• Засгийн газар, УОК ажлаа хийгээд халдварыг тархаахгүй барьж байхад заавал хууль гаргах хэрэгтэй юу

    УИХ- ын өнөөдрийн чуулганаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

    Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, дэлхий дахинд коронавирусийн халдвараар өнөөдөр 2.5 сая хүн өвчилж,  манай улсад өнөөдрийн байдлаар 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.

    Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу 4 бүлэг 19  зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ.

    Уг хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгасан гэнэ.

    Тэгвэл энэхүү хуулийг одоо заавал хэлэлцэх шаардлагатай гэдэгт олон хүн үгүй гэж байна. Нэгэнт Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил урагштай явж байхад заавал хууль баталж яадаг юм гэх нэгэн ч байна.

    УИХ-д үүнээс илүү тулгамдсан олон асуудал батлах ёстой хуулиуд байгаа. Тухайлахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбоотойгоор олон хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор чуулган эрт завсарлах учиртай. Ийм байхад болж байгаа, ажил нь явж байгаа асуудлаар хууль санаачлаад түүнийг нь хэлэлцээд сууж байгаа нь хачирхалтай юм. Хэдий Ж.Энхбаяр УИХ-ын гишшүд, сайд, дарга нар бүгд адил иргэн хэмээн хуульд тусгаж байгаа гэх ч үнэндээ бол жирийн иргэд бид түүний хажууд хэн билээ. Тэгээд байнга иргэддээ хатуу хандана, хорьж цагдана, торгоно гэж байгаа. Үүнийг бүр хуульчлаад амар сайхандаа жаргах юм гэнэ.

    Уг нь энэ хүнд хэцүү үед иргэдээ яаж ажлын байртай байлгах вэ, идэх хоолтой байлгах вэ гэдгийг л хамгийн түрүүнд хэлэлцмээр. Хууль гаргалаа гээд ажиллаж байгаа байгууллагууд иргэдэд л дарамт улам ихээр нэмэгдэх мэт.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ