Г.Ганбат:Айл өрхүүдийн хашаандаа тарих хамгийн тохиромжтой мод бол агч мод

2021-03-21

Дархан-Уул аймгийн гэр хорооллын 80 орчим айл өрх нэгдэн гурван гудамжаа бүхэлд нь ногооруулжээ. Айл өрх бүр моджуулахын ач холбогдлыг ойлгосон учраас мод тарих ажилдаа өөрсдийн бололцоогоор хандив өргөхийн сацуу өөрсдөө модоо тарьж,тасралтгүй арчилж, өдгөө мод нь хашааг нь даван сүндэрлэх болсон байна.

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо жил бүрийн тавдугаар сард болдог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя” уриалгыг дэвшүүлж, мод тарьж, ургуулахтай холбоотой арга техник болоод гэр хорооллын гудмыг моджуулж, цэцэрлэгжүүлэх ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж буй туршлагаас танилцууллаа. Уулзалтын үеэр  “Шинэ гудамж” төслийг санаачлагч ”Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбаттай ярилцлаа.

-“Шинэ гудамж” төслийг талаарх товч танилцуулгаар яриагаа эхлүүлье?

-“Энхийн их наадам”,”Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ хамтраад 2013 оноос хойш гэр хорооллын асуудлыг шийдэхэд төр засгийн бодлого,мөнгө төсвөөс гадна иргэдийн оролцоо түүнээс чухал гэсэн үндэслэлээр “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Дархан-Уул аймгийн аймгийн Дархан сумын 15 дугаар багийн гурван гудамж бүхэлдээ ногоорсон.

Эхний гудамжны хувьд 300 метр хүрэхгүй урттай байсан ч гурван жил зарцуулсан. Анх таван метр хүрэхгүй байсан бол хоёр айл нийтийн эзэмшилд газраа буцаан өгснөөр 12 метр өргөнтэй гудамж болсон. Төсөл маань “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн дэмжлэг,Солонгосын “Ротари” клубын дэмжлэгээс гадна хамгийн гол нь оршин суугч айл бүр 150-200 мянган төгрөгийг хандивласнаар хэрэгждэг. Заавал мөнгө ч биш цемент,мод гээд хэрэгцээтэй байгаа юуг ч  хандивлах боломжтой. Зарим  айл өрх хөдөлмөрөөрөө бусадтайгаа хорших нь ч бий.

Дараа нь 430 метрийн урттай хоёр дахь гудамжаа,2018 онд 850 орчим метр гурав дахь гудамжиндаа тохижуулалтын ажил  эхлүүлсэн нь одоогоор 85-90 хувийн гүйцэтгэлтэй  байна.

Найман жилийн хугацаанд нийт 1,000 орчим мод тарьснаас ургалт 90-95 хувьтай байна.

-Жил бүр дулаан орохоор мод тариад байдаг боловч ургасан,үр дүнгээ өгсөн нь ховор. Танай төслийн хувьд тарьсан модоо ургуулах,арчлах асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Бүгд л мод тарих ёстой гэдгийг мэддэг боловч мод тарихын ач холбогдлыг  гол нь ойлгох хэрэгтэй.

Тоосгүй,шороогүй,цэвэр цэмцгэр орчинд амьдаръя гэсэн чин хүсэл,цаашлаад түүн дээрээ суурилсан оролцоо  байж бодитойгоор ногоорно.

Тэр гудманд барьсан хайс хашаа,тарьсан модыг хот тохижуулах газарт биш тухайн айлд нь хүлээлгэж өгдгөөрөө онцлог.

Тухайн айл нь мөнгөө гаргаж, хайс хашаагаа барьж, модоо тариад зогсохгүй модныхоо усалгаа, арчилгааг хариуцдаг нь сайн ургах нөхцөл болдог.

Аливаа зүйлийн эзэн нь тодорхой байж хөгждөг. Гэр хорооллын иргэдийн хувьд сайхан амьдрах хүсэлтэй байдаг хэрнээ орчиндоо санаа тавих нь олон биш. Бид   гадагшаа очиж амьдрах биш, өөрийн өмчлөлийн газар дээрээ хамтраад  мөрөөдлийн орчныг өөрсдөө бүтээж болно.

Мод тарих нь ажлыг нэг л хэсэг. Харин ургаж байж,ногоон масс нь гарч ирж байж баяр баясгаланг түгээнэ, дуу чимээ, тоосжилт багасна. Ургуулъя гэсэн чин сэтгэл байж мод ургана.

-Гэр хорооллын айлууд маань мод таримаар байгаа боловч ямар мод тарихаа сайн мэддэггүй шүү дээ. Та  нарын туршлагаар  гэр хорооллын нөхцөлд ямар мод илүү тохиромжтой байна вэ?

-Чацаргана, үхрийн нүд, жимсний бут, хайлаас, агч мод гээд төрөл бүрийн мод тарьж үзсэн.

Ер нь хамгийн амьдрах чадвар сайтай, цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой гэдэг талаас нь авч үзвэл агч мод хамгийн үр дүнтэй гэж үзсэн.

Тиймээс ч агч модыг тууштай тарьж байна. Цагаан хөвөн ч гардаггүй давуу талтай.

-Гудамжаа ногооруулахад оруулсан иргэдийн оролцооноос жишээ дурдвал?

-Үнэхээр иргэдэд ойлгуулж л  чадах аваас юу ч боломжтой гэдгийг энэ төслөөс харж болно.Нэгдүгээр гудамжны ахлагч Төмөрбат ах хайсны бүх модыг өөрийнхөө гараар нэг бүрчлэн тайрч, харуулдаж өгдөг. Гудамжинд тарьж байгаа модоо Ухнаа гуайгаас эхлээд маш хямдаар худалдаж авдаг  байсан бол гурав дахь гудамжиндаа тарихад бүгдийг нь бидэнд үнэгүй хандивласан. Түүнээс гадна үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог Балжинням, Азаа, Базараа зэрэг иргэдийг онцлон нэрлэмээр байна.

Мөн Солонгосын Сөүлийн, Инчеоны, Чоннамын гээд төрийн өмчит их, дээд сургуулийн оюутнууд зун болгон бүх зардлаа өөрсдөө дааж ирээд,мод тарих бүтээн байгуулалтад хандив өгч оролцдог. Аливаа ажлыг  бүгд гар нийлээд хийвэл зорилгодоо хүрч болдгийн бодит жишээ бол “Шинэ гудамж” төсөл.

-Мод тарих тааламжтай үе ирж байгаатай холбогдуулан хүмүүст юу хэлмээр байна вэ? 

-Улаанбаатар хотын гудамжинд тарьж байгаа модыг 380 мянгаар авч ирж тарьж байсан бол модны шинэ үнэлгээгээр энэ нь нэг сая гаруй төгрөг болсон байна. Тэгвэл нарсны үрсэлгээг 30-80 мянган төгрөгөөр аваад тарьчихвал хүүхдүүд ажил хөдөлмөрт сурахаас гадна  ургаж байгааг нь хараад урам зориг нэмнэ. 6-10 жилийн дараа дор хаяж сая төгрөгийн үнэлгээтэй мод болно. Заавал үнэтэй мод гэлтгүй дээр дурдсан агч модыг таривал 3-5 жилийн дараа л танаас ч өндөр болно.

Коронавирусын хорио цээрийн үе бол гэр бүлээрээ хашаагаа тордоход яг тохирсон үе болов уу.

Удахгүй тавдугаар сарын 15 гээд мод тарих тааламжтай цаг ирнэ. Хашаагаа моджуулж цаанадаж Швейцариас,наанадаж Зайсангаас ч гоё төгөл, цэцэрлэгт хүрээлэнг бий болгоорой гэж уриалмаар байна.

-Төслөө хэрэгжүүлэхдээ өөр  баг,сумаас жишээ авсан уу?

-Хөвсгөл аймаг болон Зүүнхараа сумаас жишээ авсан. Танай гудамжийг нэг өглөө босоход л төрөөс бүх зүйлийг нь янзлаад,шинэчлээд өгчих боломжгүй. Зүүнхараагийн Засаг дарга асан Б.Цээпилдорж оршин суугчиддаа  тухайн гудмыг явган хүний зам, гэрэлтүүлэгтэй болоход гудамжны хашаа бүрийг нэг эгнээнд оруулах нэг л шаардлагыг тавьсан байдаг. Энэ бол айл өрхүүдийг нэг зохион байгуулалтад оруулахыг төр өөрөө зохион байгуулж болдгийн жишээ.

Хийнэ гэвэл арга нь олдоно.Хийхгүй гэвэл шалтаг мундахгүй.

Ямар ч инженерийн дэд бүтэцгүй, битүү шороондоо хутгалдсан орчинд бидний ирээдүй амьдарч байна. Бид үүндээ дасчихсан.Гэхдээ  энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Хамгийн эхлээд бид байгаа байдалтайгаа эвлэрэх биш хүлээн зөвшөөрөхгүй, өөрчлөх ёстой гэсэн бодолтой болох ёстой. Төр засаг эсвэл хэн нэгэн хүнээс биш ердөө өөрийнхөө чадахаасаа буюу хашаа, гудамжнаасаа эхлэх хэрэгтэй.

2020.04.21

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ