Бие даагчдын дунд АН-ын Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч Х.Баттулгынхан олноороо багтжээ

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд улстөрийн 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлээд байна. Тэгвэл энэхүү сонгуульд нэр дэвших хүсэлтэй 208 бие даагч Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа тухай мэдээллээ. Эдгээр бие даагчдын дунд АН-ыг удирдаж явсан, тус намын лидерүүд олноороо байгаа юм.

Ерөнхийдөө эдгээр нэр дэвшихийг хүсэгчдийн олонх нь цаанаа эзэдтэй нөхдүүд байгаа аж. АН, МАН-аас нэр дэвших эрх авч чадахгүй нь тодорхой болсон нөхдүүд ч цөөнгүй юм Click To Tweet.

АН-аас Н.Алтанхуяг хасагдсан нь түүнийг дагалдагдын хамт хаачих вэ хэмээх шалаанд оруулсан. Тиймээс хувийн нам байгуулсан ч нөгөө нам нь энэ оны сонгуульд орох эрхгүй болж таарав. Тиймээс Н.Алтанхуяг буюу түүний “Алтангадас” фракцийнхан бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрүүдээ өгчээ.

Цагтаа АН төр, засагт орох бүрийд хамгийн том суудлуудыг эзэлдэг байсан “Алтангадас”-ынхан энэ удаа АН-аас нэр дэвшигчдэд томоохон шавар хаах нь тодорхой.

Хамгийн залуудаа парламентад сонгогдож, Байгаль орчны сайд, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дэд даргын албыг хашиж явсан С.Баярцогт энэ удаа бие даасан. Тэр бол “Алтангадас”-ын нэг эд эс. Click To Tweet С.Баярцогтын тухайд өмнөх УИХ-д байхад нь оффшорт хадгалсан мөнгө, данс, компани нь илэрч байлаа. Тиймээс С.Баярцогтыг шалгаж эхэлсэн. Тэгмэгц нь АН-ын шинэ дарга С.Эрдэнэ намаасаа хасч орхисон билээ. Гэвч уг асуудал хэрэг биш болж байгаа чимээ дуулдаад байсан нь үнэн болж тэрбээр бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.

Түүнээс гадна Н.Алтанхуягтай дөрөө харшуулан бие дааж байгаа түүний фракцийн нөхдийн тоонд БОЯ-ны сайд асан Л.Гансүх, УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл, АН-ын нарийн бичгийн дарга асан Д.Анхбаяр, ЭХЯ-ны дэд сайд асан Д.Доржпүрэв, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, П.Галиндэв зэрэг залуус байна.

Мөн Улсын баатар Э.Бат-Үүл уг нь нэр дэвшихгүй гэж байсан ч бие дааж нэр дэвшихээр шийджээ. Тэрбээр ийнхүү нэр дэвшиж байгаагаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой холбон тайлбарласан.

Тэрбээр “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө! Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа…?!” хэмээн жиргэж З.Энхболдын нэр дэвшсэн тойротг бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн.

Э.Бат-Үүлийнх гэгддэг  Гэр хорооллын хөгжлийн нам түүнийг өөрийг нь мөн Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ц.Элбэгдоржийг ч өөрийн намаас нэр дэвшихийг уриалаад байна.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын ойр тойрныхон мөн олноороо бие даагаад байна. Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөхүүд болох Г.Уянга, Ц.Хулан нараас гадна албан бус зөвлөх Ш.Адьшаа, Ч.Чулуунцэцэг нар нэр дэвшиж байна Click To Tweet.

АН буюу С.Эрдэнэд гологдсон Г.Уянга бий. Ерөнхийлөгчийн зөвлөх тэрбээр бие дааж нэр дэвшээд сонгогдоно гэхэд хэцүү. Нөхрийн хамт олон нам, холбоо хөдөлгөөн дамжсан түүнд сонгогчид барагтай л бол итгэхгүй байх.

Ш.Адьшаагийн хувьд “гаалиас төрсөн тэрбумтан” гэгддэг. Өмнөх сонгуулиудад бие дааж бас АН-аас нэр дэвшсэн ч ялагдсан.

Мөн АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа ч нам нь нэр дэвшүүлэхгүй бол бие даан өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Түүний хувьд ОХУ-д Монгол улсыг төлөөлөн Элчин сайдаар сууж байгаад ирж намдаа дэд дарга болсон. Энэ удаа нэр дэвшихээр хатуу шийдсэн аж. Гэвч С.Эрдэнэ, З.Энхболд нарын бодлоготой зөрөлдсөн бололтой.

Эрх баригч МАН-аас нэр дэвших хүсэлтэй байсан ч тэр нь бүтэлгүйтсэн эсвэл намаасаа хасагдсан нэр дэвшигчид бас байна. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун намынхаа бодлогын эсрэг яваад хасагдсан. Н.Номтойбаяр хуулийн шүүхийн байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгахаар болмогц өөрийн хүсэлтээр УИХ-аас чөлөөлөгдсөн.

С.Даваасүрэнгийн хувьд СЗХ-ны даргын суудлаа өгсөнөөсөө хойш МАН өөрт нь нэр дэвших эрх олгохгүйг ухаарсан. УИХ-ын ТГ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, хуульч Ж.Эрхэмбаатар, Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун нар ч бие даахаар шийджээ.

ХҮН-ын идэвхтэй гишүүн, дарга даамал байсан нөхөд ч олноороо нэр дэвшихээр бүртгүүлжээ. Жүжигчин Н.Сувдын хүү Т.Бат-Оргил, Совдын Мөнхбат, Тордайн Ганболд нар Click To Tweet гээд.

Ийнхүү намуудаас шахагдагсад бие даагчдын дийлэнх нь болж байна. Эднээс хэнийг нь нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ шийднэ

Өнгөрсөн сонгуулиар цорын ганц бие даагч болон Баянзүрх дүүргээс сонгогдсон дуучин С.Жавхлан дахин нэр дэвшихээр бүртгүүлсэн. Энэ хооронд намууд тухайлахад Ж.Батзандангийн ШИНЭ-д тулгын гурван чулууны нэг боллоо гэсэн ч удалгүй больж байлаа. Өмнөх удаад жижиг тойрогт морь, морин тэргээр сурталчилгаа хийсээр ийн сонгогдсон С.Жавхлан томсгосон тойрогт дахин сонгогдоход хэцүү л болов уу. Намаас биш бие дааж сонгогдсон учир хуучин тойрогтоо хийсэн бүтээснээр бага.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ