• Ч.Улаан:Эрсдлээ хүлээгээд 100 мянгаар ноолуур авах аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулж байна

    2020-04-24

    УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар ноолуурын тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  гишүүд санал хэлж асуулт асууж байна.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Энэ жил Монгол Улс 10 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Үүнээс 30 хувийг нь дотоодын нөөц бололцоондоо бэлтгэж байгаа бол үлдсэн 70 хувийг гадны хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр боловсруулахаар тооцож байна. Өмнөх жилүүдийг харвал дийлэнх ноолуур бэлтгэлийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэж байсан уламжлалтай.

    Харин энэ жил шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор хөрөнгө оруулалтын асуудал бага зэрэг хойшилж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, таатай нөхцөл бий болгохоор ажиллаж байна. Энэ жилийн хувьд ноолуурын чанар сайн байна. Бид энэ ноолуурыг саадгүй экспортлох чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

    Үнэ ханшийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, аймаг бүрээр өмнөх жилүүдийн дундаж түвшинг харьцуулан, доод түвшинг тогтоосон. Зүүн аймгуудаас ноолуурыг бэлтгэж эхэлсэн.

    Өмнөд хөршийн ноолуур бэлтгэж байгаа үнэ манайхаас 20-30 хувиар үнэтэй байгаа тул гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байна.

    УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 300 тэрбум төгрөгөөр бэлтгэхдээ хувь тэнцүүлж, жигдэлж болоогүй юм уу. 100 мянган төгрөгөөр 10 гаруй ААН-тэй хамтран ноолуур бэлтгэсэн гэж байна.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Бид хүчээр оноож болохгүй. Эрсдлээ хүлээгээд авч байгаа ААН шийднэ. Зүүн аймгуудаас эхэлж байгаа ч Архангай аймагт 4, Сүхбаатар аймагт 4 гээд ААН-үүд ажлаа эхэлж байна. Цаана нь оролцох гээд хүсэлтээ ирүүлсэн банкууд дээр судалгаа нь хийгдэж байна.

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Ноолуурын салбар бол манай улсын экспортын гол салбар. Нийт 2020 онд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Үүний 30 хувийг дотоодын үйлдвэрт боловсруулж, түүхий эд болгон үлдсэнг нь экспортолно гэж тооцож байгаа юм байна. Малчдын орлогын эх үүсвэр бол ноолуур. Ноолуур гарахаар малчид өрнөөсөө салж, дэлгүүрүүд орлоготой болдог.

    Бид бүх ноолуураа боловсруулж чадахгүй тул 70 хувийг нь анхан шатны боловсруулалт хийж, гадагш нь гаргаж байна. Дэлхийн зах зээлд ноолуурын үнэ унасан. Үйлдвэрүүд хаагдаж байна. БНХАУ-ын зах зээл ямар байгаа билээ. Гэтэл ийм нөхцөлд ноолуурын ханшийг хэт өндөр тавьсан байна. Улс даяар дунджаар кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна гэсэн.

    Гэтэл Өвөрхангай аймагт кг-ыг нь 85 мянгад гээд босго тогтоосон байтал бодит байдал дээр дунджаар 52 мянган төгрөг байна.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Дундаж үнийг аймгаар тогтоосон болон доод үнийн хооронд 20-иод хувийн зөрүү бий. Тэгтлээ өндөр тогтоогдоогүй. БНХАУ-ын зах зээлийн ханшаар нэг кг бохир ноолуурын үнэ 140 мянга байна. Шнайдертай харьцуулалтгүй. Цаг хугацааны боломж байгаа учраас цэвэрлэх замаар стандартад хүргэж боловсруулах бололцоо бий. Үүнийгээ ашиглаад доод үнээс дундаж үнэд хүргэх нь зүйтэй. Түүхий ноолуурыг хориглосон хатуу шийдвэр байхгүй.

    УИХ-ын гишүүн М.Билэгт:Малчдын хотонд үйлдвэрлэгддэг нэг бүтээгдэхүүний тухай ярьж байна. Сүүлийн 30 жил малчид өөрсдийн зөнгөөр хэдэн малаа өсгөж, үндэсний онцлогтой уламжлалт мал  аж ахуйг мэдрүүлж яваа хүмүүс. Халуунд халж, хүйтэнд хөрж хүнд хэцүү хөдөлмөрийг эрхэлж байна.

    Сүүлийн 30 жил юу дутсан бэ гэхээр төрийн оновчтой бодлого дутсан. Эдийн засгаа солонгоруулахад мал аж ахуй хэрэгтэй гэдгийг харж  энэ Засгийн газар эхлэлийг нь тавьсан. Гэхдээ бодит шийдвэр гаргамаар байна. “Алт” хөтөлбөрийг дэмждэг Монгол банк дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Малчдын хөдөлмөрийн үнэ цэнийг буулгахгүй байх ёстой гэсэн  Билэгт гишүүний саналыг дэмжиж байна. 2016 оноос хойш ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 400-аад тэрбум төгрөгийн бодлогын хөтөлбөрийн зээл олгосон. Харамсалтай 150 тэрбум нь өр болчихоод байна. Засгийн газар өөрийн нөөц бололцоогоо тултал шавхаж байна. Хөгжлийн банк байгаа нөөцөө ноолуур хөтөлбөрт шавхсан.  Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь өнөөдрийн хувьд байж болох хамгийн оновчтой арга юм.

    Ганцхан ноолуур ч биш хөдөө аж ахуйн гаралтай бусад  түүхий эд, дайвар бүтээгдэхүүний үнийг өсгөх цаг болсон.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ