Тавантолгойн уурхайг хятадуудад зараагүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож байгаа. Хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авах юм. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрдэнэс-Тавантолгой компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.АмарбаярӨнөөдрийн байдлаар хувьцааны дансаа нээлгэсэн нэг сая 850 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн дөнгөж 300 мянга нь хувьцааны дансаа банкны данстай холбосон байгаа юм. Үлдсэн хүмүүс нь банкны дансаа мэдүүлээгүй. Тиймээс үлдсэн хүмүүс хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай байна. Мөн хувьцааны дансаа нээлгэсэн иргэд банкны дансаа шалгаж баталгаажуулах хэрэгтэй байна. Хувьцааны ногдол ашгийг цахим баримтаар дамжуулан хувьцааны ногдол ашиг олгох хүсэлтийг Сангийн яам руу явуулсан.

НӨАТ-ын баримт бүртгүүлдэг дансаар ногдол ашгаа авч болно гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Тиймээс хувьцааны дансаа нээлгэсэн банкны дансаа холбуулаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг НӨАТ-ын баримт бүртгүүлдэг дансаар нь дамжуулж олгох ажлыг судалж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтэй холбоотойгоор иргэдийн зүгээс “Намайг мэдээгүй байхад миний хувьцаа хасагдсан байна”, “Нэг удаа сургалтын төлбөрөө хийсэн байхад 600 ширхэг хувьцаа хасагдсан байна” гэх зүйлийг их асуудаг. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд хороо дүүрэгт гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг хуулбарлан цуглуулж байна. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн туслан гүйцэтгэгч нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК.  Тус компани дээр үйлдвэрчний эвлэл байгуулагдсан. Тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон арван ажилтнаа “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК ажлаас нь халсан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК компанийн техник дээр ажилладаг нэр бүхий есөн ажилчныг техник дээр ажиллахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнээс болоод эсэргүүцлийн арга хэмжээнд хүрсэн. Уурхайчид өглөө ажилд гарах, орой буухдаа засмал замаас уурхай хүртэлх хугацаанд алхалт хийж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэхдээ энэ нь уурхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөгүй.

Салбарын сайд энэ асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн. Дээрх хоёр компанид үйл ажиллагаагаа хэвийн явуулах албан бичиг, шаардлага хүргүүлсэн. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК  48 цагийн сул зогсолт хийсэн байснаа зогсоогоод,  уурхай дээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс уурхайгаас ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргасан.

2020 он гарсаар нийтдээ 2.3 сая тонн нүүрс олборлож 2.1 сая тонн нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Ачилт экспортын хэмжээ өмнөх долоо хоногоос нэмэгдсэн. Уурхай дээр болсон үл ойлголцол цэвэр хөдөлмөрийн маргаанаас үүдсэн асуудал.

Засгийн газарт үйлдвэрчний эвлэл тодорхой шаардлага тавьж, гурван талт хэлэлцээр байдлаар шахалт нөлөөлөл үзүүлдэг шиг үүнтэй адил явдал “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр болж байна. Сүүлдээ улстөрчид, иргэний хөдөлгөөний байгууллага ажиллагсдын шаардлагыг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдох явдал гарч байна. Уурхай бол улс төрийн байгууллага биш ээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг мөн Тавантолгойн уурхайг хятадуудад зарчихлаа гэсэн буруу ташаа мэдээлэл тарж байна гэдгийг онцолъё” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ