• Р.Баянбилиг:Намар тарьсан модыг тарьсан даруйдаа 2-3 удаа ханатал услаад усалгааг зогсооно

    2020-04-11

    Бид өмнөх удаад Дарханы гурван гудамжийг моджуулсан “Шинэ гудамж” төслийг санаачлагч Г.Ганбатын “Хашаандаа тарих хамгийн тохиромжтой мод бол агч мод” хэмээх зөвлөгөөг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад МБОИЗ-ийн гишүүн, Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер Р.Баянбилигийн мод тарих туршлагаас хуваалцаж байна.

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо жил бүрийн тавдугаар сард болдог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя” уриалгыг дэвшүүлж, мод тарьж, ургуулахтай холбоотой арга техникийн зөвлөгөөг хүргэж эхлээд буй.

    Мод худалдан авахдаа юуг нь анхаарах вэ?

    Зөвхөн навч,нахиаг нь дэлгэрсэн үгүйг нь л хараад байдаг.

    Нэгдүгээрт,үндсийг нь харах ёстой:

    Үндэс нь нарийн саглабар,багсгар байх хэрэгтэй. Нарийн багсгар үндэс ус сордог.Нэгэнт үндэс муутай мод авчихвал хичнээн арчилж,тордоод ч ургахгүй.

    Хоёрдугаарт,модны мөчрийг хатсан эсэхийг,уян хатан чанарыг нь гараараа туялзуулан шалгах хэрэгтэй:

    Гараараа бага зэрэг нугалхад хугарч байвал тийм модыг авч болохгүй.

    Гуравдугаарт,нахиаг нь задраагүй,задрах дөхөж хөөсөн нахиатай модыг авах хэрэгтэй:

    Нахиа нь задарсан буюу цэцэглэсэн модыг суулгавал нахиа,навч нь ургаад байдаг,үндэс нь орчин нөхцөлдөө дасан зохицож чадахгүй учраас мод амжилтгүй ургана. Тийм учраас нахиа нь нэг их хатаж,хорчийгоогүй хирнээ зөөлөн,хөөж,задрах дөхсөн модыг авах хэрэгтэй.

    Тарих модоо хэрхэн сонгох талаар зөвлөгөөг дорх бичлэгээс шууд үзэх боломжтой:

     

    Мод тарихад хамгийн чухал 4 технологи

    1.Модыг хамгийн багадаа 1 метрийн нүхэнд тарих хэрэгтэй

    Угаасаа ийм жижигхэн л мод юм байна гээд модоо 60-70 сантиметрийн жижиг нүхэнд тарих нь буруу. Одоо 2-3 мөчиртэй байгаа ч 4-5 жилийн дараа том болохыг тооцож үзэх хэрэгтэй. Жижиг нүхэнд тарьснаар 4-5 жилийн дараа мод том болоход услах тогоо нь жижигдэж эхлэдэг. Үндэс нь сайн тэлэх,борооны ус цуглах гээд услах тогоо том байх тусам мод сайн ургадаг. Дор хаяж 1 метрийн нүхэнд тарих хэрэгтэй.

    2. Модны дор дэвсдэг хөх бууцыг хэтрүүлж болохгүй

    Мод тарихдаа дор нь дэвсдэг хөх бууцаа 3-4 хуруу л дэвсхэд хангалттай. Хэтрүүлвэл усалгааны дараа бууц нь дэвтээд,шүлтлэг чанар нь үндсээ түлэх шалтгаан болдог.

    3.Модны хүзүүвчийг хэт доор,хэт дээр тарьж болохгүй

    Үндэс,эх бие хоёрыг заагласан гадаад орчныг мэдрэгч долгионтой хэсгийг хүзүүвч гэж нэрлэнэ. Тэр бүслүүрийг хэтэрхий дээр тарьчихаар бага зэрэг дулаарангуут хавар болчихож гэж андуураад навчаа дэлгэчих гээд байдаг учраас хүзүүвчийг нь хоёр хурууны хэмжээтэй шороогоор хучсан байхад гадаад орчноо яг зөв мэдэрдэг. Хэтэрхий дор тарьчихвал бас гадаад орчноо мэдрэх нь муу болдог.

    4.Модыг дөнгөж тарьсны дараа ханатал услана

    Нүхээ ухасны дараа дүүрэн ус хийгээд хонуулчих хэрэгтэй. Маргааш ус нь шингэсний дараа модоо тарьна,үүний дараа дахин ханатал услана. 40-60 литр ус хийж байж ханадаг. Түүний дараа мод нь хазайсан,хэлбийсэн байвал бага зэрэг шороо хийж тэгшлээд,хөнгөхөн услана.

    Модыг өглөө,оройны алинд нь услах хэрэгтэй вэ?

    Модыг дөнгөж тарьснахаа дараа гурав хоноод нэг услаад байж болно. Тавдугаар сард тарьсан модоо зургадугаар сараас нь эхлэн долоо хоногт нэг удаа ханатал сайн услахад хангалттай. Бололцоотой хүн бол хүнсний ногоо шиг өдөр бүр услаад байвал орчин нь чийглэгдээд,зөөлөн сайхан орчин бий болно. Бид нар халууцхаараа хөлс ялгаруулж эхлэдэг шиг, мод нар мандангуут навчнаасаа усаа ууршуулж эхлэдэг.

    Орой нь ханатал усласан байх ёстой.

    Шөнө мод маань үндсээрээ усаа ханатал аваад маргааш өглөө нар мандахад хангалттай устай байна гэсэн үг. Өглөө услахаар үндсээр нь ороод,навчаар нь уурших гэсээр байтал 3-4 цаг болох учраас хуурайшилт өгөх эрсдэлтэй.

    Ажил ихтэй хүн бол модоо услах график тооцоолол гаргах хэрэгтэй. Услагааг есдүгээр сарын 10 гэхэд бүрэн зогсоож,өвөлд бэлддэг. Дараа нь аравдугаар сарын 10 хүртэл навчийг нь бүрэн унасны дараа цэнэг усалгааг өгнө.

    Мод тарих хамгийн тааламжтай үе хэзээ вэ?

    Мод зуны улиралд ургаж байгаад намар,өвлийн турш унтаад хавар сэрдэг. Навч дэлгэрэх буюу сэрэхээс нь өмнөхөн л модыг шилжүүлж суулгах хэрэгтэй.

    • Хаврын улиралд бол дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд мод тарих хамгийн тохиромжтой үе.
    • Намар навчаа гөвөөд дөнгөж дууссаны дараа буюу есдүгээр сарын сүүлийн долоо хоногоос аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт таривал тохиромжтой.

    Намар тарихын тухайд модыг унтмал байдалд орсны дараа тарьж байгаа учраас тарьсны дараахь 2-3 өдөр ханатал усалсны дараа усалгааг зогсоодгоороо онцлог.

    Шинэ орчинд суулгамагц үндэсний хүзүүвчээрээ орчин нөхцлөө 6 сарын турш мэдэрч, улмаар дулаан орж,хавар болоход тухайн газартаа зохицчихсон,нахиалахад бэлэн байдаг. Намар тарьсан мод гадаад орчноо илүү мэдэрч чаддаг учраас илүү сайн ургадаг талтай.

    Шилмүүст,навчит мод,навч нахиа нь дэлгэрсэн модыг ч бай бороотой,бүрхэг буюу агаарын харьцангуй чийг ихтэй өдөр суулгахад хамгийн тохиромжтой.

    Хурц нартай үед суулгахад орчиндоо зохицоход илүү их ууршилт явагддаг бол бороотой үед мод навчныхаа ууршилтыг багасгачихдаг.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ