• Н.Алтанхуяг: “Шударга бусын хонгил”-ыг нураах ажилд би заавал оролцмоор байна

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-аас хасагдсан учир бие даан нэр дэвшихээр болж, өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хүргүүллээ.

    Энэ үеэр Н.Алтанхуяг “Манай АН мундаг. Намын толгой нь л болохоо байчихсан болохоос биш. Ганц түрэмгий нөхөр орж ирээд хасаад, хөөгөөд явуулчихдаг. Энэ бол түр зуурынх байх. Манай намын гишүүд санаагаар унах хэрэггүй. Жил гаруйн хугацаанд харлаа. Намайг намаас хассан гээд байгаа. Хассан юм уу.

    Намын даргын зөвлөх гээд байгаа нөхдүүд нь гараад явчихсан хүмүүс ир гээд байхаар нь надад бичгээр хариу ирүүл гэсэн, ирүүлээгүй. Тэгээд л намайг хассан нь үнэн юм байна гэж ойлгоод, бие дааж нэр дэвшихье дээ гээд сая материалаа өгөөд гарч ирлээ.  Манай АН сайхан дүрэм журамтай байсан юм. Одоо бүх зүйлээ уландаа гишгэсэн юм байна л даа.

    Би сонгуульд нэр дэвшинэ гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, хийхээр зүйл юу байна гэж харж, боловсруулсан. Гурван зүйл байгаа. “Шударга бусын хонгил” гэдгийг заавал нураах ёстой юм. Нураах ажилд би оролцмоор байна. Нарийн юмыг нь мэддэг болчихсон юм чинь.

    Газрын доорхи баялгийг цөөхөн хүн аваад, баяжаад байна. Үүнийг ард түмний мэдэлд өгмөөр байна. Баян хоосны ялгаа дэндчихсэн. Дундаж дархарга бий болж байж улс орон боломжийн хэмжээнд харагдана. Үүнд гар бие оролцохыг хүссэн.  Хоёр жилийн хугацаанд гайгүй ажилласан маань төрд гарч,  хулгай, дээрэм хийдэг хүмүүст таалагдаагүй учраас уначихсан шүү дээ. Дутуу хийсэн, хийж амжихгүй унасан зүйлс их байна.

    2012 оны Шинэчэлийн Засгийн газрын гол хөтөлбөр нь Монгол хүн Монголдоо сайхан амьдрах. Гэтэл одоо ямар элэнцгийнх нь сайхан амьдрах вэ. Эмгэнэлтэй дүр зурагтай нийгэм болжээ. Тиймээс шүүмжилж зогсохоос илүүтэй орж өөрчлөх шаадлагатай юм байна гэж бодсон.  Манай иргэд намуудад итгэж явлаа. Сүүлийн үед намуудыг төрийн эрхийг авах амархан гишгүүр гэж хардаг болчихож. Намын утга учрыг маш их алдагдуулсан. Энэ хоёр намд олон жил итгэж,  саналаа өгч явлаа. Сэтгэлд хүрэхгүй байна.

    Дотор нь явж байсан хүний хувьд санаа зовох зүйлс их бий. Анхандаа сайхан явж байгаад,  арав таван төгрөг хараад бүгд эвдрээд,  хэмхрээд дуусдаг юм байна. Олон хүн бие даагаад гараад ирвэл аль нэг намын даргыг царайчлахгүй, нэгдээд явж болох болов уу гэж бодож байна.

    Бусад намаас надад санал тавьсан зүйлс байгаа. Хамтрахтайгаа хамтарна. Нам, эвсэлд итгэх итгэл их унасан. Сонгууль их л тэнцвэргүй болох юм биш үү. Хэн нь хэн бэ, юу нь болохгүй, болоод байгааг ярилцаж,  хөөрөлдсөн сонгууль болохгүй юм шиг байна. Вирусээс айгаад, саналаа өгсөн болоод өнгөрөхөөр түүхий сонгууль болох нь. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжихгүй, сонгуулиа хийнэ гэж л гүрийгээд байх шиг байна” гэлээ.

     

    элээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ