• Х.Батсуурь:Одоо 300 төгрөгөөр буусан байгаа А-92 бензиний үнийг ахин 900 төгрөг хүртэл буулгах бүрэн боломжтой

    2020-04-23

    Дэлхийн газрын тосны үнэ хасах руугаа орсон нь Монголд бензиний үнэ дахин буурах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх мөн зээл хойшлуулах шийдвэр нь иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болж чадаж байгаа эсэх талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

    -Дэлхийд газрын тосны үнэ хасах руу орсон нь Монголд бензиний үнэ дахин буурах шалтгаан болж чадах уу?

    -Сүүлийн 60 жилийн хугацаанд газрын тосны үнэ ингэж буурч байгаагүй. Өмнө нь уналаа гэхэд 15-20 ам.долларт хүрдэг байсан бол өчигдрийн байдлаар хасах руугаа орлоо. Хасах руугаа орох гэдэг нь нийлүүлэлт нь эрэлтээсээ хэт их болоод, нэг ёсондоо зарж байгаа хүн нь худалдан авагчдад мөнгө төлж бараагаа борлуулах гэж ойлгож болно. Нэг баррель газрын тосны үнэ -40 ам.долларт хүрсэн. Мэдээж зах зээлээ дагаад Монголд ч бензиний үнэ дахин буурах ёстой.

    Коронавирустэй холбоотойгоор газрын тосны үнэ сүүлийн гурван сарын хугацаанд уналттай байгаа нь нэг талаар үйлдвэрлэгч орнуудын эдийн засагт сөрөг нөлөө ихтэй боловч худалдан авагч орнуудын хувьд энэ бол маш том боломж.

    Манай улсын хувьд худалдан авагч улс учраас түүхэн бага дүнтэй байгаа үед нь худалдаж аваад, нөөцлөх ёстой. Click To Tweet

    Эрэлтийг ихээр бий болгодог Зүүн Азиудын орнуудын хувьд коронавирусын тархалт харьцангуй намжиж, эдийн засаг нь хэвийн горимдоо шилжиж байна. Үүнийг дагаад газрын тосны 1-2 сарын дараа эргээд хэвийн байдалдаа орж,бензиний үнэ ч дагаад өснө.

    -Гэтэл Уул уурхайн сайд Д.Сумъяабазар дэлхийн газрын тосны үнэ сарын бууралттай Монголд нөлөөлж эхэлдэг гэсэн тайлбарыг өгч байна. Таны хэлснээр сарын дараагаас бензиний үнэ өсөх хүртэл “сар болоогүй байна” гээд бензинийхээ үнийг буулгахгүй байх юм шиг харагдаж байна?

    – Хэрвээ ингэж ярьж байгаа бол бензиний үнийн уналт аль нэгдүгээр сараас эхэлсэн. Бүр доошоогоо унаж эхэлсэн  нь хоёрдугаар сарын сүүл үе. Нэг сарын дараа Монголд нөлөөлж эхэлдэг  юм бол одоо хоёр сар өнгөрчихсөн байхад яагаад хэвээрээ байгаа юм бэ?

    Ингэж худлаа ярьж болохгүй.

    Дэлхийн зах зээл дээрх бензиний үнэ сарын дараа Монголд нөлөөллөө үзүүлдэг юм бол яагаад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөхөд тэр өдөртөө дагаад өсчихдөг юм?

    Д.Сумъяабазар сайдыг  логиктой, хүн үнэмшихээр тайлбар өгөхийг хүсмээр байна.

    Дэлхий дахинаа бензиний үнэ 2-3 дахин буурчихсан байхад манай улсын хувьд дорвитой үр дүнд хүрэхгүй байна.

    -Таны судалгаа,тооцооллоор бензиний үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан хэдэд хүргэн буулгах боломжтой вэ?

    -Сар орчмын өмнө А-92 бензиний үнэ 1800 төгрөг байхад хийсэн тооцооллоор бензиний үнийг хамгийн багадаа 500,цаашлаад 700 төгрөгөөр буулгах бүрэн боломжтой.

    Одоо 300 төгрөгөөр буулгасан байгаа А-92 бензиний үнэ ахин 900 төгрөг хүртэл буурах бүрэн боломжтой.

    1000-1100 төгрөгийн  хооронд барьчихвал үйлдвэрлэгч,импортлогч аль аль талдаа ашигтай цэг.

    Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явж байгаа бол зах зээлээ дагаад буурах ёстой атал манай улсын хувьд зохион байгуулалттайгаар зах зээлийг гажуудуулж байна. Нэг ёсондоо,зах зээл цөөхөн хэдэн хүний гарт орж,монополь тогтсон учраас  өсгөхдөө өсгөчихөөд дараа нь дандаа бензиний үнийг буулгадаггүй барьчихдаг. Төр тэд нарын эсрэг юу ч хэлж чаддаггүй. Яг энэ үед л төр,тэр дундаа Ерөнхий сайд,Сангийн сайд нар хатуухан арга хэмжээ авч,монополь эрхийг нь авах хэрэгтэй байна.

    -Ипотекийн зээлийг хойшлуулах шийдвэр харьцангуй хэрэгжиж эхэлж байна. Хэрэглээний зээлийг 12 сараар сунгасан нь иргэдийн хувьд бодит дэмжлэг болж чадах эсэхийг мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

    -Эцсийн дүндээ төлөх үнийн дүнгийн хувьд өөрчлөлт орохгүй,цаг хугацааны хувьд сунгаж өгч байгаа. Эдийн засгийн идэвхижил эрс саараад,бэлэн мөнгөний хомсдол бий болчихсон үед  төлбөрийг нь төлөхгүй байх эсвэл маш бага хэмжээгээр төлөх нь тодорхой төвшинд тухайн зээлдэгчийн ачааллыг тодорхой хэмжээнд багасгана. Гэхдээ эцэст нь үнийн дүнд өөрчлөлт орохгүй учраас эдийн засагт их нөлөө үзүүлэхгүй.  Зээл хойшлуулах шийдвэр бол бусад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа шиг эдийн засгаа дэмжих бодит шийдвэр болж  чадаагүй. Шуудхан хэлэхэд иргэдээ,бизнес эрхлэгчдийнхээ нүдийг хуурсан л зүйл болсон.

    Эдийн засагч хүний хувьд гурван гаргалгааг томъёолсон:

    1. Хоёр сая гаруй хүн амьжиргаагаа залгуулдаг бичил бизнес эрхлэгчид,дотоодын үйлдвэрлэгчдэд зээлийн хүү,түрээсийг нь хөнгөлөх,цуцлах байдлаар дэмжлэг үзүүлэх
    2. Жижиг,дунд бизнес эрхлэгчдийн түрээсийг цуцлахаас гадна үл хөдлөх эзэмшиж байгаа компаниудын гэрэл,тогны мөнгийг цуцалбал эргээд түрээслэгчдэд төлбөрийг цуцлах,хөнгөлөх түлхэц болно
    3. Бүх ард иргэддээ хүндрэлийг давах бэлэн мөнгөний тэтгэмж гэхээсээ илүүтэйгээр дотооддоо үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний хүнсний болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний багцыг өгөх зүйтэй.

    Дээрх арга хэмжээнүүд нь  нэгдүгээр ард иргэдээ,хоёрдугаарт үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн шийдвэр болж чадна.

    -Ерөнхий сайд, Сангийн сайд, салбарын мэргэжилтнүүд банкны реформыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ тухайд таны байр суурь?

    -Энэ асуудал бүтэн хоёр жил яригдаж байна. 2017 онд дампуурлын ирмэг дээрээ тулсан. 2017 оны гуравдугаар сард 500 сая ам.долларын өрөө төлж чадахгүйд хүрсэн. Улмаар ОУВС-гийн авралын зээлд бид зургаа дахь удаагаа хамрагдаж,өрөө төлүүлсний оронд бид тусгай нөхцөлүүдийг хүлээн авсан. Үүний дагуу ОУВС-гаас банкуудад шалгалт хийгээд үзтэл банкны систем цэвэр мөлжлөгийн шинжтэй,маш эрсдэлтэй ажиллаж байна гэж дүгнэсэн. Эзэмшигч нь ганц,хоёрхон хүн байгаа учраас өөрийн хөрөнгө дутагдалтай,авлигын асуудал ихээр хөндөгдөж байна гээд энийгээ зас гэсэн. Засч чадалгүй жил болсны дараа Монгол улсыг саарал жагсаалтад оруулчихсан. Одоо яг хэвээрээ байж байгаа.

    Монголын банкнуудын зүгээс зээлийн үндсэн хөрөнгөө нэмэгдүүлчихсэн гэсэн боловч шалгаад үзэхээр хаанаас,яаж нэмэгдсэн нь тодорхой бус байсан. Өөрөөр хэлбэл,мөнгө угаачихсан байх хардлага төрүүлсэн учраас дахиад зас гэсэн.

    Бүтэн хоёр жилийн хугацаанд реформыг хийх байгаагийн цаана Монголбанк,Сангийн яам ажлаа хийж чаддаггүй,нөгөөтэйгүүр тодорхой нэгэн эрх ашгийн бүлэглэлд үйлчилдэг мэт хардлага төрүүлэхэд хүрч байна. Банкууд мэдээж олон нийтийн хувьцаат компани болох ёстой боловч одоогийн яриад байгаа шиг нэг хүний эзэмшил 20 хувиас давахгүй байна гэдэг нь туйлын буруу Click To Tweet. Нэг хүний эзэмшил таван хувиас давах ёсгүй. 20 хувь гэвэл эхнэр,нөхөр хоёр хүүтэй гурвуулаа авлаа гэхэд эргээд 60 хувийг эзэмшхээр ямар ч ялгаагүй. Иймэрхүү нүд хуурсан юм хийдгээ одоо зогсоох хэрэгтэй.

    -Хил хааж,Төв банкин дахь алтны тушаалт нэмэгдсэн нь гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтвортой байх нөхцөл бүрдсэн үү?

    -Алт олборлолт хэвээрээ байгаа боловч хил хаасантай холбоотойгоор алт тушаалт өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдсэн. Хил гаалийн хяналт сул,Монголбанк,тагнуул нь ажлаа хийхгүй байгааг харуулж байна. Click To Tweet Алт үйлдвэрлэлт нь хэвийн явагдаж байгаа боловч гадагшаа гараад байдгийг баталж өгсөн. Өөр бодит үнэмшилтэй хийх тайлбар байхгүй.

    Энэ жилийн хувьд Төв банкинд 23-24 тонн алт тушаагдах байдал харагдаж байна. Алт олборлолт,мөн тушаалт сайн байна гэдэг нь валютын нөөцийг шууд нэмэгдүүлдэг сайн нөлөөтэй. Алтнаас Монгол улс 1.1.5 тэрбум ам.доллар авах бүрэн боломжтойн дээр экспортын орлого нэмэгддэг гэж үзвэл гадаад валютын нөөц бололцоо бий. Харин гадаад валютынхаа урсгалыг дотооддоо шингээх механизмыг сайжруулж чадвал гадаад валютын төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой барих боломж бий. Эдийн засаг савлагаатай,бизнес хийхэд хүндрэлтэй байдаг нь валютын ханшийн хэлбэлзэл байдаг.

     

    Ярилцсан Г.Сүрэн (gereg.mn)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ганц сар ч болтугай үнээ буулгаад хэрэглэгчдээ баярлуулахгүй юм байхдаа сонгуулийн хандив гээд л гүрийгээд байдаг юм болов уу төр засаг нь ч үг хэлж чадахгүй

    • энэ хүрэлсүх юу ч хийж чадахгүй нь харагдаж байна хэдхэн хүний гарт орсон нефьтийн үнийг бас валютын ханшийг хүчээр буулгах монополь эрхийг хязгаарлаж зах зээлийн ханшинд оруулах шийдвэртэй алхам хийх зориг ч алга

    • УЛС ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ ҮНЭЭ ЗОХИХ ТҮВШИНД БУУЛГАЛАА. ТЭР  ХҮМҮҮС БОЛ ХАМГИЙН САЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙГАА ТҮҮНЭЭС БИШ ИЙМЭРХҮҮ ТООНЫ МАШИН БАРИАД ХУДЛАА ЯРИХГҮЙ ШҮҮ ДЭЭ ШАТАХУУН ГААЛЬ НӨТ.ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН  ГЭЭД ОЛОН ТАТВАР НЭМЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ.

    • Одоо үнээ буулгалгүй гүрийж байтал нефтийн үнэ эргээд өснө. Тэр үед нь нэмэхгүй бол ч дүүрсэн хэрэг. буулган гэдэг худлаа 

    • Бензиний үнэ гээд л ярих юм. Долларын ханш буурвал ганц бензин гэлтгүй бүх юмны үнэ буурна. 2016 онд доллар 1970 хавьцаа бсан санагдана. Ингэж валютын ханшийг өсгөж ардыг шулж болдог юмуу. 

      • Тийм шүү. Тэгээд сонгуулийн дараа эдийн засаг хямралтай байгаагаа зарлаад долларын ханш ч бас талийж өгсөн. Одоо бас сонгууоийн жил сонгуулийн дараа яах бол

    • Шатахууныхаа чанарыг хянаж байгаа юу?, актон өндөрсгөгч их хэрэглэж  хэрэглэгчийг төөрөгдүүлээд байна уу гэж хараад байна, шаталт хэт хурдан байна

    Холбоотой мэдээ