• Д.Оюунхорол:Төрийн албан хаагчдыг зөвхөн урмын үгээр тэтгэх биш,амьдралд нь хүрсэн нийгмийн бодлого гаргах ёстой

    2020-04-29

    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар

    • УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг.
    • УИХ-ын гишүүг Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Үдээс хойшхи хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батална.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэдийн амьжиргааны түвшин буурч, хүүхдүүд идэх хоолгүйн улмаас эндсэн гэх асуудлын талаар бодитой мэдээлэл өгөхийг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарыг мэдээлэл өгөхийг хүслээ.

    УИХ-ын дарга Г.Занданшатар:Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд эндсэн гэх асуудлаар асуулга тавиад буйгаа хэлээд, мэдээлэл ирмэгц гишүүдэд танилцуулна гэв.

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Маш том хүлээлт үүссэн байна. Тогтоолыг баталснаар ямар зээлүүдийн хүү буурах, хэн хамрагдах юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Монголбанк 5, арилжааны банк 3 гээд найман хувийн хөнгөлөлт олгох юм байна гэж ойлголоо. Тэгвэл 16 хувийн хүүтэй зээлийн 8 хувийг нь иргэд төлөх юм байна гэсэн үг. Тэгвэл үүнийг хэн яг хүртэх юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд банкны таргалсан, иргэдийн турсан хоёр тэнцсэн. Тиймээс банкны салбарын шинэчлэлтийг яаралтай хийх хэрэгтэй байна.  Сая над руу ноолуурын бизнес хийдэг хүн ярьсан. Малчдаас зээлээр АНН-үүд зээлээр ноолуураа авч байна. Гэтэл АНН-үүдийн  бодлогын зээл авах гэрээ нь гараагүй байна.   Бодлогын гэрээгээр хэдэн тэгрэг хэчнээн хэмжээний ноолуур авах тусгасан юм. Хэдэн аж ахуйн зээлийн гэрээ батлагдсан байна вэ.

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Чухал асуудал хөндлөө. Цөөн минутад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүнд байна. ФАТф-ын саарал жагсаалтад орсон, гадны төлөх зээлүүд, банкны салбар нээлттэй биш гээд монголын төр бодлогогүй явсны гор гарч байна. Бид банкны шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байна. Бүгдийг нь хувьд гаргачихаад татвар аваад явдаг загвар буруу байсныг өнгөрсөн 30 жил харууллаа. Банкны салбарын шинэчлэлд хамтарч ажиллана гэдэг хариултыг Л.Энх-Амгалан гишүүнд өгч байна.

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдөр шинэ нөхцөл байдал дэлхийн улс орны өмнө тулгарч халдварын тоо өдөр бүр нэмэгдсэн хэвээр байна. Өнөөдрийн мэдээгээр 213 оронд 3 сая 115 мянган хүн өвчилж, 217 мянган нас барж 928 мянган хүн эдгэрсэн гэх тоо байна.  Манай улсад бүртгэгдсэн 38 тохиолдол бүгд гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Монгол Улсын Засгийн газар ЭМЯ, УОК шуурхай арга хэмжээ авч, зөв оновчтой шийдвэрийг гаргаж урьдчилсан сэргийлэх арга хэмжээгээ сайн авч байгаа. Мэдээж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үүссэн нөхцөл байдлуудаа уян хатан болгох хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай учраас энэ хуулийг батлах гэж байна.

    Энэ хуульд аль  ямар нэг салбар, тодорхой ААН-ийг дэмжье гэсэн агуулга байхгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсэг дээр ярилцаж байгаад олон хүний амьжиргаа тасарч, ажилгүй орлогогүй болж байгаа иргэд нэмэгдэж байна. Төрийн дэмжлэг  шаардлага үгүйлэгдэж байгаа.

    Тиймээс энэ төрлийн хүмүүсээ дэмжих арга хэмжээг аваач гэдэг саналыг тавьсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаад тодорхой саналуудыг гаргасан. Ингэхдээ төсвөө хөдөлгөхгүйгээр дотор нь зохицуулалт хийх боломжийг нь Засгийн газарт олгоё. Засгийн газрын саналд иргэд рүү чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авах юм.

    Жишээ нь орлогогүй, ажилгүй байгаа эмзэг бүлгийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналыг гаргасан.  Дэлхийн улсууд ч энэ арга хэмжээг авч байгаа. Эрүүл мэндийн салбарынхан, төрийн тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн багцыг гаргая гэж гэсэн саналыг тусгасан.

    Төрд ажиллаж байгаа хүмүүсийг үл хүндэтгэх болсон. Төрийн албан хаагчид өндөр цалин авч тансаглаад байгаа зүйл байхгүй. Өнөөдөр галын фронтод төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байгаа.

    Бүх салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид коронавирусийн энэ цаг үед маш сайн ажиллаж байгаа. Тэднийг сайн ажиллаж байна гэсэн урмын үгээр тэтгэх биш амь амьдрал нь хүрсэн нийгмийн бодлогыг гаргах шаардлагатай гэж үзэн дээрх саналыг гаргасан. Энэ нэг удаагийн хууль учраас илүү зүйлсээ нарийн зохицуулалтаар хийж чадсан нь сайн. Энэ  асуудлыг олон талаас нь хэлэлцэж, долоо хэмжиж нэг огтолж асуудалд хандвал ард иргэд, Монголын эдийн засагт дэм болно гэж бодож байна.

    Гишүүдийн дийлэнх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

    Шууд үзнэ үү. 

    Gereg.Mn

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулийн төслийг хэлэлцэж байна

    Posted by Gereg.Mn on Tuesday, April 28, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ