• Д.Тогтохсүрэн: Тавдугаар сард идэвхтэй хуралдаж, цаг үеийн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.04.20/ хуралдаж,  гурван асуудлыг хэлэлцлээ.

    Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулиудын талаар хэлэлцлээ. Дараа нь коронавирус буюу /COVID-19/ халдвартай холбоотой бие даасан, тусгайлсан хуулийн төслийг хүрээнд асуудал хэлэлцсэн. Мөн ноолуурын үнийн асуудал, үр тариа, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг дэмжиж ажиллах зэрэг цаг үеийн асуудлаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. УИХ-ын хаврын чуулган  эхлээд хоёр долоо хонож байна. Энэ жил УИХ-ын сонгууль болно. Иймээс УИХ энэ тавдугаар сард нэлээн идэвхтэй хуралдах шаардлага үүсч байгаа.

    Бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан. Дараагийн шинэ парламентын үйл ажиллагаа эхлэхэд дагаж мөрдөх хуулиуд бэлэн болсон байх  шаардлагатай. Нийт 40 гаруй хуулийн төсөл байгаа. Үүнээс 10-аад хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай.

    Тухайлбал, УИХ-ын тухай хууль,   УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Аудитын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай зэрэг хуулийн төслийг  хэлэлцэх шаардлагатай байна. Уг хуулиудыг тавдугаар сардаа багтаж хэлэлцэж дуусахаар, бүлгийн гишүүн санал нэгдлээ.” гэв.

    Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Коронавируст цар тахлын үед хэрэгжих нэг удаагийн хуулийн төслийн талаар мэдээллээ. Ж.Энхбаяр ”УИХ-аас өгсөн үүргийн дагуу коронавируст халдварын талаар цар тахлаас сэргийлэх тухай нэг удаагийн хууль гарч байгаа.

    Энэ хууль нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу хорио цээрийн зөвлөмж цуцлагдсан тэр өдрийг дуустал хүчинтэй байх юм. Өнгөрсөн хугацааны цар тахалтай тэмцэх туршлагыг нэгтэн дүгнээд, эрхзүйн шинэ дэглэм орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд иргэдийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах  зэрэг зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэх эрхзүйн харилцааг зохицуулсан.

    Гол зорилго нь Засгийн газарт санхүүгийн болон үйл ажиллагааны  зохицуулалт хийх онцгой эрх үүсч, нөгөө талаас холбогдох байгууллагуудын хүлээх үүрэг, эдлэх эрхийг зохицуулсан заалт орсон. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд маш их ачаалалтай ажиллаж байна. Тиймээс илүү цагийн цалин хөлсийг хуульчлан, орон сууцны онцгой нөхцөл бүхий зээлд хамрагдана.

    Хоёр хөршид халдварт өвчний тоо нэмэгдэж, нас баралт нэмэгдэж байгаа тохиолдолд иргэд үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ тогтоож, Эрүүгийн хуулиар баривчлах хүртэл арга хэмжээ авах зэрэг заалтуудыг хуульд тусгасан. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ”  гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ