Д.Гангаамаа:Асбесттай харьцаж ажилласнаас хойш 15-20 жилийн дараа уушги тоосжих өвчин, 20-25 жилийн дараа уушгины хавдар үүсдэг гэсэн судалгаа бий

2020-04-29

ХНХЯ болон түүний харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, бусад холбогдох байгууллагуудаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлалтай.

Аяны хүрээнд өмнөх дугаартаа асбестын хэрэглээ, хор уршиг, хууль, эрхзүй, аюулгүй ажиллагааны талаар мэдээлсэн бол энэ удаад асбестын шалтгаант мэргэжлийн хамааралтай өвчлөлийг хэрхэн бүртгэж хянаж байгаа талаар ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга/ерөнхий эмч Д.Гангаамаатай ярилцлаа.

-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе.Юун түрүүнд асбест хэмээх энэхүү материалыг тайлбарлаж өгнө үү?

-Асбест хэмээх чулуулаг эрдэс нь байгаль дээр гидросиликат магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай шинж чанартай юм. Бат бэх, дулаан цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудаар нь үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг.

Асбест агуулсан бүтээгдэхүүнийг эрчим хүч, барилгын материал, авто машины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд дулаан тусгаарлагч, асбестан цемент, тааз, хана, дээврийн хавтан, шалны хулдаас, хуулга, төмөр хайлуулах зууханд тусгаарлагч,  асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага, ваар сав, суулга, цахилгаан шатны тоормосны бэхэлгээ,  үрэлтийн жийргэвч, тусгаарлагч, гал унтраагчдад зориулсан галд тэсвэртэй хувцас зэрэгт ашиглаж байна.

-Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнийг манай оронд хэр өргөн хэрэглэдэг вэ?

Манай оронд  асбестыг Монгол улсын засгийн газрын 2011 оны 176-р тогтоолоор “Хэрэглэхийг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулсан ба зөвхөн үйлдвэрлэлд хэрэглэхээр заасан боловч барилгын материалын зах дээгүүр иргэдийн гараас гарт зөвшөөрөлгүйгээр жижиглэн худалдаалагдаж байгаа нь үйлдвэрлэлийн нөхцөлийн ажилчид төдийгүй ард иргэдэд энэхүү асбестын шалтгаант эмгэгүүд үүсэх эрсдэлтэй байна.

Жишээ нь азбестан хавтан, азубестан хавтан нэрээр хавтан болон нунтаг байдлаар цонх, хаалганы чигчээс, зууханы доторлогоо, гэрийн орчинд дээвэр, тусгаарлагч зэргээр хэрэглэгдэж байна. Click To Tweet

Мөн хуучин байрны дулаалга, хана, тааз, дээвэр, шугам сүлжээ, дулааны шугамын дулаалга, тусгаарлагчаар ашиглагдаж элэгдлийн шалтгаанаар хугарч бутарч ил задгай гарсан, ховхорсон хог дээр хаягдсан зэрэг байдлаар бидний эргэн тойронд тохиолдож байна. Үйлдвэрийн орчин дахь асбест  болон асбест агуулсан бүтээгдэхүүнүүдийн хог хаягдал, устгалын асуудал мөн л тодорхойгүй байна. Тиймээс иргэд болон ажилтнууд асбест хэмээх энэхүү уушги болон гялтан хальсны эргэшгүй өөрчлөлт улмаар хавдар үүсгэх эрсдэлийн талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор урьдчилан сэргийлэх цаашлаад энэхүү хоруу чанарыг нь үндэслэн хэрэглээг хориглох, орлуулах хууль эрхзүй болон техник технологийн шинэчлэл хийх, ирээдүйд үүсэх санхүүгийн болоод эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахаар хөрөнгө санхүүгийн  асуудлыг бодлогоор шийдвэрлэх шаардлага байна.

-Эдгээр эрсдэлт бүлгийн ажилтнуудад ямар мэргэжлийн ажилтнууд хамаарах вэ?

-Асбесттай орчинд ажилладаг бүх ажил мэргэжлүүд тэр дундаа дулааны цахилгаан станцийн засварчид, мастер, суурилуулагч, барилгачин, өрлөгчин, яндан хөөлөгч, гагнуурчид зэрэг ажлууд орно. Click To Tweet

Асбестыг Хавдар судлалын олон улсын байгууллагаас /IARC/ хавдар үүсгэгч бодис гэж тодорхойлсон ба 2015 оны байдлаар дэлхийн 55 улс асбестыг хэрэглэхийг хориглоод байна.

-Тэгвэл эдгээр асбесттай харьцаж ажилладаг ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хаана орж хянуулдаг вэ?

-Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолын 3.1.7 дах заалт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 340 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн журам батлагдсан.

Энэхүү тушаалын хавсралтаар ямар ажил мэргэжил эрхэлдэг ажилтнууд, тэдгээрийн нөхцлөөс шалтгаалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хэрхэн хамрагдах, ямар шинжилгээнд хамрагдах, хэдий хугацаанд зэргийг нарийвчлан тусгасан байдаг. Үүнийг үндэслэн асбесттай харьцан ажилладаг ажилтнууд жилд 1 удаа цээжний рентгенд харуулах, уушгины үйл оношийн шинжилгээ, цэрний шинжилгээнүүд, эмч нарын бүрдмэл үзлэгт хамрагдаж байхаар заасан байдаг.

Манай орны хувьд эрчим хүч, барилгын салбарууд нийт ажилтнуудаа улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийдэг хувийн болон улсын эмнэлгүүдээр жил бүр хийлгэж байна.

Төмөр замын ажилтнууд өөрийн эмнэлэгтээ хянуулдаг байгаа. ЭМС-ийн 340 дүгээр тушаалын 7.7-д эдгээр хэвийн бус нөхцлийн ажилтнуудын үзлэгийн нэгдсэн тайланг Мэргэжлээс шалтгаалсан өвчний асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагад хүргүүлэхээр заасан байдаг.

Мэргэжлийн өвчлөлийг бүртгэж мэдээлж байх чиг үүрэгтэй хэдий ч өнөөдрийг хүртэл зөвхөн асбест төдийгүй бусад хүнд үйлдвэр уул уурхай ажилтнуудын үзлэгийн мэдээллээ илгээхгүй байгаа нь мэргэжлийн өвчний эрт илрүүлэг, өвчлөлийн тоон мэдээ дутмаг, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхгүй байгааг илтгэж байна.

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгээр УБ хотод байрлах дулааны цахилгаан станцууд, дулааны шугам сүлжээ, хөдөө орон нутгаас даланзадгад цахилгаан станц, шарын голын цахилгаан станцууд бүхий нийт жилд 800-гаад ажилтнууд тус тус үзлэгт хамрагддаг. Гэвч эдгээр станцуудын үзлэгийн хамрагдалт бүрэн бус, жил бүр тогтмол биш байгаа нь анзаарагдаж байгаа. Эрчим хүчний салбарт нийт 1976 оноос хойш мэргэжлээс шалтгаалсан өвчин 1076 бүртгэгдэж, 2019 оны байдлаар манай эмнэлгийн идэвхитэй хяналтанд 204 даатгуулагч иргэн байгаагийн 60% нь уушгины эмгэгээр хөдөлмөр чадвар алдалт тогтоолгосон байна.

Асбесттай харьцдаг ажилтнуудын асуудлыг ХАБЭА үндэсний 5 дахь хөтөлбөрт тусгаж, мэргэжлийн хамааралтай өвчин эмгэг үүсэж байгаа эсэхэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тусган ажиллаж байна.

-ХАБЭА үндэсний хөтөлбөрт тусгасан ямар ажлууд танай байгууллагад хийгдэж байгаа талаараа мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газрын 243 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний  5 дахь хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу  ХНХЯ-ны дэргэдэх Дэд сайдаар ахлуулсан ХАБЭА үндэсний 3 талт хорооны гаргасан төлөвлөгөөний дагуу манай эмнэлэг  мөн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

ХАБЭМТөв нь эдгээр асбесттай харьцан ажилладаг ажилтнуудийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төлөвлөгөө гарган эдгээр асбесттай харьцан ажилладаг ажилтнуудыг мэдээллээр хангах, үзлэг шинжилгээнд хамруулах, мэдээллийн сан үүсгэн хяналтандаа авахаар зорин ажиллаж байна.

2018, 2019 онуудад асбесттай харьцан ажилладаг эрчим хүчний салбаруудын төлөөлөл дулааны цахилгаан станцуудын 300-аад ажилтнуудад анхан шатны урьдчилан сэргийлэх үзлэг хийж, бүртгээд явж байна.

Цаашид эдгээр ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээний мэдээлэл, ажил эрхлэлт, шилжилт хөдөлгөөн зэргийг тогтмол бүртгэлжүүлэн нэгдсэн сантай болох шаардлага үүсээд байна. Энэхүү мэдээллийн санд харъяа төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагууд хамтран оролцож тогтмол бүртгэснээр одоогийн нөхцөл байдал, тоон мэдээ, ирээдүйд үүсч болох өвчлөл, хөдөлмөр чадвар алдалт, халамж үйлчилгээ, нөхөн олговор зэргийг шийдвэрлэх, хяналт үнэлгээ дүгнэлт гаргахад үйлдвэрийн эмч, захиргаа удирдлага, бодлого боловсруулагчдад чухал хэрэгтэй юм.

-Асбесттай холбоотой мэргэжлийн өвчнөөр өвдөх тохиолдол хэр байдаг вэ?

2011 онд гүйцэтгэсэн Асбесттай холбоотой өвчний тохиолдлыг илрүүлэх судалгааны тайлангаар гялтан хальсны хавдар оноштой 29 тохиолдол ХСҮТ-д бүртгэгдсэн байдаг.

Асбесттай харьцаж ажилласнаас хойш 15-20 жилийн дараа уушги тоосжих өвчин, 20-25 жилийн дараа уушгины хавдар, 40 гаруй жилийн дараа голтчийн хавдар тохиолддог гэсэн судалгаа байдаг. Click To Tweet

Гэвч хувь хүний асбестад өртсөн байдал, ажил мэргэжил, ажлын орчин нөхцөл, эрүүл мэндийн суурь эмгэг, биеийн эсэргүүцэл, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс хамаараад хүн бүр харилцан адилгүй өвчлөлд өртдөг.

Асбестын ширхэглэг амьсгалын дээд замаар орон уушгины эдэд үрэвсэл үүсгэн тэр хэсэг холбогч эдээр солигдсноор цулцангийн хүчилтөрөгч зөөвөрлөлтийн үйл ажиллагаа алдагдаж амьсгаадах, цээж хэвлийгээр өвдөх, ханиах, цустай цэр гарах, ядрах, турах зэрэг ерөнхий шинжээр илэрч уушгины болон бусад эрхтний үрэвсэлт өвчлөл аажимдаа хавдар үүсгэдэг удаан явцтай архаг эмгэг юм.

-Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллагад ямар зөвлөмж өгч ажиллаж байна вэ?

-Энэхүү үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг гайхамшигт олон талын ач холбогдолтой асбест нь хавдар судлалын олон улсын байгууллагаас /IARC/ хавдар үүсгэгч бодис гэж тодорхойлсон тул дэлхийн олон орон асбестыг хэрэглэхийг бүрэн хориглоод байна.

Монгол улсад ашиглагдаж буй асбестыг хэрэглэхийг хориглох, орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд үе шаттайгаар нэвтрүүлэх, арга замыг судлах, санхүүгийн болоод хууль эрхзүй, технологийн шинэчлэлийг өөрийн орны нөөц боломжид суурилан олон улсын туршлагад үндэслэн бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь ирээдүйд үүсч болох эрсдэл, өвчлөлийг бууруулна.

Нэгэнт үйлдвэрлэлд болон ахуйн нөхцөлд хэрэглэсээр байгаа үед асбестын тоосноос урьдчилан сэргийлэх технологийн арга хэмжээнүүд болох стандартын шаардлага хангасан аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлэх, асбестын тоосонцор үүсгэгч эх үүсвэрт чиглэсэн тоос үүсэлтийг багасгах, битүүмжлэх, чийглэх, агааржуулалтыг сайжруулах, асбестын хог хаягдал, устгалыг бүрэн төгс шийдэх арга хэмжээг цаг алдалгүй өндөр түвшинд хийх, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа, дүрэм журам, хувийн хамгаалах хэрэгсэл, бүрэн хувцаслалт, зохистой мэдлэг хандлага дадлыг эзэмшүүлэх, асбестын биет илрүүлэх лабораторитой болох, энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжлийн хамааралтай өвчлөлийг судлах, бүртгэл мэдээллийг тогтмол хийх, мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөр чадвар алдалтын заалтад оруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг  тасралтгүй явуулах зэрэг цаашид хийх ажлууд их байна. Мэдээж эцэст нь хэлэхэд энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд хувь хүн бүрийн оролцоо чухал, үүнээс таны болон танай ажилтнууд, бидний гэр бүлийн эрүүл мэнд шалтгаална.

Баярлалаа.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ