• Монгол Улс анх удаа даавуун амны хаалтны үндэсний стандарттай боллоо

    COVID-19 халдварын цар тахал дэлхий дахинаа эрчимтэй тархахын хэрээр нэг удаагийн амны хаалтны хомсдол үүсч эхлээд байна. Манай улсын хувьд эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг ч түүхий эдээ 100 хувь импортоор оруулж ирдэг. Одоогоор түүхий эдийн нөөц багасч татан авахад тодорхой хугацаа шаардагдаж байгаа тул олон дахин хэрэглэдэг амны хаалтыг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага үүсч байна.

    Энэ шаардлагын үндсэн дээр олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны стандартыг боловсруулж, батлуулах зорилго бүхий ажлын хэсгийг Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулсан юм.

    Ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд СХЗГ-ын даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт батлагдлаа. Энэхүү стандартаар агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоосон байна.
    Уг ажлын хэсэгт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажилласан байна.

    Ингэснээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор стандартад нийцсэн олон дахин угааж хэрэглэх амны даавуун хаалтыг дотоодын нөөц бололцоог ашиглан үндэсний үйлдвэрлэгчид бөөнөөр үйлдвэрлэх боломж бүрдэж байна.

    Уг “MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт нь стандартчиллын олон улсын болон үндэсний үйлдвэрлэгч, сорилт, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн боллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

    Стандартыг www.estandard.gov.mn вэб хуудсаас бүрэн эхээр нь үзэж танилцана уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ