• Амралтын өдрүүдэд Богд ууланд гарсан түймрийг Онцгой байдлын алба хаагчидтай сайн дурын залуус нэгдэж хүч хавсран унтраав

    2020-04-27

    Амралын өдрүүдэд Богд-Хан ууланд өдөр дараалан гарсан  ой, хээрийн түймрийг  Онцгой байдлын алба хаагчидтай сайн дурын залуус нэгдэж хүч хавсран унтраав.

    Хуурайшилт ихтэйн дээр өнгөрөгч амралтын өдрүүдэд салхитай байсан учир  галын тархац их байхад  Онцгой байдлын алба хаагчдад залуус тусалж, түймэр унтраалцсан нь бахархам үйл явдал болов.

    Ингэхдээ сайн дурын залуус гинжин хэлхээ үүсгэн ус дамжуулан алба хаагчдад тусалсан байна. Энэ сарын 26-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Зайсангийн-Ам”-ны баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт өдрийн 10:45-д ой, хээрийн гал түймэр гарсан.

    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:55 цагт очсон байна.         Галын тархац хурдтай байсан учир хүч нэмэгдүүлж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын 6 ажилтан, орон нутгийн 16 иргэн, 10 автомашинтай, нийт 65 хүн, 20 автомашинтай гурван цагийн турш ажиллаж унтраасан.

    Уг ой, хээрийн түймрийн улмаас 2,3 га талбай шатсан байна.

    Харин өчигдөр 15:17 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооБогдхан-Уулын “Арцатын-Ам”-д түймэр гарсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:28 цагт очиж, хүч нэмэгдүүлж нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Үндэсний аврах бригад, Уул уурхайн Аврах ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын 6 ажилтан, орон нутгийн иргэд зэрэг 304 хүн 14 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байна. Уг түймрийн улмаас 7 га талбай шатжээ.

    Богд-Ууланд дараалж гарсан түймрүүдийн шалтгааныг урьдчилсан байдлаар тамхиа дутуу унтрааж, хаяснаас болсон байж болзошгүй үзэж байгаа аж.

    Иргэд амралтын өдрүүдэд ууланд ихээр алхах болсон. Тиймээс хуурайшилт ихтэй байгаа энэ үед ил задгай тамхины ишээ хаяхгүй байх, гал түлэхгүй байх зэргийг анхааруулж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ