УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин 96 сая төгрөг байхад 360-774 сая төгрөг сонгуульд зарцуулах нь авлигын эх үндэс болно

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

АТГ-ын  дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “УИХ-ын 2020 оны сонгуулиар шударга хүмүүсийг сонгоё гэдэг шаардлагыг олон нийт тавьж байна. Гэтэл Үндэсний аудитын газраас сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч хэдий хэмжээний зардал гаргах талаар тушаал гаргасан. Нэг нэр дэвшигч 360-774 сая төгрөг зарцуулахаар байгаа.

Энэ их мөнгийг зарцуулсан хүн сонгогчдын төлөө ажиллах уу, өрөө төлөх үү гээд зүтгэх үү гэдэг асуудал болоод байна. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд 96 сая төгрөгийн цалин авна. 96 сая төгрөгийн цалин авах хүн 774 сая төгрөг зарцуулж байж УИХ-д сонгогдох нь авлигын эх үүсвэр болно гэж бид харж байгаа. Ард иргэд ч асуудал тавьж байна.

“Бид сонголтоо шударгаар хиймээр байна. Гэтэл улс төрийн намууд сонголт хийх боломжгүй эрүүгийн хэрэгт холбогдож байсан, тендер, ЖДҮХС-гаас хулгай хийдэг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг санал болгоод байна. Сонголтгүй сонголт тулгаад сонгууль хийх гээд байна.

Шударга сонголт санал болгооч ээ гэж асуудал тавьж байгаа учраас Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд шаардлага хүргүүлж байна. СЕХ ил тодоор шударга зарчмыг баримталж сонгуулийг зохион байгуулах ёстой. Энэ хуулийнхаа хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байсан хүмүүсийн нэрийг зарлаач ээ, битгий дэвшүүлээч ээ гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Ийм шаардлагыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлнэ.

АТГ-т мөн зөвлөмж хүргүүлж байна, нэрийг нь зарлах ёстой. АТГ шударга ёсыг хууль тогтоох дээд байгууллагаас эхлүүлэх ёстой. Улс төрийн намуудад мөн зөвлөмж хүргүүлж байгаа. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг битгий нэр дэвшүүлээч ээ, сонгогчиддоо хүндэтгэлтэй хандаач ээ гэдэг санал тавьж байна. Улсын Дээд шүүхэд өнөөдөр 36 нам бүртгэлтэй байна.

УИХ-аас шударга ёсыг нэхье, авлигад өртөхөөргүй байх, улс орны төлөө хууль боловсруулах хүмүүсийг гаргая.

УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн нь ард түмний элч төлөөлөгч, нийт улсын эрх ашгийг илэрхийлнэ, хууль дээдэлнэ, чин шударга байна гээд тангараг өргөдөг. Нидэр дээрээ халдашгүй байдал гэж хэлээд өөрсдийгөө хамгаалдаг. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй, хуулийг өөртөө болон гадаадын хүмүүст ашигтай байдлаар баталж байгаа. Ёс зүйгүй байдал хэрээс хэтэрсэн. Иймээс 2020 оны сонгуулийг шударгаар хийе гэдэг шаардлага тавьж байна” гэв.

Харин АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Үндэсний аудитын газарт зөвлөмж хүргүүлсэн. Сонгуульд зарцуулах нэр дэвшигчийн зардлын хэмжээг үндэслэлгүйгээр өндөр хэмжээнд тогтоосон байна. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин нь 96 сая төгрөг байхад 360-774 сая төгрөг зарцуулах нь авлигын эх үндэс болно. Нэг тойрогт таван хүн нэр дэвшихэд 190 тэрбум төгрөг зарцуулна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөнгөгүй сонгууль зохион байгуулна гэсэн байтал сонгуулийг өндөр зардалтай хийхээр зардлыг зарласан нь эргэлзээ төрүүлж байна. Дараагийн ЖДҮ, концесс, 60 тэрбумын схем энд эргэлдэх болоод байна. Сонгуулийн зардлыг бууруулаач ээ гэдэг шаардлага хүргүүлсэн. Хариу өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Долоо хоногийн хугацаанд хариу өгөхийг хүсч байгаа” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ