• Сонгууль-2020: Төв аймагт М.Энхболдыг дэвшихгүй сургаар АН-ынхан бужигнаж байна

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Төв аймаг 90 гаруй мянган хүн амтайгаас 60 мянга гаруй нь энэ сонгуульд саналаа өгнө.

    Тус аймагт 2016 оны сонгуулиар МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат нар нэр дэвшин сонгогдсон. Харин энэ жил тэд гурвуул дахих хүсэлтэй байгаа ч нөхцөл байдал хэнд нь ч халтай байж мэдэхээр байгаа юм.

    Энэ дөрвөн жилийн хугацаанд М.Энхболд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдаж, 60 тэрбумын толгойлогч хэмээгдэн улмаар МАНАН-гийн толгойлогч хэмээгдэн УИХ-ын даргын суудлаас унагагдсан. МАН-ынхан түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээж байгаа ч цаг нь тулахаар хэрхэхийг хэлэхэд хэцүү. Аймагтаа дархлагдсан М.Энхболдыг дэвшүүлэхгүй бол өрсөлдөгчид нь бөөн баяр хөөр болж байгаа нь тодорхой . Мөн 60 тэрбумын хэргээр заримд нь ял өгчихөөд толгойлогчийг нь нэр дэвшүүлэхээр МАН-д тун хэцүү байх нь мэдээж билээ.

    БХЯ-ны сайд Н.Энхболд Төв аймгаасаа олонтаа сонгогдож ирсэн ч энэ удаад бас л хэцүү. Түүнийг хийсэн, бүтээсэн гавьтай зүйлгүй ч муу муухайд нэр нь огт гарч ирдэггүй хэмээх нь бий. Мөн түүнийг ихийг хийж гийгүүлдэггүй мөртлөө сонгогдоод сайд, дарга болоод явчихдагийг нь шүүмжлэх хүн олон. Бас МАН-аас битгий хэл улстөрөөс явах ёстой гэж үзэж буй өвгөдийн нэгээр түүнийг тодруулагсад цөөнгүй.

    А.Сүхбат ч ЖДҮ авсан. Гэхдээ бөхдөө хайртай олны итгэлийг дахин авчих боломжтой гэлцэж буй.

    АН-аас тун ч олон сонгуульд нэр дэвшсээр ирсэн Д.Доржпүрэв ч эдүгээ нуруугаа авахуулсан морь шиг болсон. Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайдын алба хашиж явсан Д.Доржпүрэв энэ жил тус намаас нэр дэвших эрх авч чадахгүй байх. Харин өөр намаас нэр дэвших боломж бол түүнд байгаа.

    Харин энэ удаагийн сонгуулиар АН-ынхан Төв аймагт чихэлдэх шиг болж байна.

    Тус намаас Ерөнхий нарийн бичгийн дарга асан тус намын дэд дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүжин, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, АН-ын Гадаад харилцаа, сургалт, хөгжлийн газрын дарга, Төв аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн эмч мэргэжилтэй Д.Эрдэнэсувд, Д.Бямбасүрэнгийн охин Б.Энхбайгаль, жагсаал цуглаан хийгээд Ц.Нямдорж огцор гээд явсан Т.Энхсайхан нараас сонголт хийх аж.

    Эдэн дундаас Б.Энхбайгаль аавынхаа төрсөн нутаг Хэнтийд нэр дэвших санаатай байгаа бол Т.Энхсайхан хэмээх эмэгтэйн булхай лйувар нь шалгагдаад хэцүүхэн байгаа гэлцэнэ.

    Ц.Тувааныг хэдхэн хоногийн өмнө хөдөө орон нутагт нэр дэвших гэж байгаа хэмээн генсекээс нь өөрчилж АН-ын дэд дарга болгосон . Тэгэхээр Ц.Туваан Төв аймагт нэр дэвших нь тодорхой аж. Х.Тэмүжин ч АН-ын нэрийн өмнөөс байнга идэвхтэй ажиллаж байгаа нь түүнийг ч нэр дэвших боломжтойг харуулсаар байгаа.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ