Л.Төгсбаяр:Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор 2019 онд 52 хүн амь насаа алдсан

2020-04-22

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМАА НЭЭЦГЭЭЕ” уриан дор улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн Л.Төгсбаяртай ярилцлаа.

 -“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМАА НЭЭЦГЭЭЕ” уриатай сарын аян цахим хэлбэрээр явагдаж байна. Энэ аяны хүрээнд танай зүгээс ямар ажлууд хийж байна ?

-2012 оноос Мэргэжлийн хяналтын байгууллага, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлтэй хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг 4 сарын 01-05 сарын 01 хооронд орон даяар зохион байгуулж ирсэн.

Яваандаа өргөжөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын  яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон бусад төрийн болон төрийн бус байгуулга  нэгдэн манлайлж оролцоод нэлээд далайцтай болж ирсэн.

Өнгөрсөн жил л гэхэд яам агентлагууд их идэвхтэй оролцсон. Тухайлбал Хууль зүйн яамыг онцлож хэлэх хэрэгтэй. Харьяа байгууллагууд дээрээ олон талын үйл ажиллагааг зохион байгуулж сарын аяныг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд их санаачлагатай, идэвхтэй ажилласан.

Энэ жилийн хувьд сарын аян маань өргөн хүрээтэй явах байтал дэлхий нийтийг хамарсан коронавирусээс болж олныг хамарсан далайцтай ажил хийх боломж хумигдаж байна.

Гэхдээ төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл бусад эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэсээр байгаа. Улсын хэмжээнд хөл хорио, хязгаарлалт тогтоосон байгаа ч үйлдвэрлэлийн осол гарсаар л байна.

Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад үйлдвэрлэлийн осол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Click To Tweet

Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр биднийг ажлаа эрчимжүүлж, хяналтаа сайжруул гэсэн дохио гэж ойлгож байгаа.

– Аяны хүрээнээс гадна эрсдэлтэй салбаруудад шат дараатай олон арга хэмжээ авч байгаа. Энэ талаар тодруулбал?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ганцхан сарын аяны хүрээнд хийгдээд дуусдаг ажил биш юм, Учир нь хүн ажил хийж, хөдөлмөрлөж байгаа цагт үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл их бага хэмжэгээр байж байдаг. Тиймээс ч оны эхнээс эрсдэлтэй ихтэй салбар  болох Уул уурхай, Барилга, Зам тээврийн яамдын сайд нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хагаж ажиллах тухай албан бичиг явуулсан. Үүнд тухайн салбарт 2019 онд үйлдвэрлэлийн осол ямархуу байдалтай байсан.

Өссөн үү буурсан уу. Өссөн бол юунаас шалтгаалаад байна. Цаашид хэрхэн арга хэмжээ авах уу гэдэг тал дээр хамтарч ажиллая гэсэн албан тоот хүргүүлсэн.

Мөн орон нутгийн засаг дарга нарт болон аймгийн Мэргэжлийн хяналтын дарга нарт чиглэл хүргүүлсэн. Үүндээ 2019 оны ослыг тодорхой хэмжээгээр дурдаад өөрсдийн аймгийн нутаг дэвсгэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах, осол нэмэгдээд байгаатай холбогдуулаад орон нутгийнхаа онцлогт тааруулж төлөвлөгөө гаргаж ажиллах, сар бүр хийсэн ажлынхаа тайланг ирүүлэх чиг үүргийг өгсөн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг авто замын салбарт зохион байгуулах ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран явуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

– Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол улсын хэмжээнд өмнөх онтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?

- 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 336 бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оныхоосоо 18 хувиар өссөн байгаа. Click To Tweet

Харамсалтай нь амь насаа алдсан ажилтны  тоо мөн нэмэгдсэн. 2018 онд 30 хүн нас барсан бол 2019 онд 52 хүн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж амь насаа алдсан.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт 80 осол гарч 19 хүн нас барсан, ус хангамж, бохир ус зайлуулах системийн салбарт 61 осол гарч 16 хүн нас барж нийт бүртгэглсэн ослын 23,8% уул уурхай, олборлолтын салбарт, 18,1% барилгын салбарт тус тус гарсан байна.

Сүүлийн дөрвөн жилд гарсан ослуудад нөлөөлсөн хүчин зүйлээр нь ангилж үзвэл 42,4% нь хүний хүчин зүйл, 57,6% нь ажлын байрны орчин, техник тоног төхөөрөмж, удирдлагын тогтолцооны хүчин зүйлээс шалтгаалсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ