• Сонгууль-2020: Баянзүрх дүүрэгт АН-аас Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хүмүүс “үзэлцэнэ”

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Нийслэлийн Баянзүрх  дүүргийг хүн ам олонтой учир хоёр тойрог болгосон ба сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай юм.

    Өмнөх 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс 6 гишүүн тодорсон. МАН-аас нэр дэвшсэн Ж.Энхбаяр, Б.Батзориг, Д.Оюунхорол, Б.Саранчимэг нар АН-аас Ж.Батзандан, бие даагч С.Жавхлан нар сонгогдсон билээ.

    Тус дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдын албыг давхар хашиж байхдаа ЖДҮХС-гаас өөрөө болон бусад гишүүддээ гуравхан хувийн хүүтэй зээлийг авч, тараасан учраас сайдаасаа огцорсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт бүр УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байна. Түүнийг шүүх хурал болж байгаа. Тиймээс дахин нэр дэвшихгүй.

    Ж.Энхбаяр, Б.Саранчимэг нар ч ЖДҮХС-гаас зээл авсан. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэхгүй гэснийг тооцож үзвэл уг нь нэр дэвших боломжгүй. Ж.Энхбаяр уг хэрэг нь илэрмэгц зээлээ төлж байгаагаа мэдэгдэж уучлалт гуйсан. Түүнд сайд болох боломж байсан ч ЖДҮ-чин учраас болоогүй. Энэ удаа сонгуульд нэр дэвшилгүй, нам нь ялбал Засгийн газарт сайд болох болов уу гэсэн таамаглал бий.

    Б.Саранчимэгийн хувьд дүүдээ зээл авч өгсөн гэдэг. Тэр үеэр дүү Б.Наранхүү нь “Эрдэнэ шиг дүү”-гийнхээ өрийг төлж, нэмж хоёр тэрбум төгрөг өгнө хэмээж байлаа. Энэ сонгуульд Б.Саранчимэг эмэгтэйчүүдийн квотоор дахин нэр дэвших нь тодорхой аж.

     УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд ч  эмэгтэйчүүдийн квотоор дахин нэр дэвших нь тодорхой болжээ. Түүний хувьд ЖДҮ аваагүй учраас нэр дэвшихэд нь ямар нэг саад гарахгүй. Мөн тус дүүрэгт Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нэр дэвшиж магадгүй гэнэ.

    ХӨСҮТ-ийн захирлын албаа сонгуульд нэр дэвшинэ хэмээн хуулийн хугацаанд багтаан өгсөн гавьяат эмч Ж.Чинбүрэн, дэд сайд Б.Ганбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшин, “Эрдэнэс Монгол” компаний дэд захирал асан О.Одбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, ТОСК-ийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Бат-Амгалан нар нэр дэвшинэ гэж яваа.

    Гэхдээ сүүлийн үеийн мэдээгээр Б.Баярсайхан төрсөн нутаг Завхандаа нэр дэвшихээр болсон гэнэ. Харин Баянзүрх дүүргийн МАН-ын даргын хувьд дүүргийн Засаг дарга болохоор хоёр ч дайраад чадаагүй билээ.

    АН хэдий Баянзүрх дүүрэгт хоёр бүрэн эрхийн хүрээнд засаглаж байгаа ч тус дүүргийн ажил үйлс нэг л бүтэмж муутай, ажил төрөл нь уначихсан байгаа нь илт харагдсаар .   Энэ нь дүүргийн ИТХ дахь АН, МАН-ын талцал, тэр байтугай дүүргийн АН доторх талцалтай холбоотой.

    Энэ удаагийн сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвших хүсэлтнүүд үнэхээр сонирхол татам нөхдүүд байна. АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгчийн хүмүүс л бужигнаж байна. Дээгүүрээ таарамж муутай байгаа хоёрын хүмүүс хэрхэн зохицож сурталчилгаагаа хийх нь ч сонирхолтой.

    “Х.Баттулга Ерөнхийлөгчийн зөвлөх, тус дүүргийн Засаг дарга асан Б.Пүрэвдаваа,  Ерөнхийлөгчийн  Тамгын газрын  дарга асан З.Энхболд, “Бридж” группээрээ овоглодог УИХ-ын гишүүн, сайд асан Д.Ганхуяг, З.Энхболдын хамаарал бүхий компани “Хишиг арвин”-ы  М.Тулгат нар нэр дэвших хүсэлтэй байгаа.

    Харин нөгөө талаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, түүний үед дандаа албан тушаал авч МҮРТ-ийн дарга, ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, ШШГЕГ-ын даргын албыг тус тус хашиж явсан генерал Б.Билэгт, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, ШШГЕГ-ын дэд дарга асан генерал Ц.Энх-Амар нар нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд намдаа 100 саяа ч тушаачихсан.

    Тэгэхээр тэдний дунд намаасаа нэр дэвших эрх авахын төлөө ширүүхэн зодоон болох нь тодорхой. Мөн нэр дэвшсэн хойноо нэг нь нөгөөгөө татаж унагахын төлөө явах уу, эсвэл багаараа сонгогдохоор явах уу гэдэг ч сонирхол татаж байна.

    Энэ удаагийн сонгуульд өмнө нь АН-аас нэр дэвшин гишүүн болсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ эвслээсээ, Үнэн ба Зөв намын үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу болон бусад нөхдийн хамт нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

    Бусад нам, эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчид олон л байх болов уу. Өмнөх сонгуулиар хамгийн олон нэр дэвшигчид өрсөлдөж байсан. Бие даан нэр дэвших хүслтнүүд ч цөөнгүй байгаа сурагтай

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Би Баянзүрхийн иргэн биш л дээ. Тэнэг л биш бол баянзүрхчүүд эднийг гаргахгүй л байх. Оюунхорол гуай одоо болноо. Ганхуяг гуай ч болно. Ээбээгийн хүү өөр ажил хий, хэдэн айлыг хоолтой байлга, бусад нь ч кэцүү дээ

    • Энэ дотор нэрлээд сонгочихоор нэг ширхэг ч суганы үс алга одоо дээд боловсролтой сэхээтнүүд намдаа хандив өргөөгүй санхүүгийн боломжгүй залуучууд их байна эдгээр залуучууд бие даагаад гараад ирвэл мөрийн хөтөлбөрийн харж байгаад сонгоно МАНАН л биш эх орноо ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй чөтгөр шулам байсан ч яахав Элбэгдоржийн суганы үснүүд лав биш шүү

    • Эдгээр хүмүүсээс энийг нь гээд дэмжих нэг ч хүн алга. Яана даа. Танилцуулга нь хулгайч хулгайчийн хүүхэд дүү ах эгч нэр байхын

    • Та бүгдэд бүгдээрэнд нь бүдрэх болтугай гэж өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе өөр хэлэх бэлгэ дэмбрэлтэй үг даан ч алга даа  

    Холбоотой мэдээ