• Х.Алтай:Цар тахлын улмаас үнэт цаасны арилжаа 6-10 дахин буурсан

    Эдийн засагт уналтын, хямралын салхи сэвэлзэв үү үгүй юу хөрөнгийн зах зээл “ханиад” авдаг. Хамгийн эмзэг салбар гэх үү дээ. Тиймэс COVID 19 өөс шалтгаалан эдийн засгийн нөхцөл байдал Монголын хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа бол?

    Монголын хөрөнгийн биржийн гүйцэтэх захирал Х.Алтайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

     –Нэн тэргүүн COVID 19 Монголын хөрөнгийн зах зээлийн хаалгыг тогшсон уу гэж асуумаар байна. Эсвэл хэдийнэ босго давж орчихоод бужигнуулж байж ч болох юм?

    -Аливаа улсын эдийн засгийн толь хөрөнгийн зах зээл.  Үнэхээр хамгийн түрүүнд өөрчлөлт үзүүлж дохио өгдөг. COVID-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн том, жижиг бүхий л биржийн арилжааны идэвх эрс суларч, томоохон индексүүд 20-30 хувиийн уналттай явж байна.

    Манай зах зээлийн хувьд ТОП-20 буюу идэвхитэй арилжигддаг 20 үнэт цаасны үнийн индекс оны эхнээс хойш 12 хувиар, MSE A буюу нэгдүгээр ангиллын үнэт цаасны үнийн индекс 17 хувиар, MSE B буюу үнэт цаасны хоёрдугаар ангиллын үнэт цаасны үнийн индекс 3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

    Зах зээлийн үнэлгээ мөн долоо орчим хувиар буурсан.

    Өнгөрсөн хоёр болон гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс арилжааны үнийн дүн 6 дахин болон 10 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна. Арилжааны үнийн дүн ийнхүү буурахад вирусийн дэгдэлттэй холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах ажиллагаа буюу IPO хойшлогдсон, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх суларсан нь нөлөөлсөн.

    -УИХ Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг баталлаа. Энэ арга хэмжээ хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж, үр дүнгээ өгнө гэж харж байна?

    Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн зээлийн төлбөрийг хойшлуулах, ялангуяа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр заасан нь хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлнө гэж харж байна.

    -Ер нь энэ онд Монгол дахь хөрөнгийн зах зээлийн арилжаа, идэвх ямар байна гэж  төсөөлж байсан бэ? Төсөөллөөс нөхцөл байдал эрс буурсан тохиолдолд Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

    -Сүүлийн жилүүдэд буюу 2017-2019 онд дотоодын хөрөнгийн зах зээл идэвхжиж, олон шинэ үнэт цаас бүртгэгдсэн. Тухайлбал, 2017 онд Монголын хөрөнгийн бирж түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, ТОП-20 индекс 68.9 хувиар, зах зээлийн үнэлгээ 67.4 хувиар тус тус өссөн, 2018 онд хамгийн олон компани үнэт цаасаа бүртгүүлсэн түүхэн дээд амжилт тогтоосны зэрэгцээ үнэт цаасны анхны давхар бүртгэл, даатгалын компанийн үнэт цаас бүртгэгдсэн онцлог үйл явдал тохиосон бол 2019 онд үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хамгийн өндөр түвшинд буюу 42.5 тэрбум төгрөгт хүрсэн.

    2020 онд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор анхдагч зах зээлийн арилжааны дээрх хэмжээ хадгалагдах, үүнийг дагаад хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн өсөх хүлээлттэй байсан боловч өнөөдрийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх төлөвлөгөө хэрэгжихэд хүндрэл үүсэх төлөвтэй болоод байна.

    -Монголын хөрөнгийн бирж МIT платфорумын ашиглалтын зардалд  2019 онд гэхэд л 1.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай та мэдэгдэж байсан. Ийм байдлаар алдагдал хэр удаан үргэлжлэхээр байна вэ? Цаашид хөрөнгийн зах зээлд оролцогчид үүнийг хувааж төлөх ёстой гэж байсан. Гэтэл тэдний эх үүсвэр угтаа хувьцаа эзэмшигчдээс,  татвар төлөгчдөөс  гардаг шүү дээ?

    -Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2011 онд Лондонгийн хөрөнгийн бирж групптэй Стратеги хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ”-г байгуулж, гэрээний хүрээнд Миллениум Ай Ти цогц системийг дотоодын хөрөнгийн зах зээлд 2012 оны 7 сард албан ёсоор нэвтрүүлсэн. Уг цогц систем нь үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын дэд системүүдээс бүрддэг бөгөөд системийг “Монголын хөрөнгийн бирж“ ТӨХК, “Арилжаа төлбөр тооцоо” ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны компаниуд нийт зах зээлийн хэмжээнд ашиглаж байна. Гэтэл МХБ нь системийн аюулгүй найдвартай тасралтгүй ажиллагааг бүхэлд нь хариуцдаг бөгөөд системийн ашиглалт болон элэгдэл хорогдолтой холбоотой бүхий л зардлыг санхүүгийн тайландаа тусгадаг. Засгийн газрын шийдвэрээр АМГ-ний хүрээнд системийн холбогдох төлбөрүүдийг Улсын нэгдсэн төсвөөс санхүүжүүлдэг байсан боловч 2018 оноос эхлэн МХБ өөрийн үйл ажиллагааны орлогоос хариуцах болсон. Нэгэнт системийг зах зээлийн хэмжээнд ашиглаж байгаа тул зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд холбогдох зардлыг хувааж төлөх нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байна.

    -Ер нь анхнаасаа дутуу функцтэй, их үнэтэй технологийг энэ жижиг зах зээлд оруулж ирсэн нь буруу гэдэг шүүмжлэл бий. Та энэ МIT платфорум хэр үр дүнгээ өгсөн, өгч байгаа гэж үздэг вэ?    

    -Өнөө цагт аливаа хөрөнгийн биржийн зардлын бүтцэд технологийн зардал хамгийн өндөр зардлын нэг байдаг бөгөөд үүний цаад шалтгаан нь арилжаа шударга, ил тод, нээлттэй, тасалдалгүй явагдах нөхцлийг хангах, хөрөнгө оруулагчид болон үнэт цаас гаргагчдын итгэлийг хүлээсэн системтэй байхыг чухалчилдагтай холбоотой.

    Түүнчлэн, олон улсын хөрөнгийн биржүүдийн нийтлэг бүтэц нь арилжаа, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн байгууллагууд нь нэгдмэл буюу группийн бүтэцтэй байдаг тул бүх зардлаа орлогоороо санхүүжүүлэх бүрэн боломжтой байдаг. Манай зах зээлийн хувьд хэт данхагар олон салангид байгууллагууд төрийн өмчит хэлбэрээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зах зээлийн хэмжээнд ашиглаж буй системийн төлбөрийг МХБ дангаараа хариуцаж байгаа нь хүндрэл учруулж байна.

    Миллениум Ай Ти платформын хувьд олон улсын чанарын ISO 9001:2008 сертификаттай, дэлхийн 20 гаруй улсад ашиглагддаг бөгөөд тус платформ нь арилжааны бодит горимын хяналт, онлайн арилжааг нэвтрүүлж арилжааны өртөг зардал, цаг хугацааг хэмнэх нөхцөлийг бий болгосон. Өнөөдөр хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжааны 50 гаруй хувь нь онлайнаар хийгдэж байна.

    -Манай бирж ОУ-д төрийн эзэмшлийн цор ганц бирж нь. Хувьд шилжүүлэх тал дээр таны байр суурь? 

    Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийг харахад бүгд төрийн өмчийн бус, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байдаг. Ингэснээр биржүүд зах зээлээ мэдэрсэн шинэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй гаргаж, өөрийн үйл ажиллагаа, үйлчилгээний хүрээгээ бизнесийн зарчмаар тогтоож, оновчтой бүтцээр үйл ажиллагаа явуулж, шимтгэл хураамжаа зах зээлд дарамт багатай хэмжээнд тогтоох боломжтой байдаг.

    Хэрвээ хувьчлагдах шийдвэр гарвал Монголын хөрөнгийн бирж (ХБ) нээлттэй хувьчлалын сайн жишээ болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Бирж нээлттэй хувьцаат компани болсноор зах зээлд илүү үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

    -Монголын хөрөнгийн зах зээл жижиг хэрнээ оролцогч олонтой, нүсэр    бүтэцтэй гэж та үздэг.  Ямар үндэслэл байна.  Хэрхэн өөрчилж болох вэ?

    Манай хөрөнгийн зах зээлийн арилжааны шимтгэл нь бусад зах зээлүүдтэй харьцуулахад өндөр байдаг нь зах зээлд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулах, өдрийн арилжаа /day trade/ зэрэг их давтамжтай арилжаанаас ашиг олох боломжийг хязгаарладаг. Арилжааны шимтгэл нь үнэт цаасны компаниуд, хөрөнгийн бирж, арилжааны төлбөр тооцооны байгууллага, зохицуулагч байгууллага зэрэг олон байгууллагуудын шимтгэл хураамжаас бүрддэг тул өртөг зардлыг бууруулахын тулд олон улсын стандартын дагуу зах зээлийн нэгдмэл, оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай байна.

    Монголын хөрөнгийн бирж нь нэгдсэн группийн бүтэцтэй болсноор өртөг зардлыг хэмнэж, эцсийн хөрөнгө оруулагчийн арилжааны шимтгэлийг бууруулахаас гадна хөрөнгийн зах зээл хөгжлийн нэгдсэн бодлогоор хангагдах ач холбогдолтой юм.

    -Монголын хөрөнгийн зах зээл Т+2 үйлчилгээг гаргалаа. Төлбөр тооцооны энэ шинэ горимд шилжснээр Монголын үнэт цаасны арилжаанд ямар өөрчлөлт, үр дүн  бий болох вэ?

    Монголын хөрөнгийн зах зээл төлбөр тооцооны Т+2 горимд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр амжилттай шилжлээ. Энэхүү шилжилт нь арилжааны төлбөр тооцооны процесс олон улсын жишигт хүрч хөгжих, манай зах зээл олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болоход нэн чухал алхам болсон. Үүний үр дүнд зах зээлийн хөрвөх чадвар сайжрах, гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    -Хөрөнгийн зах зээлд ажил үйлчилгээ эрхлэгчид төдийгүй хэн хүнгүй  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг, цаашлаад хувьцааны арилжаа энэ салбарын үйл ажиллагааг идэвхижүүлж хөдөлгөөнд оруулна гэсэн хүлээлттэй байна. Хөрөнгийн биржийн тухайд?

    “Эрдэнэс тавантолгой” ХК нь одоогийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэгдэж арилжаалж эхлээгүй байгаагаас иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжоор хангагдаагүй байна. Хэрэв  тус компанийн үнэт цаасны дотоодын хөрөнгийн биржийн арилжааг нэн яаралтай эхлүүлвэл иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж хувьцаагаа арилжаалах замаар бэлэн мөнгөтэй болохоос гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэх, цаашлаад иргэдийн гар дээр очих мөнгө худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд очих зэргээр цар тахлын энэ хүнд үед эдийн засгийг дэмжих өндөр ач холбогдолтой алхам болох юм.

    Түүнчлэн, тус компани 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тараах 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг нь Ковид-19 цар тахлын үед эдийн засгийг дэмжих бас нэгэн чухал арга хэмжээ болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ