• Б.Амгалантуул:Австрид суралцдаг Монгол оюутнууд л хамгийн хүнд нөхцөлд байна

    2020-04-22

    Австри улсыг Вена хотноо ажиллаж амьдарч буй  Б.Амгалантуултай цахимаар холбогдон ярилцлаа.

    -Таны хувьд Австрид анх ирээд ямар ажил хийж байсан бэ,энэ хугацаанд Монголдоо ирсэн үү?

    -Цагаачдын хувьд анх ирээд мэдээж албан ёсны ажил хийх зөвшөөрөлгүй байдаг учраас ёстой олдсоноо л хийдэг. Амьдралаа дээшлүүлэх гэж ирсэн юм чинь зүгээр байна гэж юу байхав цэвэрлэгч,үйлчлэгчээс л эхэлсэн  дээ. 2009 онд энд албан ёсны оршин суух визтэй болсон,гэхдээ Монголынхоо иргэн хэвээрээ байгаа. Монголдоо нэг ч очоогүй,харин энэ зун өвчний тархалт дуусвал эх орондоо очихоор төлөвлөөд байна.

    -Австри улсын хувьд нөхцөл байдал хэр байна вэ?

    -Анх Хятадад вирус гарлаа гэхэд Засгийн газраас нь ямар ч арга хэмжээ авахгүй байсан боловч нөгөө талдаа маск,гар ариутгагч нь бүгд дуусчихсан. Тэгсэн мөртлөө гудамжаар маск зүүсэн хүн нэг ч байгаагүй. Монголчуудын хувьд гаднаас нь харахад мэдээж Ази хүн байгаа учраас маск зүүчихвэл үнэхээр аюул болно.

    Австрид халдварын тохиолдол эхэндээ чимээгүй 20,30,40 гэж тоологдож байсан бол өнөөдөр 14,888 хүн халдвар авсан, 454 хүн нас барсан байна. Үүнээс гадна сэхээн амьдруулах тасагт зөвхөн аппаратаар амьдарч байгаа маш олон хүн байгаа. Австри улс өөрөө Итали,Франц,Герман,Швейцарь гээд Европын аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудтай хиллэдэг. Анхны тохиолдлуудаас нь авч үзвэл Австрид өвчлөл анх Италиас орж ирсэн гэж үзэж байна.

    Гуравдугаар сарын 14-нөөс эхлээд хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Харин дөрөвдүгээр сарын 12-ноос карантинаа бага,багаар суллаж байна. Хөл хорио тогтоосон үед зөвхөн хүнсний дэлгүүр,эмийн сангууд ажиллаж,бусад бүх үйлчилгээний газрууд,тэр байтугай хүүхдийн тоглоомын талбайг шар туузаар лацдаад хаачихсан байгаа.

    -Дэлхийн зарим орнуудад Азиудыг ялгаварлан гадуурхах,тэр ч байтугай бүлэглэн зодсон хэрэг гарсан. Таны амьдарч буй хотын орчимд ер нь ялгаварлан гадуурхалт байна уу?

    -Миний амьдарч байгаа хотын хувьд тэгж Ази гээд ялгаварлан гадуурхах,зодох асуудал харьцангуй гайгүй байна. Магадгүй боловсролын төвшин эсвэл тухайн хүний нас гээд олон зүйл нөлөөлж байгаа байх. Дэлгүүрээс юм авах гээд ороход юм үзээд зогсож байсан хүн биднийг харангуутаа дөлөх, зугтаах, гудамжаар алхаж явахад  өөдөөс ирж байсан хүн замын нөгөө тал руу гарах гэдэг ч юм уу зүйлс бол зөндөө болдог. Ер нь зөвхөн коронавирус ч гэлтгүй,Австрид амьдарч байх хугацаанд ийм зүйлс олон тохиолддог. Биднийг  хараад Хятад хүн л гэж боддог юм шиг байгаа юм.

    -Улс орнуудын хувьд иргэддээ бодит санхүүгийн дэмжлэг буюу бэлэн мөнгө тарааж байна. Австри улсын тухайд?

    -Албан ёсны оршин суух визтэй, тогтмол ажилладаг, татвараа төлдөг хүмүүст ажилгүйдлийн тэтгэмжийг тавдугаар сарын 1-нийг хүртэл олгож байна. Сарын 1,700 еврогоос бага цалинтай бол цалингийнх нь 90 хувь, 2,685 еврогоос бага цалинтай бол 85 хувийг нь төрөөс нь олгож байна. Харин оюутнуудын хувьд ямар ч тийм тэтгэмж,туслалцаа байхгүй учраас хүндхэн нөхцөлд байна.

    Ер нь Австрид нийт 3,000 гаруй монголчууд амьдран суудгаас оюутнууд олноороо суралцдаг. Эрдмийн мөр хөөхөөсөө гадна хажуугаар нь ажиллана, олдсон мөнгөө ар гэрийнхэн рүүгээ явуулчих гээд хичээнэ. Миний мэдэхээр оюутнууд долоо хоногтоо 10-20 цаг л ажиллах эрхтэй. Дээрээс нь энд эрүүл мэндийн даатгалгүй бол эмнэлгийн үйлчилгээ авна гэдэг бүтэхгүй, маш өндөр зардалтай. Нэг өдөр эмнэлэгт хэвтэхэд д 100,200 еврогийн өртөгтэй. 1200 еврогийн цалин авлаа гэхэд 300 нь эрүүл мэндийн даатгалдаа явчихна. Гэхдээ даатгалаа төлдөг л бол эрүүл мэндийн даатгалын картаараа бүх эмнэлгийн үйлчилгээг үнэгүй авч болдог нь их сайхан.  Оюутнуудын хувьд эрүүл мэндийн даатгалдаа 50 евро,байрны гээд доод тал нь 600 евро,нэг семестрийн мөнгө гээд үнэхээр их зардалтай. Эндхийн Хятад,Солонгос хоолны газруудын зөөгчөөс нь авахуулаад зохион байгуулагч нь хүртэл монголчууд байдаг шүү. Ажилдаа хариуцлага байдаг болохоор итгэлийг нь олоод авчихсан байдаг.

    Гэтэл одоо сургуулиуд нь хаачихсан,хийдэг ажлууд нь бүгд хаалгаа барьчихсан,санхүүгийн хувьд хүндрэлтэй байна.

    -Вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай аргыг маск зүүх гэж байна. Австрийн хувьд иргэд нь маскыг хэр зүүж хэвшсэн бэ?

    -Одоо бол маскыг заавал зүүх ёстой гэж эрүүл мэндийн байгууллагаас нь шаардлага тавьж байна.Маскгүй л бол дэлгүүр,эмийн сан гээд хаана ч оруулахгүй байгаа. Дэлгүүрүүдийн үүдэнд нэг удаагийн маск үнэгүй тарааж байгаа. Гадаа байтугай,нийтийн тээвэр,машиндаа маскгүй яваа хүнийг 25 еврогоор торгож байна. Нэг маск 5-7 еврогийн үнэтэй байна.

    -Сайн дураараа шинжилгээ өгье гэвэл хамрагдах боломж байгаа болов уу?

    -Аптек болгон дээр коронавирусын шинжилгээ авч байгаа гэж байсан боловч яг баттай эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээ өгөх хүсэлтэй хүмүүс нь сайн дураараа өгч болох боловч эмнэлэг өөрөө маш эрсдэлтэй байгаа учраас тийшээ зүглэх хүн ховор болов уу.

    Нийт Монголчууддаа эрүүл мэндээ сайн дэмжиж,монгол хоол ундаа идэж эрүүл байгаараа гэж хүсье.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ