• Ү.Амарбат:Намдаа 100 ба түүнээс дээш саяыг хураалгасан бүх хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй

    2020-04-22

    Улс төрийн намууд ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өчигдрөөс хүргүүлж эхэллээ.  Намуудын хувьд   бэлтгэл ажлыг эртнээс хангасан бөгөөд   өдгөө нэр дэвшигчдээ тодруулах ажил ид өрнөж байгаа билээ.   Харин нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах нь олны анхааралд байгаа юм. Тухайлбал, эрх барьж буй МАН-ын хувьд  энэ удаагийн сонгуулийг шударга, мөнгөнөөс үл хамааралтай  болгоход үлгэр жишээ болж ажиллахаа илэрхийлсэн.

    Өөрөөр хэлбэл, сонгуулийн санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуульд заасан хандивын хүрээнд  босгоно гэдгээ илэрхийлсэн. Гэтэл АН-ын зүгээс нэр дэвшигч тус бүрээс дэнчин хурааж байж сонгуульд өрсөлдөх квот олгохоо  жилийн өмнөөс илэрхийлсэн. Ингэхдээ хүн тус бүрээс 100 сая төгрөг хурааж эхэлсэн бол  өнгөрсөн сараас горилогчидтой хоёр дахь шатны гэрээ хийх нэрийдлээр  мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн, 300-400 саяд хүргэсэн нь намын гишүүдийн төдийгүй нэр дэвших хүсэлтэй залуучуудын дургүйг хүргэж эхэлсэн. Намын даргынхаа энэхүү санаачилгыг эсэргүүцсэн залуус эхнээсээ хууль, шүүхийн байгууллагад хандсан.

    Тухайлбал, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв өнгөрсөн долоо хоногт  Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Сонгуульд нэр дэвшигчдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлэх нь  хуульд нийцэж байгаа эсэх, үгүй бол ямар хариуцлага ярих боломжтой талаар   хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.

     АН-ын хувьд горилогчдоосоо 100 сая төгрөг хураахаа мэдэгдээд байсан бол энэ тоог 400-50 саяд хүргэснийг Үндэсний бодлогын хорооны гишүүд нь  мэдэгдэж эхэллээ. Одоогоор Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан бол  цаашид  холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэхээ илэрхийлж эхэллээ. Улс төрийн нам горилогчдоосоо их хэмжээний мөнгө хураах нь хууль зүйн талаасаа хэр  үндэслэлтэй юм бэ?

    Ямар ч боломжгүй дэнчин хураагаад байгаа юм. Хэд хэдэн хуулиар хориотой.  Дээрээс нь тайлбар нь хоорондоо логикийн  зөрчилдөөнтэй. Уг санаа нь ээлжит сонгуулийн үеэр нам өөртөө их хэмжээний мөнгө төвлөрүүлээд түүнийгээ  сонгогчдод тараах эсвэл  хэвлэл, цахим орчинд эрх баригчид руу хандсан хар сурталчилгаа хийх л мөнгө гэж харагдаж байгаа юм.  Горилогчдоос 100 ба түүнээс дээш сая төгрөг хурааж болохгүй тухайд гурван том үндэслэл байна.

    Нэгдүгээрт,

    УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл. Өөрөөр хэлбэл, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш СЕХ тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, мандат олгосон цагаас хандив авах боломжтой болох учиртай. Гэтэл хамгийн анх АН нэр дэвшигчдээсээ мөнгө хураана гэж нийтэд зарлахдаа “хандив авахаар болсон” гэж тодотгосон.  Энэ нь хуулийн зөрчил болоод зогсохгүй улс төрийн нам парламентын сонгуульд нэр дэвших эрхийг үнэлж зарж байна гэсэн үг.  УИХ-ын суудлыг үнэлж зарснаар дараа нь энэ мөнгөө авлигын эх үүсвэр болгох, төрөөс буцааж нөхөж авах аюулыг дагуулна.

    Хоёрдугаарт,

    Нэр дэвшигч бүртгүүлсэн  үеэсээ хандив цугуулах боломжтой болох байтал АН 100 саяыг татахдаа “Чи нэр дэвшихийн тулд  намдаа хандив босгож өгч байна. Гэхдээ нам руу оруулах мөнгөний хандивыг чи өөрийнхөө нэрээр босго” гээд байгаа юм. Хэрвээ намд цугуулж байгаа бол АН-ын бодлого,  үйл ажиллагааг дэмжиж  буйгаа илэрхийлсэн хандив байх ёстой юм, хуулиараа  шүү дээ. Гэтэл  өөртөө хандив цуглуулж байгаа мэтээр олсон мөнгөө намдаа өгчихөөд байгаа нь хэлбэрийн хувьд болоод байгаа юм шиг  атлаа агуулгын хувьд сонгуульд нэр дэвшигч цаг нь болоогүй байхад хандив цуглуулаад эхэлсэн гэсэн үг шүү дээ.

    -Тэгэхээр намдаа тушаах 100 саяыг олохын тулд нэр дэвшигчид ч бас хууль бус үйлдэл хийгээд эхэлчихсэн гэсэн үг үү?

    -Хэрвээ үүнийг ул сууриар нь хөөвөл  сонгуульд нэр дэвших эрх авахын тулд намдаа 100  саяыг цуглуулж өгсөн бүх нэр дэвшигч хууль зөрчсөн  болчихож байгаа биз. Тиймээс АН-аас нэр дэвшихээр намдаа 100 ба түүнээс дээш саяыг хураалгасан бүх хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй.

    Нэр дэвшигчийн хандивын талаар Улс төрийн намын тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Гэтэл АН-ын нэр бүхий нэр дэвшигчид  “Би 100 саяынхаа 40 хувийг өөрөө өгсөн. Үлдэгдлийг нь найз, нөхдийн хандиваар цуглуулсан” гэж ил тодоор яриад байгаа шүү дээ. Гэтэл  найз, нөхдөөсөө авсан 60 гэдэг нь 60 сая төгрөг болчихож байгаа биз.  Тэгэхээр  Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуульд нэр дэвшигч бусдаас авч болох хандивын хэмжээг  хувь хүн 1-5,  байгууллага, аж ахуйн нэгжээс 10-20 сая төгрөгийг авч болно гэж заасныг шууд утгаараа зөрччихөөд байна.  Намд өгч буй хандив учраас Сонгуулийн тухай  хуулийг хамааруулан ойлгохгүй. Харин Улс төрийн намын тухай хуулиа шууд зөрчсөн үйлдэл.Хувь хүн аливаа нэр дэвшигчид дээд тал нь нэг сая төгрөгийн хандив өгөх ёстой байтал бусдаас 60 саяыг авсан гэж яриад сууж байгаа хүн хандивын хэмжээг 60 дахин хэтрүүлчихсэн байна шүү дээ.

    -АН 100 саяыг тайлбарлахдаа “Сонгуульд нэр дэвшигчдээс угаасаа  зардал гарна. Үүнийг нь санхүүжүүлэхийн тулд бид 100 саяыг хурааж байна” гээд байгаа шүү дээ?

    -Хэрвээ энэ  зардлыг санхүүжүүлэх гэж байгаа бол нэр дэвших хүсэлтэй хүмүүс бүтэн жилийн өмнө  намдаа  тэр мөнгийг хураалгах ямар ч шаардлага байхгүй.  Яагаад гэвэл Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь хандиваар, өөрийн болон, намын хөрөнгөөр сонгуулийг санхүүжүүлнэ гээд заачихсан.  Тэгэхээр жилийн өмнөөс 100 саяыг хурааж байгаа нь хууль зөрчихөөс гадна улс төрийн нам гэдэг чинь банк бус санхүүгийн байгууллага биш шүү дээ. Мөнгө хүүлэх гээгүй юм бол сонгуульд гарах зардлыг жилийн өмнөөс их хэмжээгээр төвлөрүүлж эхэлсэн нь алдаатай. Энэ мөнгийг нэр дэвшигчдэд зарцуулахгүй нь тодорхой харагдаад байгаа юм.  Учир нь нэг намаас 76 хүн л нэр дэвшинэ.

    Гэтэл АН өнөөдрийн байдлаар 180 гаруй хүнээс 100 саяыг хураагаад авчихсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл нэр дэвшихгүй 100 хүний мөнгийг юунд зарцуулах гэж хураагаад байгаа юм гэдэг асуулт гарч ирнэ.

    -АН-ын 100 саяыг хууль зөрчсөн гэж үзэхээс гадна  гэмт хэргийн шинж  агуулсан үйл явц гэж дүгнэх хүн бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?

    -Ингэж үзэх бүрэн үндэслэлтэй. Эрүүгийн хуульд заасан төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгийг олон нийтээс, хууль бусаар татан  төвлөрүүлэх замаар сонгуульд хэрэглэх гээд байна шүү дээ. Ийм замаар сонгуульд ялаад гарчихвал хууль бус эх үүсвэрээс сонгуулийн мөнгөө санхүүжүүлж байгаад төрийн эрхэнд гарсан гэж үзэх нэгдүгээр үндэслэл болно.

    Хоёрдугаарт, АН-ын 76 нэр дэвшигчийн мандатыг нэг талдаа намаас нь өгөөд байгаа юм шиг атлаа энэ нь төрийн мандат юм. Хэрвээ сонгуульд ялчихвал намаасаа мандат авсан хүн парламентын гишүүн болно. Тэгэхээр УИХ-ын гишүүн болох нэг шатыг нь АН үнэлээд  зарж байна л гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь  үүнийгээ ил тод нээлттэйгээр зарлаад мөнгөө хураагаад  байна шүү дээ.

    -АН-ын 100 сая бол аль ч талаасаа хууль зөрчсөн үйлдэл юм байна. Гагцхүү энэ асуудалд хэрхэн хариуцлага тооцох вэ.  АН-ыг татан буулгах  нөхцөл бүрдсэн гээд байгаа шүү дээ?

    Яалт ч үгүй татан буулгах үндэслэл болно. Улс төрийн нам хуулиас гадуурх үйл ажиллагаа явуулж байгаа бол татан буулгах үндэслэл болно гэх заалт бий. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд заасан  хандивын мөнгийг хэтрүүлэн авсан, хандив төвлөрүүлэх эрхгүй субьектээс төвлөрүүлсэн. Энэ нь ердийн үеийн бус сонгуулийн үеийнх учраас төрийн эрх мэдлийг авахдаа хууль бус арга хэрэглэсэн   болно. Харин хариуцлага тооцох эсэх тухайд  түвэгтэй  болчихоод байгаа юм.

    Нэгдүгээрт, АН-ын гишүүд өөрсдөө аливаа гомдол гаргахгүй байна. Сонгууль дөхчихсөн учраас буруутгах аргагүй.   Нөгөө талаас бусад намын зүгээс гомдол гаргахад хамааралтай этгээд биш болчихоод байгаа юм. Улс төрийн бусад нам дуугарах гэхээр нэг намынхаа дотоод үйл ажиллагаанд оролцоод байгаа юм шиг болчихоод байна.

    Хууль  зөрчөөд  байгаа энэ үйлдэлд нь АН-д хүлээлгэх  хариуцлага нь намыг татан буулгах. Улмаар  сонгуульд оролцуулахгүй байх. Гэтэл манай улсын тогтолцооны хувьд хоёр гол хүчний нэгийг сонгуульд оролцуулахгүй болчихоор АН-ын гишүүд дэмжигчид эсэргүүцэхээс гадна тэдний эрх ашиг  гэдэг зүйлийг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

    Тиймээс нэг талаас яалт ч үгүй хууль зүйн асуудал ч гэлээ нөгөө талдаа улс төрийн олон  үр дагавартай асуудал болчихоод байгаа юм.  Эцсийн дүндээ үүний хохирогч нь АН ба түүний гишүүд дэмжигчид биш, Монгол Улс болно. Яагаад гэвэл, энэ 100 саяын цаана 18 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна шүү дээ. 181 хүн 100 саяа тушаасан гэхээр ийм дүн гарна. Гэтэл энэ тоог нэмээд 300-400 саяд хүргэнэ гэхээр 80-90 тэрбум төгрөгт хүрэх нь байна шүү дээ.  Түмний нүдэн дээр ил тодоор  зарлаж мөнгө хураагаад, өгсөн хүмүүс нь өгснөө зарлаад байгаа нь  улс оронд бодит хохирол тарина. Төрийг наймаалцах процессыг  олны нүдэн дээр хийгээд байна шүү дээ. Үүний цаана маш том авлига, ашиг сонирлын үндэс болох нь гарцаагүй.

    -АН-ын 100 саяыг хандив гэж ойлгохоор хууль зөрчөөд байгаа учраас дэнчин гэж нэрлээд байх шиг байна. Ер нь хэрхэн  ойлгох ёстой вэ?

    -Зориулалт нь нэр дэвшигч мандатаа худалдаж авч байгаа л мөнгө шүү дээ. АН үүнийг булзааруулж, зөрччихөөд байгаа олон хуулиа зөрчөөгүй мэт харагдуулахын тулд янз бүрээр л нэрлэж байна.

    Тухайлбал, дэнчин гэж нэрлээд байгаа юм. Гэтэл дэнчин гэдэг ойлголт өнөөдрийн хүчин төгөлдөр хууль дунд байхгүйн зэрэгцээ намын төлөвшил хөгжлийн хувьд сонгуульд өрсөлдөхийн тулд дэнчин тавьдаг нь хамгийн буруу жишиг  гэж үздэг учраас дэлхийн  улс  орнууд бүгд татгалзчихсан.

    Улс төрийн нам  их хэмжээний хандив, мөнгө цуглуулахаар тэр хэрээрээ нөлөөнд орчихдог учраас татгалзаад байхад АН эсрэгээрээ яваад байгаа юм.   Тэгэхээр дэнчин биш байх нь.  Гэтэл хандив байх ч боломжгүй. Хэрвээ хандив гэж байгаа юм бол нэг нэр дэвшигч 100 саяыг өгч байгаа нь хуулийн хязгаарыг давчихаад байна. Нөгөөтэйгүүр нэр дэвшигчид өгч буй хандив гэж үзвэл цаг нь болоогүй байна. Тэгэхээр  дэнчин, хандив биш учраас АН тайлбарын түвшинд яриад аргалаад л явж байна.

    -Нөгөө талаас 100 саяыг тушаасан хүмүүс үр ашгийг нь хэрхэн хүртэх вэ гэдэг ойлголт гарч ирээд байгаа юм. Намын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж тайлбарласан.  Энэ нь юү гэсэн үг вэ?

    -АН-аас сонгуульд нэр дэвшихийн тулд 100 саяыг тушаасан хүмүүс үр ашгаа хэрхэн хүртэх тухайд гурван саналыг намын дарга тавьсан гэж зарласан. Тодруулбал, нэр дэвших эрх олгох. Хэрвээ ялалт байгуулж чадахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ. 100 сая төгрөг өгсөн бүхэн нэр дэвших эрхтэй болох боломжгүй. Тиймээс дэвшихгүй бол бас улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж тайлбарласан байгаа юм.  Тэгэхээр 100 саяыг тушаагаад нэр дэвших эрхээ авсан хүмүүсийг бүр цагаандаа гарсан гэж ойлгоод орхиё.  Гэтэл үүний цаана улс төрийн дэмжлэг гээд байгаа нь шууд  утгаараа төрөөс тендер авахад дэмжих, эсвэл тухайн хүнийг тодорхой албан тушаалд томилуулна л гэсэн үг. Гэтэл энэ хоёр хоёулаа хуулиар хориотой. Улс төрийн дэмжлэг үзүүлж байна гээд шаардлага хангаагүй хүнийг төрийн ажилд томилбол Төрийн албаны тухай хуулийг зөрчирнө. Тендер авч өгнө гэвэл Тендерийн тухай хуулийг мөн л зөрчинө.

    -Тэгэхээр АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх  хууль зүйн үндэслэл  бүрдчихсэн гэж ойлгож болох уу?

    -Гурван төрлийн хуулиар ийм нөхцөл бүрдсэн.

    Улс төрийн намын тухай хуулиар АН татан буугдах болзлоо хангасан. Сонгуулийн  тухай хуулиар нэр дэвшигчдийг нь бүртгэхгүй байх нөхцөл бүрдсэн. Эрүүгийн хуулиар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан үйл явц өрнөж байна. Энэ гурван хуулиар  АН-ын сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл хангалттай.

    Дээрээс нь Үндсэн хуулийн суурь зарчмыг  хөндчихсөн. Хүмүүсийн сонгох, сонгогдох эрхэд АН шууд халдчихсан. Нэг талдаа хууль зөрчин хурааж буй 100 саяыг тушаасан хүмүүсийг зүхээд байж болох ч нөгөө талдаа энэ хүмүүс улс төрийн  карьер хөөж байна. Нэгэнт л нам нь нэр дэвшүүлэхийн тулд мөнгө хураана гээд  олонхоороо түрээд шийдвэр гаргачихсан тохиолдолд дагахаас аргагүй шүү дээ. АН ийм залуучуудаа хорлочихож байна. Өөрөөр хэлбэл,   олонхоороо түрж байгаад энэ намд байгаа эрүүл цөөнх хэсгээрээ хууль зөрчүүлчихэж байна шүү дээ. Нэр дэвших хүсэлтэй хүмүүс мөнгөө төлөхгүй л бол  эрхээ авч чадахгүй учраас яалт ч үгүй өгөхөд хүрч байгаа юм. Ингээд мөнгө хураахын эсрэг дуугарах гэхээр улс төрийн намын дотоод асуудлыг аль нэг шүүх авч хэлэлцдэггүй.

    -Тэгэхээр цаашид яах вэ. Нэгэнт хууль зөрчөөд байгаа нь тодорхой байтал шийдэлгүй байсаар өдийг хүрчихлээ. АН энэ чигээрээ  их мөнгө татан төвлөрүүлсээр сонгуульд оролцохгүй гэх баталгаа алга. Хариуцлагын асуудал хөндөгдөхгүй юм биш биз дээ?

    -100 саяыг зогсоох арга бидэнд бий. Тэр нь эцсийн сонголт байх болно. Өөрөөр хэлбэл, эхлээд 100, нэмээд 300-400 саяын такс төлөөд нэр дэвшиж байгаа хүнийг УИХ-ын суудалд үзэгч болгож суулгах хэрэг байгаа эсэхийг сонгогчид бодолцох хэрэгтэй.

    Ямар ч байсан УИХ-ын суудлыг  зарчихаагүй  байна. Нэр дэвших эрх учраас иргэд, сонгогчид ухаантай хандах ёстой. 100 саяыг эсэргүүцэж байгаагаа сонголтоороо илэрхийлэх боломжтой гэдгийг хэлмээр байна.  Өнөөдрийн байдлаар харахад АН аягүй бол энэ чигээрээ яваад сонгуульд орох байх. Хэрвээ сонгуульд ялбал   181 хүнээс авсан 18 тэрбум төгрөгийг төр засаг хэд нугалж, хэрхэн төлөхийг таашгүй байдалд орж байгаа нь харамсалтай.  Сонголтгүй сонголт гэдэг зүйл үүнээс үүдэлтэй байдаг. Нэгэнт эрхээ худалдаж авсан хүн УИХ-д нэр дэвшиж байхад иргэд сонголт хийх гээд яах юм. 181 хүний жагсаалт гарсан байсан.

    Тэндээс харахад дандаа бизнесмэн, аав ээж нь дарга байсан хүмүүс байна лээ. Тэгэхээр тэд ямар байдлаар 100 саяа босгосон, тэр байдлаараа л сонгуульд орно гэсэн үг шүү дээ. Гэтэл үүний цаана иргэдийн хүлээгээд байгаа, аливаа хамааралгүй, боловсрол мэдлэгтэй хүмүүс үндсэндээ 100 саяд цохигдоод ард нь үлдчихэж байна гэсэн  үг шүү дээ.   Улс төр талаасаа нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй юм.

    Хууль зүйн талаасаа бол гэмт хэргийн төдийгүй намыг татан буулгахаас гадна авлигын шинжийг агуулж байна. Гэхдээ  хэчнээн хууль зөрчсөн  гэж дүгнээд нэмэргүй. СЕХ юмуу харьяалах байгууллага  нэр дэвшигчдийг бүртгэхгүй эсвэл намыг татан буулгах шийдвэр гаргахын тулд аль нэг шүүхээс хэрэг маргааныг тасалсан байх ёстой. Өөрөөр хэлбэл,  хэн нэгэн  гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гараагүй бол  эцэслэх боломжгүй.   Харин хуулийн процессыг хэзээ ч өрнүүлж болно. Сонгуулиас үл хамаараад АН-ын 100 ба түүнээс дээших мөнгөний асуудлаар хэзээ ч шийдвэр гаргаж болно гэдгийг  онцолъё.

    М.Өнөр

    gereg.mn

    Холбоотой мэдээ