 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд ноолуур худалдан авлаа гэхэд цаана нь 70 хувь нь үлдэж байна. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь аль аль талдаа амьдралд ойр, бодитой хувилбар юм”.

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Нэмэгдэлэээр олгох 200 тэрбум төгрөгийг Сангийн яамтай ярилцаж тохирсны дагуу Засгийн газраас гаргана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тал талын төлөөллийг оролцуулсан. Жишээ нь, “Говь” компанийн захирал Ц.Баатарсайхан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг оролцуулсан. Уг тогтоолын саналд үйлдвэрлэгчдийн санал нэлээд орсон” хэмээлээ.

    Gereg.Mn

    Posted by Gereg.Mn on Tuesday, April 28, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ