•  Мөнгөтэй нь хүчтэй гэх С.Эрдэнийн зарчим эвийн таван сумыг хугалж орхилоо

    2020-04-20

    АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар таван гишүүн эв нэгдлийг бэлгэдэн Алунгоо эхийн домогт өгүүлэх таван сумыг бие биедээ бэлэглэж, намаа эвийн хүчээр нэгтгэн хүчирхэгжүүлэхээ мэдэгдсэн нь өчигдөр мэт тодхон.

    Тэр нэг өдрийн тренд сэдэв АН-ын эвийн таван сум байв. Удалгүй өнөөх сум агссан дарга нар хоорондоо толхилцож, нэгнийгээ намаасаа хөөхдөө тулсныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа нь лавтай. АН-ын эвийн сумыг атгагч С.Эрдэнэ одоогийн байдлаар намынхаа номер нэг “дайсан” болчихоод байна. Сүүлийн хэдэн өдөр АН-ын гишүүд ээлж, дараалан хэвлэл мэдээлэл болон нийгмийн цахим сүлжээнд АН-ын сонгуульд нэр дэвших барьцаа болох 100 сая төгрөгийг эсэргүүцэн мэдээлэл хийж эхэллээ.

    УИХ-ын ээлжит сонгууль хажууханд ирсэн ийм хариуцлагатай үед АН-ын дарга С.Эрдэнэ намын нөхдөөсөө 100 саяар ч зогсохгүй мөнгө нэхэж дургүй, зэвүүг нь зэрэг хүргэв бололтой.  Энэ үйлдлээ тэр өчүүхэн төдий ч тоосон шинжгүй “Мөнгө босгож чадахгүй бол улстөрд ороод яах юм” гэдэг бардам ч юм шиг, басамжилсан ч юм шиг тайлбарыг хэвлэлээр “шидэв”.

    Түүнийхээр бол улс төрд мэдлэг боловсрол, ёс суртахуун, ард иргэдийн эрх ашиг бус мөнгө босгох чадвар л эн тэргүүнд тавигдах ажээ. Энэ бол яалт ч үгүй С.Эрдэнийн их улстөрд хөл орсон цагаасаа хойш баримталж байгаа нэг зарчмуудын нэг гээд хэлбэл худлаа ярьсан болохгүй.

    Учир нь Засаг дарга, салбарын сайдаар ажиллаж байхдаа төсвийн мөнгийг “идсэн” гэх яриа түүнийг сүүдэр мэт дагадаг. Яг л нөгөө “Дуусдаггүй яриа” гэдэг шиг одоо 100 саяын асуудлаар үргэлжилж байна.

    АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс С.Эрдэнийг сонгуулиас өмнө АН-ын даргаас огцруулах, Их хурлын гишүүнээс нь түтгэлзүүлэхээр Үндсэн хуулийн Цэцэд өнгөрсөн долоо хоногт хандсан. Товчхондоо бол С.Эрдэнэ дарга Үндсэн хуулийн 3.2 дугаар заалт болох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно”, мөн хуулийн 14 дүгээр зүйл “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн суурь зарчмуудыг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.

    АН дотоод ардчилалгүй болоод удаж байгаагийн илрэл энэ гэлтэй. Сонгуулийн дэнчин 100 саяас дүгнэхэд АН-д мөнгөтэй, нэр хүндтэй хүмүүс хойморт, эгэл жирийн мянга, мянган дэмжигчид үүдэнд суух хэмжээнд хүрчээ.  АН-ын даргын сунгаанд багцалсан таван сумыг гартаа атгах эрхийг авсан С.Эрдэнэ дарга ийнхүү намынхаа дотоод зөрчлийн төв цэг боллоо.

    Түүний мөнгөтэй нь хүчтэй гэх зарчим өнөөх алдарт эвийн сумыг хугалж орхилоо. Эв нэгдэлгүй, дотроосоо толхилцож эхэлсэн нам улс төрийн сонгуульд хэрхэн оролцох, түүнд нь сонгогчид итгэх эсэх нь эргэлзээтэй боллоо.

     

    С.Өрлөг

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ