• Улсын эмнэлгийн ор сулрахыг хүлээлгүй, хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх боломжтой

    2020-04-23

    Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэд хэдэн долоо хоног зарим нь  нэг сараар ч ор сулрахыг  хүлээдэг. Ийн урт удаан хугацаанд хүлээсний эцэст хэвтэн эмчлүүлж чадахгүй байх  тохиолдол ч бий.  Тэгвэл энэ оны хоёрдугаар сараас хойш заавал улсын эмнэлэгт ор сулрахыг хүлээж цаг хугацаа алдахгүй байх боломжийг бүрдүүлсэн нь даатгалын гэрээ бүхий хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ суурь тарифаар тооцож оношийн бүлгээс хамааран Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авах боломжтой болсон.

    Өөрөөр хэлбэл, даатгуулагч иргэн та хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг авахдаа оношоос хамаарч дунджаар 409 мянган төгрөгийн буюу хамгийн дээд тал нь нэг сая 682 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын   сангаас эдлэх боломжтой болж байгаа юм.

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгагч” төлнө гэж заасан байдаг. Даатгагч төлөх төлбөрийг 400 мянган төгрөг болгож  нэмэгдүүлсэн.

    Өмнө нь хувийн болон улсын эмнэлгийн даатгалаас төлөх тариф өөр, өөр байсан бол энэ оны хоёрдугаар сарын 1-нээс адилхан 400 мянган төгрөг болсон билээ.

    Өмнө нь улсын эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас эдэлдэг байсан бол энэ оны хоёрдугаар сараас эхлэн 400 мянган төгрөгийг суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдсэн.

    Гэхдээ энэ нь тухайн иргэний оношоос хамаарч ялгаатай байна.

    Өмнө нь хувийн эмнэлэгт хэвтэхдээ 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо ЭМД-ын сангаас олгох зардлын хэмжээ 252 мянган төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400 мянга болж, улсын эмнэлгийнхтэй ижил болсон.

    Ингэснээр ЭМД-ын сангаас олгох  тусламж үйлчилгээний зардлын ялгааг үе шаттайгаар арилгаж, ижил түвшинд хүргэх томоохон зорилтын эхлэл гэж хэлж болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ