О.Мөнхтуяа:Америкийн Засгийн газар зээл,байрны мөнгө,даатгал,тог усныхаа мөнгийг хойшлуул,бараг битгий төл гэж хэлж байгаа

2020-04-19

АНУ-ын Сан Франциско хотоос  холгүй байрлах Pleasand Hill хотод гэр бүлийн хамт ажиллаж,амьдарч буй  О.Мөнхтуяатай цахимаар холбогдон ярилаа.  Америкчууд анхандаа макс зүүсэн Азиудыг ялгаварлан гадуурхах хандлага гарагж байсан талаар мөн АНУ-ын Засгийн газраас иргэддээ энэ цаг үед хэрхэн санхүүгийн дэмжлэг үзүүлж буй талаар тэрбээр ярьсан юм.

-Нью-Йорк,Нью Жерси гээд хэд хэдэн хотуудад нөхцөл байдал нэлээд хүндхэн харагдаж байна. Таны амьдарч буй газрын хувьд нөхцөл байдал хэр байна вэ?

-Америкт коронавирусын өвчний тархалт харилцан  адилгүй байна. Нью-Йоркийн хувьд аялал жуулчал  их хөгжсөнөөс гадна бизнес,хувийн аялалд олон явдаг,шуудхан хэлэхэд баян хүмүүс амьдардаг гэж хэлж болох юм. Тэр хүмүүс өвчин эрчимтай эхэлж байсан нэг, хоёрдугаар саруудад Европ, Хятад руу  аялж ирээд өвчнийг тараасан гэж ерөнхийдөө үзэж байна. Мэдээж тараая гэж тараагаагүй. Тухайн хүний дархлаанаас шалтгаалаад өөрөө өвчлөхгүй мөртлөө шинж тэмдэггүй хэлбэрээр хүмүүст тараасан учраас энэ хотуудад өвчлөл маш өндөр байна.

Муж бүр өөр  хууль дүрэмтэй учраас карантин ч цаг хугацааны хувьд адилгүй тогтоогдсон.

Оршин суугчдын хувьд эхлээд дүүрэгтээ, дараа нь муждаа захирагдана. Хэрвээ мужийн дүрэм дүүргийн дүрэмтэй зөрчилдвөл бид дүүргийнхээ хууль дүрмийг дагах жишээний. Ийм шаталсан системтэй байдаг учраас тахлын эсрэг арга хэмжээ авах,карантин тогтооход ч гэсэн маш их цаг хугацаа орсон.

-Хөл хориог эсэргүүцсэн жагсаал,цуглаан гарч байгаа юу?

-Америкт одоо амьдарч байгаа хүмүүсийн хувьд 1920-иод оны үед гарч байсан Испанийн тахалд л  нэрвэгдэж байсан юм байна лээ. Түүнээс  хойш ийм том хэмжээний хөл хорионд орж байгаагүй учраас янз бүрийн санаа бодолтой хүмүүс хөл хориог эсэргүүцэх явдал гарч байна.

Хөл хорионд орчихсоноо эрх чөлөөгүй болчихлоо,бид бол эрх чөлөөтэй улсын иргэд гэдэг утгааараа бослого гарч байна.

Монголчуудын хувьд үүнийг ойлгоход их хэцүү. Яагаад гэвэл бид тарваган тахал,гэдэсний өвчин, холери гээд тахал ямар байдгийг мэднэ. Нэгэнт тахал болчихсон байхад яагаад ингэж аашлаад,эсэргүүцээд байгаа нь их сонирхолтой санагдаж байна л даа.

-Монгол улсын хувьд анх Хятадад өвчин дэгдлээ гэхэд л   шуурхай арга хэмжээ авч ажилласан. Харин Америкчуудын хувьд тахлын эсрэг арга хэмжээг,ялангуяа маск зүүхийг их хожимдож хэрэгжүүлж эхэлсэн харагдаж байна?

-Америкчууд хожимдож арга хэмжээ авсан нь үнэн. АНУ-д тэр гаднаас аялаад ирсэн,шинж тэмдэггүй хүмүүс ингэж тараачихна гэж хэн ч төсөөлөөгүй. Ханиад бол ханиагаад ханиадтай гэдэг нь мэдэгддэг бол энэ тохиолдолд тэр хүн халдвар авчихсанаа ч мэдэхгүй бусдад тараасан. Онгоц агаарын солилцоо муу байдаг учраас нэг л халдвартай хүн зорчиход ойр суусан хүмүүстээ халдвар тараах жишээний.

Маск зүүх тал дээр эдний анаагахын шинжлэх ухаанд нь “Хэрвээ чи ямар нэгэн агаар дуслын замаар дамжих өвчинтэй бол чи өөрөө маск зүүх ёстой,эрүүл хүн бол маск зүүх ёсгүй” гэсэн дүрэм байдаг.

Тэр дүрмэн дээрээ өөрчлөлт хийж чадахгүй байсаар байгаад их цаг хугацааг алдсан.

Харин одоо бол өөрөө өвчлөөгүй ч гэсэн бусдад тархааж байх боломжтой юм байна гэдгийг ойлгоод бүх мужууддаа эрүүл хүн ч гэсэн маск заавал зүүх ёстой гэж албан ёсны дүрмэндээ өөрчлөлт оруулж эхэлж байна.

Сан-Франциско орчмын жижиг хот, дүүргүүд дөрөвдүгээр сарын 22-ноос,зарим нь өнөөдрөөс эхлээд маск заавал зүүх ёстой гэсэн дүрэм үйлчилж эхэлж байна.

-Анх маск зүүсэн Азиудыг ялгаварлан гадуурхах асуудал их гарч байсан гэсэн. Танай орчимд тийм зүйл ажиглагдсан уу?

-Яг л нөгөө маск зүүсэн хүн бол өвчтэй гэсэн ойлголт олон нийтийн дунд байсан учраас маск зүүсэн хүмүүст ялгаварласан байдалтайгаар хандах явдал байсан. Ялангуяа Азиудын хувьд хамгийн түрүүнд л маскаа зүүж,сэргийлээд сурчихсан хүмүүс. Тэр утгаараа маск зүүсэн Азиуд руу эвгүй харах,арван жилийн  хүүхдүүд хажуугаар нь өнгөрөхдөө “корона” гээд чанга дуудаад өнгөрөх жишээний.

Ер нь боловсролын төвшнөөс их шалтгаалж байгаа гэж миний хувьд дүгнэж байгаа.

-АНУ-ын Засгийн газраас тахлын үед ард иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлийн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Татвараа тогтмол төлдөг хүмүүст орлогоос нь шалтгаалаад тэтгэмж өгч байгаа. Орлогын хувьд хязгаартай байгаа. Жилийн 100 мянган  ам.доллараас дээш орлоготой бол тэтгэмж өгөхгүй гэх жишээний. Энд байгаа монголчуудын хувьд дундаас доош орлоготойдоо орох учраас албан ёсны оршин суугчдын олонхи  нь тэтгэмж  авч байгаа гэж  ойлгож болно. Албан ёсны биш оршин суугчдад хоол хүнсний тэтгэмж буюу үнэгүй хоол тарааж байгаа. Америкчуудын хувьд тийм хүмүүст чиглэсэн тусламж,үйлчилгээ сайтай. Жишээ нь,би 100 ам.долларын хүнс авлаа гэдэг 20 ам.долларын хоолыг food back гэсэн поошгинд хийчихдэг. Тэр поошигны хоолыг ядуу,орлого багатай хүнд өгдөг хүмүүст уут, уутаар нь тараагддаг. Калифорни мужийн хувьд бичиг баримтгүй,албан ёсны бус боловч ажил хийж амьдардаг  хүмүүст 500-1000 ам.долларын тэтгэмж өгнө гээд амласан байна.

Америкийн Засгийн газраас  иргэн бүртээ дунджаар 1200 ам.долларын тэтгэмж өгөхдөө тэр мөнгийг лизинг,тог,усандаа биш  хоол хүнс зэрэг нэн хэрэгцээтэй юмаа  худалдаж аваарай гэсэн зөвлөмж өгч байна.

Зээл,байрны мөнгө,даатгал,тог усныхаа мөнгийг хойшлуул,бараг битгий төл гэж хэлж байгаа.

Тэр байгууллагууд тахлын цаг үетэй зохицоод бүх юмыг уян хатан байдлаар,торгууль төлөхгүй байхаар дараагийн саруудад шилжүүлнэ гэсэн байна.

-Таны хувьд монголчуудтайгаа холбоотой байгаа юу,визний хугацаа нь дуусч хүндрэл орсон иргэд хэр олон байна вэ?

-Ер нь аяллын виз эсвэл түр визээр ирчихээд мөнгөгүй,орон байргүй болчихсон таньдаг хүмүүсийнхээрээ хоног төөрүүлсэн ахмад настнууд,хүүхдүүд,оюутнууд ч байна. Нутаг руу яарсан хүмүүс олон байгаа учраас Элчин сайдууд тодорхой хэмжээгээр арга хэмжээ авах гэж найдаж байна. Албан ёсны оршин суудаг хүмүүсийн хувьд айх зүйл байхгүй.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Монголд энэ өвчний эсрэг маш түргэн арга хэмжээ авч,хянаж байгаад нь  баяртай байгаа. Манай улс чинь хэдэн хүн амтай билээ,дээрээс нь Улаанбаатар хот олноор  багширсан байдаг учраас гадаадад суудаг монголчуудын хувьд их санаа зовж байсан. Харин ёстой бүх юмны ард гарах шинжтэй байгаад нь маш их баярлаж байгаа. Энэ өвчний эсрэг тэмцэж буй бүх хүмүүстээ амжилт хүсье.

Ярилцсан Г.Сүрэн/gereg.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ymar ch orond amidrah viztei humuus aih zuilgui bsih gereesee baga garaad uursdiigee sain hamgaalaad baij bhad tur yavsan oyutan juuhduud l hetsuu bh shig haa saigui ehleed manai mglchuud gadaadad amidardag humuus uvchin garganguut mgl ruugaa yavii gesen geed buruu oilgood haraagaad heleh helehgui ugeer heleed bsan yg unendee udaan amidarchihsan humuus yu yugui mgl yavahgzi 

    • Tiim xuurxii moscowd bga oyutnuudiig odoo bairnaas ni gargax gd. Shaxaad bga tendbga xuuxduud yu xiixee medxe bolij bna elchinges xariu ugj bga gxde endees ongots bxgui bolxoor xetsuu baidald orj bna. Tureesiin bair bolon zoxhid buudluud ni asia xun gantsiigch xuleej awaxgui gd bga bolxoor orox gazargui bolj taarch bna 

      • Амны хэмжээгээр бурсан хумуус битгий хумуусийн сэтгэл санаагаар тоглох гэж оролд. Дэлхийн аль ч улс оронд нохцол байдал эруул ахуйн талаас ч эдийн засгын талаас ч хунд байгаа. Байгаа орчиндоо дасан зохицож оорсдийн зугээс авч болох арга хэмжээгээ аваад сандрах зуйлгуй энэ ярвигтай жилийг давах хэрэгтэй. Америк диваажин ч биш Орос тамын орон ч биш.

      • Амны хэмжээгээр бурахаа боль . ОХУ-д манай хоёр өөр хотод хоер хуухэд бна байр савнаас хөөсөн зүйл огт байхгүй хүмүүсийн сэтгэл санаа үймүүлсэн зүйл бичихээ боль. АНУ диваажин биш ОХУ там биш. Дэлхийн аль ч улс оронд нөхцөл байдал ярвигтай байгаа. Сандарч айх зүйлгүй энэ хүнд жилийг даван туулах хэрэгтэй.

  • Америкийг дуурайхгуй ээ.Манай эдийн засаг америкийн э/з харьцуулашгуй.Америк диваажин бусдын цус нулимсан дээр бий болсон.Манай Оюу толгойн гэрээнд нөлөөлөх гэж Бейкер хуртэр ирж байсан

Холбоотой мэдээ