• Сонгууль-2020: Сүхбаатар дүүрэгт залуус голдуу өрсөлдөнө

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Сүхбаатар дүүрэг сонгуулийн 3 мандаттай. Өмнөх сонгуулиар тус дүүрэг дөрвөн тойрог болж байсан ба Сү.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа, Ц.Мөнх-Оргил нар МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож байлаа.

    Харин энэ удаа эрх баригч МАН-аас ГХ-ийн сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар нар нэр дэвших сонирхолтой байгаа. Д.Цогтбаатар УИХ-д анх удаа сонгогдсон хэдий ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ГХ-ны сайдын алба хашиж ирсэн.

    Харин Ц.Цогзолмаа төрсөн нутаг Ховддоо нэр дэвшихээр ажиллаж, тойргоо усалж байгаа ч өөрийнхөө ажиллаж байгаа Засгийн газрыг огцруулах бичигт мутрын үсгээ үлдээсэн нь асуудал дагуулсаар буй сурагтай.

    Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь-Говьсүмбэрийн тойргийг зорих юм гэсэн. МАН-аас тус тойрогт нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн нэг нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа. Гэвч М.Энхболдын дэмжиж гаргаж ирсэн түүнийг нам нь дэвшүүлэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх.

    Ц.Мөнх-Оргилын тухайд УИХ-д гурав сонгогдож, гурван удаа сайдын алба хашиж байсан. Гэхдээ түүнийг МСS-ийнх бас 7 дугаар сарын 1-ний хар үйл явалд холбоотой хэмээн буруутгадаг. МАНАН болон 60 тэрбумынхны талд бат зогсдог хэмээн баалах нь ч бий.

    Тэгвэл НИТХ-д тус дүүргээс сонгогдсон Х.Хатанбаатар бол бодитой өрсөлдөгчдийн нэг. “Монголын Оюун Ухааны Академи”-ийг үүсгэн байгуулж, мянга мянган шавь нар нь дэлхийн хэмжээний амжилт үзүүлж, арга техник нь олон улсад үнэлэгдэж буй түүнийг залуус дэмжих магадлал өндөр.

    Мөн банкны гэсэн тодотголтой, СоцИнтернийн Азийн бүсийн эмэгтэйчүүдийн байгууллагын дэд Ерөнхийлөгч  Д.Энхжаргал  эмэгтэйчүүдийн нэр дэвших квотын дагуу төвийн дүүргүүдэд нэр дэвших магадлал өндөртэй гэнэ.

    Тэгвэл Сүхбаатар дүүрэгт нэр дэвших сонирхолтой АН-ын гишүүд маш олон байна. АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн асан БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, тус дүүргийн засаг дарга Б.Болормаа, тус дүүргийн засаг дарга асан Д.Бадарсан гээд л чихэлдэж байна.

    ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон АН-ын дэд дарга Х.Тэмүүжин нарын нэр дуулдаж байсан ч Х.Тэмүүжин төрсөн нутаг Төв аймагтаа өрсөлдөх бол АН-ын даргын зөвлөх өөр тойрогт нэр дэвших тухай сураг гарч эхэлсэн.

    Сайд асан Лу.Гантөмөр 2004, 2008, 2012 онуудад энэ дүүргээс гурав сонгогдож байлаа. С.Эрдэнэболдыг боловсрол өндөртэй гэдэг. Тэр 2017 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

    Б.Дэлгэрмаагийн хувьд ОХУ-л Монголыг төлөөлж байгаад АН-ын дэд дарга болж ирээд буй. Нам нь нэр дэвшүүлэхгүй бол бие даахаар мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлээд байгаа юм.

    АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Р.Амар­жаргал ч энд хүчтэй өрсөлдөгчийн нэг байж болох юм. Цагтаа Ерөнхий сайдын алба хашиж явсан тэрбээр хуучин лидерүүдээс намдаа байгаа цөөн нөхдийн нэг.

    НИТХ-ын тэргүүлэгч, СБД-ийн засаг дарга асан Д.Бадарсан бол нэр дэвшчих хангалттай амбицтай байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ