С.Амарсайхан:Ирэх сарын 1-нээс эхлэн цөөн хүнтэй сургалтын төвүүдийг нээх боломжийг бүрдүүлнэ

2020-04-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.
Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна.

Хотын Захирагч “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед болгоомжгүйгээсээ болж гал түймэр гаргаж, алба хаагчдын ачааллыг улам нэмэгдүүлэхгүй байхыг иргэд та бүхнээсээ хүсье. Анхаарал болгоомжтой байж, бие биедээ хяналт, шаардлага тавих хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн  Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад авто мотоциклийн клубууд, сонирхогчид, иргэд, залуучууд олноороо ирж, онцгой байдлын алба хаагчдад эх оронч сэтгэлээр, нийгмийн хариуцлагаа биелүүлж тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэллээ.

Гэр хорооллын 196.600 гаруй нүхэн жорлонг ариутгах ажлыг хийж байна

  • Москва хот тавдугаар сарын 1 хүртэл тавьсан хорио цээрийн дэглэмээ цаашид сунгахаар болсон.
  • Бээжин хот хог болон нус цэрээ ил задгай хаяж буй иргэдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулж байна.
  • Харин Токио хотын хувьд гурван хоногт нэг удаа хоол хүнсээ цуглуулж, дэлгүүр гарах боломжийг бүрдүүлсэн болохыг хэллээ.

Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэгт 14 аж ахуйн нэгж, 4734 газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон, 53500 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.

Цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна

Дашрамд дурьдахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна. Уг асуудлыг улсын Онцгой комиссоор оруулж, шийдвэрлэхээр сургалтын төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг бүрдүүлнэ гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.

Шууд үзэх:

 Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ